
Өмнөговь аймгийн удирдлагууд Тайландын Хаант Улсын Хааны бороо, Хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаг уурын нөхцөл байдал, хур тунадас нэмэгдүүлэх боломж болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Тайландын Хаант Улсад хөдөө аж ахуй, цаг уурын салбарт ашигладаг цаг уурын радарын станцыг Өмнөговь аймагт нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулж, санал солилцов. Тус радарын станц нь хур тунадасны хэмжээг тооцоолох, цаг агаарын мэдээллийг урьдчилан мэдээлэх, байгалийн гамшигт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх, эрсдэлийг бууруулахад ашиглагддаг байна.
Радарын станцыг хамрах хүрээ, нарийвчлал, овор хэмжээ болон зориулалтаас нь хамааран суурин хоёр төрөл, явуулын нэг төрөл буюу нийт гурван хувилбартайгаар ашиглах боломжтой талаар төлөөлөгчид танилцууллаа.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Өвөрхангай, Ховд аймагт цаг уурын радарын станц байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд уг станцуудын угсралт, суурилуулалтын ажлыг 2027 оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээлэв.
Хур тунадасны хэмжээ бага, ган, гачигт өртөх эрсдэл өндөртэй Өмнөговь аймгийн хувьд цаг уурын радарын станцтай болсноор цаг агаарын нөхцөл байдлыг илүү нарийвчлалтай хянах, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох талаар төлөөлөгчид болон эрдэм шинжилгээний ажилтнууд онцоллоо.
Уулзалтын төгсгөлд аймгийн удирдлагууд дээрх саналыг судлан, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, шинжилгээ, тооцоо үндэслэлд тулгуурлан цаашид хамтран ажиллах боломжийг дахин хэлэлцэхээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!