
Нийслэлийн прокурорын газраас 2026 оны эхний 4 сарын байдлаар Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан 34 улсын 2340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьжээ.
Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон тэдний Монгол Улсад уригч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тодорхой тохиолдлуудыг зөрчилд тооцож, шийтгэл оногдуулдаг хуулийн зохицуулалттай. Бүртгэгдсэн зөрчлөөс үзэхэд гадаад улсын иргэд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, визийн хугацаагаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилон үйлдсэн байна.
Гадаад улсын иргэний урьж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд тухайн иргэний бичиг баримтыг хуульд заасан хугацаанд бүртгүүлж зөвшөөрөл аваагүй зөрчил их байна. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага нь урьж ирүүлсэн гадаад улсын 238 иргэний оршин суух зөвшөөрлийг хугацаанд нь аваагүй, 606 хүний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, 43 хүний визийн хугацааг хэтрүүлжээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан гадаад улсын иргэдийн 1506 буюу 64.3 хувь нь БНХАУ-ын иргэд, 252 буюу 10.7 хувь нь Вьетнам Улсын иргэд байгаа нь хамгийн их байна. Мөн Непал, Индонез, Филиппин, Энэтхэг, Азербайжан, Орос, Солонгос, Франц зэрэг 34 улсын иргэд дээрх зөрчилд холбогджээ. Гадаадын иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа бүртгэлийн журам мөрдөх, оршин суух үнэмлэх, паспорт зэрэг бичиг баримтаа биедээ авч явах, хөдөлмөр эрхлэх журам зөчихгүй байх, ирсэн зорилгынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэх зэрэг үүрэгтэй.
Гадаадын иргэн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрлөө аваагүй, оршин суух хугацаа хэтрүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам 10 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай. Гадаад улсын болон харьяалалгүй иргэнийг уригч хуулийн этгээд, хувь хүн нь тухайн уригдсан хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд авах, оршин суух болон визийн хүчинтэй хугацааг хэтрүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангах, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц эх оронд нь буцаах үүргээ биелүүлж, дээрх төрлийн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийн Нийслэлийн прокурорын газраас уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!