Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулж магадгүй асуудал хөндөгдөж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар байр сууриа илэрхийлж, 1024 бөх барилдах боломжийг нээх хэрэгтэйг онцоллоо.
Тэрбээр "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-д “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заасан бөгөөд 10 жил тутамд Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 барилдах хуультай.
Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тэгш ой тохиож байгаатай холбогдуулан улсын баяр наадамд 1024 бөх барилдуулах боломжийг нээж өгөх чухал гэж миний хувьд үзэж байгаа.
Их Монгол Улсын тулгын чулууг Их Эзэн богд Чингис хаан тавьж, дэлхийн түүхэнд газар нутгийг хэмжээгээрээ 2 дахь том гүрэн болж, өнөөдрийн ази европын 20 гаруй улсын нутаг дэвсгэрийн бүхэлд буюу тодорхой хэсгийг эрхшээн оршин тогтнож байсан билээ. Дэлхийн түүхэнд Их Монгол Улсын үзүүлсэн нөлөө маш их гэдэгтэй хэн ч маргахгүй бөгөөд товчихондоо хүн амын тооллогыг нэгдсэн байдлаар явуулах, татвар, худалдаа, соёлын солилцоо зэрэгт онцгой нөлөө үзүүлсэн байдаг.
Мөн хуулиараа аймгийн наадамд 128 хүртэлх бөх, сумын наадамд 64 хүртэлх бөх барилдах зохицуулалттай бөгөөд тоог 2 дахин нэмэгдүүлэх юм. Бөхөөр хичээллэж барилдах залуучуудын тоо нэмэгдсэн, түүнчлэн бөхийн тооны дээрх хязгаараас болоод бүртгэл дээр авлига, ашиг сонирхол их гарч, залуучуудыг барилдуулахгүй хасаж хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгааг засах зорилготой болно.
ФБ-н найзууд саналаа хэлээрэй? Та бүгд дэмжвэл Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ажлыг эхлүүлэх болно" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!