Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн сунгаанд сойгдох гэсэн шинэхэн “улс төрийн хүчнүүд”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 6 секунд

Монгол Улс өнөөдрийн байдлаар 3,238,479 хүн амтай бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 35 намтай. Улсын дээд шүүх хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд Зүй ёсны намыг бүртгэн авснаар ийнхүү 35 дахь улс төрийн хүчин албан ёсоор байгуулагдсан юм. Харин он гарснаар гурван ч нам байгуулагдахаар Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан боловч материалдаа хавсаргасан баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар Улсын дээд шүүхээс татгалзсан хариу аваад байгаа юм байна. Тодруулбал, Ардчилал шинэчлэлийн нам, Монголын Үндэсний Сэргэн Мандлын нам болон Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Өмнө нь бүртгэгдсэн намууд ч ийм шалтгаанаар буцаж байсан тохиолдол цөөнгүй бий. Тэгэхээр дээрх гурван нам удахгүй алдаагаа засч ирээд Улсын дээд шүүхэд бүртгүүлэх биз ээ. Тэгэх юм бол Монгол Улс 38 намтай болно. Ийнхүү Монголд улс төрийн намуудын тоо сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж байна. Сонгууль дөхөхөөр намууд олноор байгуулагддаг жишиг ч тогтов.

Тухайлбал, уншигч та санаж байгаа бол 2008 оны сонгуулийн өмнө Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр нам гэсэн гурван нам байгуулагдаж байв. 2012 оны сонгуулийн өмнө Эх орончдын нэгдсэн нам болон Хөдөлмөрийн үндэндсний нам буюу ХҮН байгуулагдаж байжээ. 2016 оны сонгуулийг угтаж байгуулагдсан намууд гэвэл Ард түмнээ хайрлая, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам. Энэ мэтээр сонгуулийн жилийн мөчлөгтэй давхцан байгуулагдсан улс төрийн намуудын жагсаалт ар араасаа хөвөрнө. Энэ жишиг ч энэ удаад давхцаж байгааг дээрх баримт илэрхийлнэ.

Он гарснаар улсын төрийн нам шинээр байгуулагдах хүсэлтээс гадна улсын бүртгэлд бүртгэлтэй намууд ч хөдөлгөөнд оржээ. Тодруулбал, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам болон Ард Түмний Олонхийн Засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргасан бол нэгд нь татгалзаж, нөгөө намынх нь дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн байна. Харин Ард Түмний Олонхийн Засаглал нам удирдагчаа сольж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан ч Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу авсан байна. Ийнхүү сонгуулийн жил эхлэлтэй зэрэгцэн сар хүрэхгүй хугацаанд улс төрийн 7 хүчин Улсын дээд шүүхэд хандаж, хөдөлж эхлэв.

Сонгууль дөхөх тусам янз бүрийн шалтгаанаар Монголд улс төрийн нам байгуулах моод ид дэлгэрдэг. Харин дэлхий нийтэд улс төрийн намууд моодноос гарч эхэлжээ. Нам байгуулна гэдэг манайхны хувьд гэнэт гоё нэр бодож олоод л түүнийгээ намдаа өгчихдөг юм шиг санагддаг. Эсвэл улс төрийн нам биш гоё нэрний уралдаан зарлачихсан ч юм шиг. Нэрнээс нь тухайн намын үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэл зэргийг мэдэх аргагүй. Монголчуудын амьдралд улс төрийн нам яагаад ийм чухал үүрэгтэй байна вэ. Дэлхийн улс орнуудын хүн амын дунд намын гишүүдийн тоо дунджаар 4.3 хувийг эзэлж байхад Монгол Улсын хүн амын 20 орчим хувь нь намын гишүүд байгаа гэсэн судалгаа бий. Энэ бол дэлхийн дунджаас тав дахин өндөр үзүүлэлт. Товчхондоо бол бид дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад улстөржилт, түүнээс үүдэлтэй талцал тав дахин их байна л гэсэн үг.

Улс төрийн намын бүртгэл

1. Монгол Ардын нам /МАН/

2. Ардчилсан нам /АН/

3. Монголын Ногоон нам /МНН/

4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/

5. Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/

6. Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/

7. Эх Орон нам

8. Монголын Либерал нам /МЛН/

9. Бүгд найрамдах нам /БНН/

10. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/

11. Монголын Социал Демократ Нам

12. Ард Түмний Нам /АТН/

13. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/

14. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

15. Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/

16. Хөгжлийн Хөтөлбөрийн Нам

17. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам

18. Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/

19. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/

20. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/

21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/

22. Монгол Консерватив нам /МКН/

23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/

24. Ард түмнээ хайрлая нам /АТХН/

25. Монголын хүний төлөө нам

26. Үнэн ба Зөв нам

27. Зон олны нам /ЗОН/

28. Дэлхийн монголчууд нам (ДМН)

29. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/

30. Их эв нам /ИЭН/

31. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

32. Миний Монгол нам /ММН/

33. Монгол шинэчлэлт нам /МШН/

34. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/

35. Зүй ёс нам /ЗЁН/

 

Америкийн тэр бумтны гар утсыг Саудын Арабын ханхүү хакердаж, хувийн мэдээллийг нь олж авч дарамталжээ
Америкийн тэр бумтны гар утсыг Саудын Арабын ханхүү хакердаж, хувийн мэдээллийг нь олж авч дарамталжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.