Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант, охины хамт зорчиж явсан нисдэг тэрэг осолджээ. Нисдэг тэрэгт нийт есөн хүн байсан бөгөөд бүгд амиа алдсан байна.
Тэрбээр 41 настай, Жианна Мариа Оноре Брайант хэмээх охин нь 13 настай байжээ.
Мамба спортын академид сагсан бөмбөгийн тэмцээнд очихоор явж байсан. Түүний охин Жианна тэмцээнд тоглож, Коби шүүгчээр суух байжээ.
Онгоц асар хурдтайгаар өндрөө алдаж, газарт хүчтэй унасан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ослын үед үзэгдэх орчин муутай, манантай үүлэрхэг, бороо шивэрч байсан аж.
Одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй бөгөөд Холбооны агаарын тээврийн удирдах газар болон Үндэсний тээврийн аюулгүйн хороо шалгаж байна.
Филадельфид төрсөн Коби Брайант гурван настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн.
Тэрээр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн хамгийн агуу тоглогчдын нэг. Тухайн үедээ NBA-ын хамгийн залуу тамирчин болж байв.
Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн лигийн 20 улиралд тоглохдоо бүгдэд нь Лос Анжелес Лэйкерс багтай оролцсон бөгөөд таван удаа аваргын цом хүртэж, 18 удаа бүх оддын шигшээ багт шалгарч байжээ.
Коби Брайант 2018 онд “Dear Basketball” богино хэмжээний бүтээлээр Оскарын шагнал хүртсэн. АНУ-ын Олимпийн шигшээ багт 2008, 2012 онд багтаж, хоёр удаа Олимпийн алтан медаль хүртэж байв.
Тэрбээр Жианна, Натали, Бианка, Капри хэмээн дөрвөн охинтой. Бага охин нь 2019 оны зургадугаар сард мэндэлсэн.
Дэвсгэр мэдээ
Брайант нь Лос Анжелес Лэйкерс багт тоглодог байх үеэсээ Sikorsky S-76 нисдэг тэргийг өдөр тутам ашигладаг байсан.
Sikorsky S-76 загварын хувийн нисдэг тэрэг анх 1977 онд нисэж эхэлснээсээ хойш 7.4 сая цагийн нислэгийг аюулгүй байдлаа хадгалж ирсэн.
Брайант гэмтэл бэртлийн улмаас өдөрт хоёроос дээш цаг машинд явах боломжгүй байсан учир нисдэг тэрэг ашигладаг байж. Лос Анжелосын замын түгжрэлээс сэргийлж, багийнхаа тамирчдад яаралтай эмнэлгийн тусламжтай авахад мөн тусалдаг байжээ.
Үйлдвэрлэгчийн зүгээс Sikorsky S-76 нисдэг тэргийг хувийн хэрэглээнд ашиглахаар сурталчилдаг байна. Мөн эрэл, аврах ажиллагаанд ашигладаг.
13 сая төгрөгийн үнэ бүхий нисдэг тэрэг 12 хүн зөөх хүчин чадалтай, хоёр хийн туслах хөдөлгүүртэй.
Тус нисдэг тэрэг 2013 онд Канандад, 2017 онд Туркт осолдсон тохиолдол бий. Кобигийн нисдэг тэрэг 1991 онд үйлдвэрлэгдсэн байжээ.
Эх сурвалж: CNN