Ухань хотын коронавирусийг намжаахаар Хятадын албаныхан арга хэмжээ авч байгаа энэ үед дэлхий даяар онгоцны буудлууд эрүүл мэндийн шалгалт хийх төхөөрөмж, тусгаарлах арга хэмжээ авах арга замуудыг хэрэгжүүлж эхэлжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр Ухань хотод нэгдүгээр сарын 23-наас нийтийн тээврүүдийг түр зогсоогоод байгаа.
Харин бусад улс орнууд дараах арга хэмжээг авч байна:
- АНУ: Нэгдүгээр сарын 21-нд тус улсад коронавирусийн анхны тохиолдол илэрснээс хойш АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвөөс томоохон онгоцны буудлууд дээр хяналт шалгалт тавьж, тусгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.
- Тайланд: Бангкок, Краби, Чиангмай, Пукет зэрэг хотын олон улсын онгоцны буудлын удирдлагууд Ухань хотоос төдийгүй, Бээжин, Шэньжэнь зэрэг вирус гарсан хотуудаас ирсэн зорчигчдод хяналт шалгалт хийж байна.
- Австрали: Австралийн Эрүүл мэндийн газраас коронавирусийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч, хил дээрээ нэмэлт арга хэмжээ авч байна.
- Сингапур: Нэгдүгээр сарын 22-ноос Чанги онгоцны буудалд Хятадаас ирж буй бүх зорчигчийн халууны хэмийг шалгаж эхэлнэ гэж Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.
Харин манай улс: БНХАУ-тай хиллэдэг боомт, Буянт-Ухаа дахь хилийн боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас өндөржүүлсэн хяналт тавьж, зорчигчдын биеийн халууныг хэмжин асууж, тандалт хийн ажиллаж байгаа аж.
Хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдоод байгаа коронавирусийн халдварын эх үүсвэр одоо хүртэл нарийвчлан тогтоогдоогүй байгаа юм.