
Сурагчдын дунд хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болон умайн хүзүүний хавдрын эсрэг вакцины талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд тэрбээр, “Нийслэлээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гурван томоохон ажил төлөвлөсөн. Эхний ажил нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт юм. 2024 онд вакцинжуулалт 20 гаруй хувьтай, 2025 онд 40 гаруй хувьтай байсан. Энэ жил НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажилласны үр дүнд уг вакцинжуулалтыг нэг сар гаруйн хугацаанд 65.5 хувьд хүргээд байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Зургаадугаар сарын 1-нээс өмнө 100 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байна. Үргэлжлүүлэн 2023-2025 онд вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нөхөн хамруулах ажлыг зохион байгуулна. Ингэснээр 2026 оны төгсгөлд вакцинжуулалтыг 250 хувьд хүргэхийг зорьж байна” гэдгийг хэллээ.
Мөн Хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэн бууруулахад сургууль, цэцэрлэг, гэр ахуйн ариун цэврийг чанд мөрдөн сахих хэрэгтэй талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолсон юм. Тэрбээр “Хүүхдийн аяга, таваг, халбага, сэрээ гэр бүлийн орчинд ч тусдаа байх ёстой. Найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийн орчин гээд аяга таваг, халбага сэрээгээ хольж болохгүй. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Нийслэлээс улсын бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагчаар хангахаар төлөвлөж байна. Монгол Улсад зөвхөн 2025 онд элэгний хавдраар 1500 гаруй хүн нас барсан. Хеликобактераас үүдэлтэй ходоод, гэдэсний хавдраар жил бүр 1100 гаруй хүн нас барж байна. Үүний дараа умайн хүзүүний хавдар нас баралтыг тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд жил бүр сэргийлэх боломжтой хавдраар мянга мянгаараа нас барна гэдэг үнэхээр харамсалтай, байж болохгүй зүйл” гэв.
Мэдээллийн төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Биате Дастелтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд талууд хүн амын тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлээр тогтвортой хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!