
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас Завхан аймгийн Air1 телевиз сонгогдсон гишүүдээсээ амлалтын биелэлт хэр байгааг тодруулан ярилцжээ.
Тэрбээр "Сая огцорсон Засгийн газар баруун бүсийн хөрөнгө оруулалтад сэтгэл гаргасангүй. Амсуулах төдий буюу 300 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа төсөлд 10-хан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан. Би чуулган дээр хэрүүл хийж байсан. Арцсуурь-Завхан-Улиастай чиглэлийн автозамын хөрөнгө оруулалтыг танаад Баянхонгор-Архангайг холбох замын шинэ төсөл эхлүүлж байна гэдэг асуудал гарахад би эсэргүүцэж байсан. Өмнө нь батлагдсан, хийгдээд хөрөнгө оруулалт нь эхэлчихсэн явж байгаа төслөөс улстөрчдөд нь дургүй байж болно. Тэр хөрөнгө оруулалтаас нь буцааж татаж сонгогдож чадаагүй аймгийнхаа хөрөнгө оруулалт хийж байгаа улстөрчдийн увайгүй үйлдэл болж байна гэдгийг энэ ташрамд хэлэх нь зүйтэй" гэв.
Малчдын нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шинэ хууль баталсан. Гэвч тухайн хууль хэрэгжихгүй, амлалт биелүүлэхгүй байгаа талаар тодруулахад "Засгийн газрууд батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд хойрго хандаж байна. Ялангуяа НД-тай холбоотой, НӨАТ-ын буцаан олголттой холбоотой хуулийн төслүүдийг санаачлахдаа бодлогын том хэмжээний судалгааг хийж чадаагүй. Улс орныхоо төсөв, нийгмийн байдал дээр бодитой дүгнэлтүүдийг хийж чадалгүйгээр олон нийтийн хэлдгээр попорсон хуулийг санаачилж хийсэн гэдэг дүгнэлтийг улс төрийн түвшинд хийгээд байдаг. Нэг ёсондоо НДС өнөөдөртөө өөрөөрөө явж чадахгүй дандаа алдагдалтай болчихсон нөхцөл байдал сүүлийн арваад жил илүү лавшраад явж байна. НДС хэзээ дампуурч, эрсдэлд орох вэ гэдэг айдас хэзээ мөдгүй хаалга тогшихоор бэлэн болчихсон цаг үеийг огт мэдрэхгүйгээр Малчдын НД-ыг төрөөс төлнө гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирсэн явдал нь өөрөө эргээд поп хууль гэдэг ойлголт руу аваачиж байна. Яагаад өнөөдөр үүнийг хэлж байна гэхээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан чадаагүй. 2026 онд хэрэгжих байсан. Бас хэрэгжиж чадаагүй яваа. Нөхцөл байдал нь өрөө зарим улстөрчдийн хувьд санал авах зорилготойгоор хийсэн байж болзошгүй хууль юмаа гэсэн улс төрийн дүгнэлтийг хүмүүс олон түвшинд хийж байгаа. Гэхдээ нэгэнт батлагдсан хуулийг бид популист хууль байсан гэдэг байдлаар орхиж болохгүй. Харин НДС-ийн алдагдлыг төсвөөс хэрхэн яаж бууруулж болох вэ гэдэг бодлогыг Засгийн газар гаргаж нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх, үүний хүрээнд малчдын НД-ын асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ байгаа гэж үздэг. Бодитой хэрэгжих хуулийг л батлуулах ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!