“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс гаргасан шийдвэрээр 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд 63.242 төгрөгийг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөг буюу нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгох юм. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон.
Тэгвэл иргэд хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр зөв эсвэл улс, эх орондоо нэн шаардлагатай бүтээн байгуулалтуудад зарцуулсан нь дээр гэсэн байр сууриар хуваагдаад буй. Иймд бид энэ удаад хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр олгох нь зөв эсэх, дээр дурдсан 63.242 төгрөгөөр хүнсний дэлгүүрээс ямар хэмжээний худалдан авалт хийх боломжтой талаар сурвалжиллаа.
Бид эхлээд замд таарсан иргэдээс байр суурийг нь тодруулав.
ИРГЭН 1: Бэлэн мөнгө тараах нь зөв. Улсдаа үлдээхээр нөгөөдүүл нь цохиод авчихна шүү дээ. Тэгсний оронд иргэд авсан нь дээр. 63.240 төгрөгөөр ойр зуурын хэрэгцээний юм аа л авах байх даа.
ИРГЭН 2: Бэлнээр тараах нь буруу. Яагаад гэвэл 63 мянган төгрөг иргэдийн амьдралд нээх нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Үүнийг бүтээн байгуулалтад зарцуулсан нь зөв байх. Иргэдэд ногдож байгаа хувь нь бага учраас тэрийг заавал авах гээд байх шаардлагагүй.
ИРГЭН 3: Өгч л байвал авч л байх хэрэгтэй. Бүтээн байгуулалтаа хийвэл хийхээр л хугацаар өнгөрлөө. Дээд хэд нь идэж, уугаад л дууслаа шүү дээ.
ИРГЭН 4: Улиралд нэг хүн 63.200 төгрөг аваад яах вэ дээ. Миний хувьд энэ мөнгөөр ойр зуурын хэрэглээ буюу өндөг, талх, сүү авна. Үлдсэнээр нь хэд хоногийн такси, автобусны мөнгөө зохицуулна даа.
ИРГЭН 5: Уг нь газрын баялгийг ард иргэдэд хуваарилах нь зөв ч зарим хэсэгт нь “бэлэнчлэх” сэтгэлгээ төрүүлж байгаа байх. Аль болох баялгаа тэгш хуваарилж, тодорхой хэсгийг нь улсдаа өгөх нь зөв гэж боддог.
Иргэдээс байр суурийг нь тодруулсны дараа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт очиж, 63.242 төгрөгөөр ямар хэмжээний худалдан авалт хийж болох талаар туршилт хийсэн юм.
Ингэхэд 1.9 кг үхрийн цул мах, 3 кг нэгдүгээр гурил болон 1 литрийн савлагаатай цэвэр сүү авч, кассын ажилтанд бичүүлэв. Гэтэл бидэнд байсан 63.240 төгрөгийг даван 67.852 төгрөг болж, 4610 төгрөг дутаж байлаа.
Дашрамд дурдахад, 2020 оноос хойш өнгөрсөн хугацаанд иргэдэд ногдол ашиг хэлбэрээр нийт 2.7 их наяд орчим төгрөг олгосон байна. Үүнийг задалбал, иргэн бүрд 2020 онд 96.480 төгрөг, 2023 онд 104 мянга, 2024 онд 256 мянга, 2025 онд 350 мянган төгрөг олгосон байдаг. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй энэ цагт иргэдийн наад захын хэрэглээг ч хангахад эргэлзээтэй бэлэн мөнгө тараахын оронд “гал алдсан” эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын салбартаа бүтээн байгуулалт хийсэн бол юу хийж болох байсан бэ.

-1 км хатуу хучилттай авто замыг 1-3 тэрбум төгрөгөөр барина гэж үзвэл, нийт 800-2000 км авто зам,
-Эрүүл мэндийн салбарт 60-100 эмнэлгийг шинэчлэх эсвэл шинээр барих,
-640-960 хүүхдийн 1 сургуулийг 15-25 тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол, дунджаар 100 гаруй сургууль,
-150-240 хүүхдийн цэцэрлэг 250-400 ширхэгийг барих боломжтой байв.
Харин элдэгдэлд орсон, аль XX зууны цахилгаан станцуудад ээлж дараалан гэмтэл гарч, улмаар нийслэлчүүдийг гэртээ лаа барихад хүргэсэн эрчим хүчний салбарт дээрх 2.7 их наяд төгрөгөөр 400-650 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулж, Улаанбаатар хотын эрчим хүчний ачааллыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой байжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!