Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам 51 мянган хүний суудалтай “Бишкек Арена”-д нээлтээ хийлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 18 секунд

Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам өнөөдөр /2026.09.01/ Киргизстаны нийслэл Бишкек хотно 51 мянган хүний суудалтай “Бишкек Арена”-д ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.

Тус наадам нь Төв Ази болон нүүдэлчин ард түмнүүдийн уламжлалт спорт, соёл, зан заншлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой олон улсын томоохон арга хэмжээнүүдийн нэг аж. Мөн анх 2014 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа болж байгаа.

Энэ удаагийн наадамд дэлхийн 104 орны баг тамирчид оролцож байгаагаараа өмнөх жилүүдээсэй онцлогтой. Нээлтийн ёслолын үеэр оролцогч орнуудын баг тамирчдын парад, үндэсний урлаг, соёлын тоглолт зэрэг олон талт арга хэмжээ болсон нь олимпын наадмын нээлтийн ёслолтой жишихүйц хэмжээний том цар хүрээтэй болжээ.

Түүнчлэн наадмын нээлтэд олон улсын нэр хүндтэй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг татсан байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон Пакистан, Казахстан, Беларусийн төрийн тэргүүнүүд оролцлоо.

Ийнхүү Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам нь зөвхөн уламжлалт спортын тэмцээнээр хязгаарлагдахгүй, нүүдэлчин ард түмнүүдийн түүх, соёл, өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ улс орнуудын хамтын ажиллагаа, дипломат харилцааны чухал талбар болоод байгаа юм.

Энэ удаагийн наадмын онцлох үйл явдлын нэг нь Монгол бөх албан ёсоор хөтөлбөрт багтсан явдал байв. Ингэснээр Монголын үндэсний бөх олон улсын тавцанд өргөн хүрээнд зохион байгуулагдах шинэ боломж бүрдэж, цаашид Монгол бөхийн хөгжлийг дэлхийн хэмжээнд таниулахад чухал алхам болоод байна.

Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмын Монгол бөхийн барилдаан орон нутгийн цагаар өнөөдөр 14:00 цагт эхэлнэ.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Төрийн гурван өндөрлөг 2027 онд 636.4 тэрбум төгрөг зарцуулна
ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Төрийн гурван өндөрлөг 2027 онд 636.4 тэрбум төгрөг зарцуулна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!