УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан болж байна. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна.
Цар тахлын нөхцөл байдлын асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сөрөг хүчний мэдэгдлийг хийлээ. Тэрбээр:
"Ард түмний амь, нас эрүүл мэндийг хамгаалах чадваргүй, улс эх орны нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд бууруулах талаар оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байгаа УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга Д.Сумъяабазар болон энх цагт эр цэргүүдийн амь нас удаа дараа эрсдэх нөхцлийг бүрдүүлсэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, эрүүл мэндийн салбараа нэгдсэн удирдлагаар хангах чадваргүй, цар тахлын шинжилгээний бичгийг засах зэрэг ноцтой үйлдлийг хянах чадваргүй, эмч эмнэлгийн ажилчдад дарамт үүсэж амиа хорлох хэмжээний нөхцөл байдалд хүргэсэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай хариуцлага тооцохыг УИХ дахь олонхын бүлэг Засгийн газраас шаардаж байна" гэлээ.