АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам зарим ангилалд хамаарах цагаачдыг албадан гаргах хугацааг түр зогсоож буйгаа мэдэгдлээ.
Тус мэдэгдэлд, "Дотоодын аюулгүй байдлын яам үндэсний аюулгүй байдал, хилийн болон нийгмийн аюулгүй байдлыг хангахад голчлон чиглэсэн шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтолцоог шударга, үр дүнтэй болгох зорилгоор зарим ангиллын цагаачдыг албадан гаргах хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн 100 хоногоор түр зогсоож байна” гэв.
Энэхүү арга хэмжээ нь тус яамд одоо байгаа асуудлуудыг, тэр дундаа АНУ-ын баруун өмнөд хил дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах боломжийг олгоно гэдгийг онцолжээ. Лхагва гарагт Америкийн шинэ Ерөнхийлөгч Жозеф Байден тус улсын цагаачлалын тухай хууль тогтоомжийг зөөлрүүлсэн зарлигт гарын үсэг зурсан юм.