Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, хамгийн ихээр хэл ам дагуулаад буй Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төвийн асуудлаар мэдээлэл сонсож, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй танилцах юм. Өчигдөр буюу сонсголын эхний өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос сонсголтой холбоотой байр суурийг нь тодрууллаа.
-Өнгөрсөн гурван жилийн хугацааны нийслэлийн төсвийн асуудлаар сонсгол явагдаж байна. Сонсголын явц, үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Хотын удирдлага, төлөөлөгчдийг энд авчраад УИХ-ын гишүүд загнаад сууж байгаа нь эмгэнэлтэй байна. Үнэхээр бид нэгдмэл улс юм бол нэг нийслэл, 21 аймгаас нэгийг нь сугалж авчраад загнах биш, нийтлэг байдлаараа орон нутгийн асуудлыг авчирсан Засгийн газрын гишүүн буюу ЗГХЭГ-ын даргыг суулгаж байгаад яагаад энэ асуудлуудаа цэгцэлж шийдэж хяналтаа тавьж чадаагүй юм бэ гэдэг асуудлыг ярих ёстой. Хашаа юм, дараа нь бид Өмнөговийнхныг дуудаж авчраад загнаад сууж байх юм уу. Орон нутагт олгосон эрх мэдэл дээрээ хяналтаа зөв тавихгүй байж “Та нар ямар том болсон юм. Та нар ямар их төсөв цуглуулж чадаад байгаа юм” гээд халаглаад сууж буй нь харамсалтай байна.
-Татвар төлөгчдийн мөнгийг юунд хэрхэн зарцуулж буй нь тодорхойгүй байснаас болж олон эргэлзээтэй асуудал үүсэж, зарим хэсэг нь үүнийг улс төр болгон ашиглаж буй байдал харагдаж байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нийслэл нээлттэй ажиллаж чадсан уу?
-Та бүхэн анзаарсан бол нийт төсвийн ТЭЗҮ-ийн үнэ өртгийг нэмэнгүүтээ асар том тоонууд хэлээд байна. Гэтэл 24 мега төслийн зөвхөн 11-ийнх нь санхүүжилтийг олгосон байна. Гэвч олон нийтийг хэдэн их наяд төгрөгийн айдаст автуулаад худлаа ярьдаг. Энэ мега төслүүд чинь их засвар юм уу нэг сургууль барих гэж буй мөнгө биш. Маш их технологи, ажиллах хүч, бараа материал татан авах, тээвэр логистикийн асуудал болон 2-3 жилийн бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр хийгддэг. Энэ бүх дүр зураг дээр улс төрийн оноо авах гэдэг юм уу, том зургаар нь харвал нийслэлийн энэ асуудал бол улс төрийн намуудын голлох саналын багц. Энэ дээр хэн ажилтай, оноотой нь улс төрийг өнгөлж ирсэн. Үүнд МАН дахиад өнгөлөөд ирэх вий гэсэн болгоомжлол байгаа. Тийм учраас улс төрийн сэвэлтүүд нь орж ирээд байгаа нь угаасаа илэрхий байгаа.
Нээлттэй, ил тод байх асуудал нь Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулиараа явж байгаа. Харин Шилэн дансанд мэдээллээ оруулахгүй байгаа бол аудит тогтоогоод жил бүр бид аудитын тайлан сонсоод сууж байгаа шүү дээ.
-Сонсголыг үр дүн гэхээс илүү улстөржилт гэж харж байна уу?
-Ойлголцол аваасай гэж хүсэж байна. Хоёр өдрийн сонсголоор засаг захиргаа, нэгж, хот гээд тусдаа статус байдаг юм байна, аймаг нийслэл гээд тусдаа статус байдаг юм байна. Энд ялгамжтай төсвийн бодлого байдаг юм байна гэдгийг гишүүд бодлогын түвшинд олж харж буйд баяртай байна.
Үүнээс гадна энүүгээр дүрдээ ороод “Х.Нямбаатарыг муулчихвал нэг оноо” гэсэн гишүүд сууж байна, би шулуухан хэлчихье. Монголчууд энэ тамын тогооны үлгэрээс хэзээ гарах вэ гэдэг дээр байгаа учраас би бухимдалтай хэлчихлээ, уучлаарай. Бид юмаа том зургаар нь харж гарах ёстой болсон шүү. Хэрвээ асуудал хүндээ байсан бол Х.Нямбаатар гэдэг хүн чинь аль хэдийнээ явчихсан. Одоо Б.Пүрэвдагва гээд залууд ажиллах боломжийг нь олго л доо. Авчирч загнаад л “Чи ингэх үү, тэгэх үү” гээд л ямар их уур омог, бяр вэ. Нэг л их ард түмний мандат барьсан том том бяртай нөхөд байна.
Дэлгэрэнгүйг үзэх:
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!