Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан 4 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 4 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Тухайлбал,
О.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.С-р түүний ажил үүрэгт хамааралгүй ажлыг хийлгэж, бусдад хууль бусаар газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулуулж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/321 дугаартай засаг даргын захирамжаар Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газруудад буюу Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын зориулалтаар “И...” ХХК-д 2,000 м.кв газар, “У...” ХХК-д 2,000 мкв газар, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “Л...” ХХК-д 7,500 мкв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, бусдад давуу байдал олгож, улсын төсөвт их хэмжээний буюу 690 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт (эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар шүүхээс О.Б, С.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох, С.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сая төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж,
Иргэний хариуцагч нэр бүхий 3 хуулийн этгээд болох "И...." ХХК-аас 120 сая, "У..." ХХК-аас 120 сая "Л...." ХХК-аас 450 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!