Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтанбулаг боомтоор хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл импортолно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 49 секунд

ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хурлын үеэр улсын хилийн боомтууд, гүний гаалийн хяналтын бүсэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж буй талаар МХЕГ-аас танилцууллаа.


Өнгөрсөн оны 1 дүгээр сарын 6-наас өнөөдрийг хүртэл улсын хилээр 409 мянган тээврийн хэрэгсэл, 554 мянган зорчигч нэвтэрсэн байна. Өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын 1692 тохиолдол батлагдсан. Эдгээрээс зөөвөрлөгдсөн 410 тохиолдол ХӨСҮТ-өөс эдгэрч гараад байгаа юм.

МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хэлэхдээ “Манай байгууллага байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Өчигдөр улсын хилийн байнгын ажиллагаатай 26 боомтоос 12 нь ажиллаж байсан. “Буянт-Ухаа” боомтод карго ачааны тээврийн хоёр онгоц, мөн дотоодын нислэг болох Ховд-Улаанбаатарын чиглэлийн онгоц буусан. Энд “Буянт-Ухаа” боомтын Мэргэжлийн хяналтын албанаас хяналт тавьсан.

Замын-Үүдийн төмөр замын боомт, авто замын боомт ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Өдөртөө 150-160 ачаа тээврийн машин нэвтэрч байна. Жолооч нарыг ногоон бүсийн журмаар Эрээнээс Замын-Үүд, Замын-Үүдээс дотоодын жолооч нарыг ачаа авч, сэлгэх журмаар зохицуулж байна.

Сүхбаатарын төмөр замын боомтод өдөртөө 22 ачааны вагон эргэлтэд орж байна. Алтанбулаг боомт одоогоор, Засгийн Газрын тогтоолын хүрээнд ажиллахгүй байгаа ч ирэх  сарын 1-нээс эхлэн Засгийн газрын 8 дугаар тогтоолын хүрээнд ажиллана. Энэхүү тогтоолын хүрээнд,  зөвхөн хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл импортоор татан авна. Үүнийг гарагийн системээр буюу 2 дугаар сарын 1-7-ны хооронд импорт, экспорт хийгдэж, долоо хоног өнжөөд, 2 дугаар сарын 15-21-нд үргэлжилж, дахин долоо хоног өнжинө. Энэ мэтчилэн зохицуулагдах бөгөөд мэргэжлийн байгууллагууд хамтарч, түр журмыг боловсруулж байна.

Эрээнцавын боомтын хувьд, газрын тосны бүтээгдэхүүн татан авах зорилгоор Засгийн газрын 195 дугаар тогтоолын хүрээнд ажиллаж байна. Мөн дээр дурдсан гарагийн системээр үйлчилж байгаа. Өчигдрийн байдлаар Эрээнцавын боомтоор 2 компани нийт 477,2 тонн шатахуун импортолсон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас машинистуудын эрүүл мэнд, аюулгүй байдал, ачаа тээврийн вагоны халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэлд  хяналт тавьсан.

Бичигт, Шивээхүрэн, Ханги, Булган, Гашуунсухайт гэх зэрэг нийт 8 боомтоор өчигдөр ашигт малтмал импортолсон. Өнгөрсөн долоо хоногт 955 жолооч гадагшаа нүүрсний тээвэрлэлт хийсэн бол  төмрийн хүдрийн гурван жолооч, газрын тосны 68 жолооч БНХАУ руу экспортын тээвэр хийсэн байна.

Өчигдрийн байдлаар, 12 боомтоор 1280 тээврийн хэрэгслээр 1280 жолооч хилээр нэвтэрч, 1252 тээврийн хэрэгслээр 1252 жолооч хилээр гарсан. Энд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, хяналт тавьсан.

Улсын хилийн боомтууд харьцангуй тайван байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын  Гаалийн  ерөнхий газартай мэдээлэл солилцдог. ЗӨСҮТ-ийн явуулын лабораториуд ажиллаж байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хийсэн хэлэлцээрийн хүрээнд монгол жолооч нар БНХАУ-д мөн PCR шинжилгээнд орж байгаа. Энэ мэтчилэн хоёр талын хэлэлцээрийн хүрээнд хяналтыг өндөр түвшинд тавьж байна” гэлээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Д.Наранзул томилогдов
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Д.Наранзул томилогдов
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.