
Ази тивийн боксын шилдгүүдийг тодруулдаг "Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн" Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, “Аса” аренад албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Азийн 25 орны 230 гаруй шилдэг тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Пичай Чунхаважра, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, тэмцээнийг Зохион байгуулах хорооны дарга Х.Нямбаатар, Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч М.Баянмөнх тэргүүтэй гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ: "1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн энэхүү нэр хүндтэй тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Монгол Улс энэхүү тэмцээнд тогтмол оролцож ирсэн бөгөөд манай баг тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 20 гаруй алт, 30 гаруй мөнгө, 60 гаруй хүрэл медаль хүртсэн нь бидний хамтын хичээл зүтгэлийн бодит илэрхийлэл юм. Монгол Улсын Засгийн газраас спорт, тэр дундаа олимпын төрлийн спортыг дэмжих, олон улсын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байна" хэмээн онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!