УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-"Өмнөх Засгийн газар хуурах, бас дахин хуурах гэдэг стратегиэр ажилласаар байгаад өнөөдөр эдийн засаг, нийгмийн байр суурийг маш хүнд байдалд оруулсан. Тэгээд өчүүхэн шалтаг олоод зугтсан. Та үргэлжлүүлэн хуурах бодлого барих уу? Танд энэ асуудлыг бодитойгоор шийдэх эрмэлзэл байна уу? Байгаа бол яаж шийдэх вэ? Ковидын эсрэг эдийн засгийн тодорхой төлөвлөгөө байгаа юу?" гэж асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-"Намайг байгаагаараа л байдаг хүн гэдгийг УИХ-ын гишүүдээс хамгийн сайн мэдэх хүн нь бараг та байх. Мэдээж намын ялгаа байгаа учраас сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байх шиг байна. Тантай би GCI байгууллагад удаан хугацаанд хамтарч ажилласан хүний хувьд та миний залуу насыг, магадгүй миний хүүхэд насыг ч сайн мэдэх хүмүүсийн нэг. Би байгаагаараа л байна. Нээлттэйгээр үнэнээ хэлээд чадах юмаа чадна гэж чадахгүй юмаа чадахгүй гэдгээ хэлээд хамтарч ажиллаад урагшилна" гэж хариуллаа.