"Peoples daily, China” Сонины албан ёсны /2020.1.27/мэдээгээр Хятадад гарсан шинэ төрлийн коронавирусын халдвараар 2744 гаруй хүн өвчилж, 80 хүн нас бараад байна.
Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн эл өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс иргэдэд хувийн ариун цэврээ сайн сахиж, амны хаалт тогтмол зүүхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөх болсон.
Эмч мэргэжилтнүүд зөвлөхдөө “Иргэд амны хаалтыг заавал хэрэглээд, хоёр цаг тутамд солих шаардлагатай. Үнэтэй маск гэлтгүй нэг удаагийн маскыг гадуур гарахдаа зүүж, ойр ойрхон солих хэрэгтэй. Мөн гараа тогтмол савандаж угаах, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх, ханиаж найтаахдаа бусдад вирусаа халдаахаас сэргийлэх, гэртээ агаарын солилцоо оруулах, зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцлон сануулах болсон.
Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Манайх дотооддоо маск үйлдвэрлэдэг. Эдгээр үйлдвэрийн өдөрт үйлдвэрлэдэг маскны тоо одоогоор шаардлагатай хэмжээнд хүрч байгаа. Эмийн сан болгонд маск худалдаалж байна. Миний бодлоор Монголд маскны нөөц дууссан гэж бодохгүй байна. Бид эхний ээлжид үнэтэй гэхээсээ илүүтэй нэг удаагийн маск зүүж, халдвараас урьдчилан сэргийлэхэд болно. Бид нөөцийг бий болгох, үнэ нэмэхгүй байх тал дээр ажиллаж байна” хэмээн ярьсан.
Гэвч бодит байдал дээр эмийн сангууд маскны хомсдолд орж маск хайсан иргэд ихээр явах боллоо. Амны хаалт дууссан эсэх талаар “ЭНТО”, “МОНОС”, “MONFA”, “НУГАН” "ТАВИН УС" зэрэг эмийн худалдааны төвүүдээс тодруулахад “амны хаалт болон гар ариутгагч спирт” нь дуусаад хэд хонож байна гэх хариултыг өгсөн бол “АЗИФАРМ” эмийн худалдааны төв Гэмтэл болон дэнжийн мянгийн салбаруудад 20-30 ширхэг л байна гэх хариултыг өглөө.
Зарим иргэд маск олдохгүй байгаа учир өөрсдөө маск оёх тохиолдол ч гарав. Маскны эрэлт хэрэгцээ их байгаагаагийн хэрээр зарим иргэд маск болон дархлаа сайжруулах эм бэлдмэлүүдийг их хэмжээгээр худалдан авч дамлан зарж байна.
Нэг удаагийн маск 200 төгрөгний үнэтэй байдаг бол нэр бүхий зарим эмийн сан маскны үнээ хэд дахин нэмж 2000 төгрөг болгосон байх жишээтэй. Мөн томуугийн А ба В хэвшинжийн вирүсийн эсрэг үйлдэлтэй нейроаминидазын ингибиторын төрлийн эмүүдийг улс орнууд эмийн бүртгэлдээ оруулж хэрэглэж байгаагийн дотор Тамифлю/Tamiflu нэлээд түгээмэл хэрэглэдэг эм юм. Зарагдах үнэ 30000 төгрөг. Тэгвэл уг эм “MONOS”-ийн эмийн сангуудаар тасарч олдохоо байсан. Харин фэйсбүүкт нэг иргэн уг эмийг худалдаалж байгаа мэдээллээр үнийн дүнг асуутал зуун мянган төгрөг гэх.
Гадуур маскны үнэ нэмсэн эмийн сангуудын талаар 70353511 дугаарт мэдэгдэхийг албаны хүмүүс хэлсэн юм . Гэвч хэрхэн яаж хариуцлага тооцох тухай тодорхой хариу хэлсэнгүй ээ. Энэ мэтчилэн маскны үнээс эхлээд эм бэлдмэлүүдийн нөөцийн асуудлууд гарч ирсээр байхад эрүүл мэндийн яамныхан маскны хомсдолд ороогүй хэмээн бодит байдлыг үгүйсгэсээр байна.