Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэбат: Цалин, тэтгэврийг нэмэхээс илүү нэг бүтээн байгуулалт тавьсан болж тууз хайчлаад “Би энийг хийсэн шүү” гэж уралддаг болоод удаж байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
8 минут 33 секунд

Нийтийн өргөдлийн “D-өргөдөл” цахим системд иргэн Б.Номин эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар өргөдөл санаачилж, 33.088 иргэний санал авснаар УИХ-аас холбогдох ажлын хэсэг байгуулагдахаар болсон. Мөн ирэх оны төсөвт цалин, тэтгэвэрийн нэмэгдлийг хэрхэн зохицуулж буй талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөөр байна. Багш нар жагсаал хийсэн. Хэрвээ шаардлагыг нь шийдвэрлэхгүй бол ажил хаяхаа зарласан. Мөн эмч, эмнэлгийн ажилчид ч амаргүй байна шүү дээ?

-Миний байр суурь бол “Жил бүр цалин хөлсийг нэмэгдүүлнэ” гэсэн мөрийн хөтөлбөрөө Засгийн газар баримтлах ёстой гэдэг дээр байгаа. Нөгөөтэйгүүр, жилийн урсгал зардал 24 хувиа барьж байна гээд цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, мөнгө тавихгүй байж болохгүй. Төсвийн урсгал зардлын дээд хязгаар нь 30 хувь хүртэл бий. Тийм учраас нэгдүгээрт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж дээр зайлшгүй мөнгө тавих хэрэгтэй. Энэ нь өөрөө төсвийн шударга хуваарилалт буюу ажил хөдөлмөр эрхэлж байгаа жирийн иргэн, тэр дундаа бидний үр хүүхэд, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа, ард иргэдэд үйлчилж буй жирийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Иргэдийнхээ цалин орлогыг инфляцын түвшнээс хамгаалах ёстой шүү. Цалинг 8-10 хувь нэмэхэд зөвхөн худалдан авах чадварыг л хамгаалж буй хэлбэр байхгүй юу. Тиймээс инфляцыг нөхсөн хэмжээний байдлаар яваад байвал төсвөөс олон юм хүлээгээд нэмэр байхгүй.

Мөн боловсролын салбар “Боловсролын жил” гэж зарласан учраас Боловсролын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд шаардлага тавиад бараг ажил хаялтын хэмжээнд хүрчихлээ. Гэхдээ тэд маань дуртайдаа ажил хаях гээд байгаа зүйл биш. Ядаж шинээр ажилд орсон багш гар дээрээ хоёр сая төгрөг авдаг байя л гэж байгаа юм.

Миний бие Өргөдлийн байнгын хороон дээр санал гаргалаа. Цалин хөлсний эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам оруулж ир ээ. Тэвчиж, хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудаа хас. Хөрөнгө оруулалтуудын эрэмбийг нь харахаар эрэмбэлэлт огт хийгээгүй байна. Зүйрлэвэл, нэг нь өмсөх гуталгүй байхад нөгөөх нь сүүлийн үеийн гар утас, машин авч унана гээд байж болохгүй. Хэн эрх мэдэлтэй хойшлуулж, тэвчиж болох зардлуудыг тусгаж байдаг. Гэтэл ахмадууд нь гадаа тэтгэврээ нэмүүлэх гээд сууж байна.

Цалингийн асуудал дээр зарим гишүүд хоёр нүүр гаргаад байна. Наанаа нэмье гэж байгаа ч цаагуураа урсгал зардлаа тана гэдэг байдлаар хандаж байна л даа. Тийм учраас эмч, багш нарын цалинг, ахмадуудын тэтгэврийг нэмэх хүсэл эрмэлзэлтэй байгаа бол төсвийн үйл ажиллагааны 24 хувь гэдгийг нэмэгдүүлэх шаардлагатай. 24 хувь бол бодит байдалтай нийцэхгүй.

Цалин, тэтгэвэр тэтгэмжээс илүү нэг бүтээн байгуулалт тавьсан болж тууз хайчлаад “Би энийг хийсэн шүү” гэж уралддаг болоод удсан. Ний нуугүй хэлэхэд, аль нэг нуур руу, сүм рүү зам тавих, хэрэгтэй хэрэггүй байшин барилга босгох байдлаар PR-аа хийж байна. Бодит байдал дээр нэн хэрэгцээтэй зам тавьсан уу гэвэл үгүй. Хөвсгөл аймгийн гурван сум дамнасан замыг барихгүйгээр өөр нэг сум руу эсвэл нуур руу зам тавьчхаж байна.

-Ахмадууд тэтгэврийн зээлийн циклд орчихсон-

-Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхээр Төрийн ордны гадаа суусаар байна. Та энэ асуудлаар УИХ-д ямар нэг санал гаргасан уу?

-Суулт хийж буй ахмадуудтай би өдөр тутамд уулзаж байгаа. Өчигдөр бид арилжааны банкуудыг дуудаж уулзсан. “Та нар тэтгэврийн зээлийн хүүг бууруулаач ээ. Цалингийн зээлтэй яг адил хэмжээнд аваачсан байна. Нас барахад нь ч үр хүүхдээс нь зээлийг нь нөхөөд авдаг. Тиймээс зээлийн хүүг бууруулах боломжийг эрэлхийл” гэх байдлаар уулзлаа. Харин банкуудаас зөрүүлээд саналууд тавьж байна. Тухайлбал, заавал байлгах нөөцийг бууруулбал хүүгүй хадгалж буй мөнгөө эргэлтэд оруулсан тохиолдолд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах нэг хөшүүрэг гэдгийг хэлсэн.

Түүнчлэн Монголбанкийг тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтаа боль гэж байгаа. Арилжааны банкууд зөв зүгээр олгож байтал хязгаарлалт тавьсан. Үндсэндээ ахмадууд тэтгэврийн зээлийн циклд орчихсон байна. 36 сарын тэтгэмжээ авч гурван сарын зээлээ төлчихөөд буцаад гурван сараар авдаг. Энэ нь бага тэтгэвэртэй хүмүүсийн бухимдах нэг шалтгаан болоод байна. Хоолоо авах уу, нүүрсээ авах уу, эмээ авах уу гэдэг дээр тулчихсан. Эдгээр хүмүүст дэмжлэг хэрэгтэй. Удаан хугацаагаар гадаа суулгаад байж болохгүй. Муу зүйл болбол яах вэ.

-УИХ-ын гишүүд бүгдээрээ тэрбумтан баян хүмүүс биш шүү дээ-

-Нэг талд эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байна. Нөгөө талд УИХ-ын гишүүд бүрэн эрх нь дууссанаас хойш ажил хийгээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг хууль үйлчилсээр байна. Үүнийг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхлээд байна. Энэ төрлийн тэтгэмж байх нь зөв юм уу?

-Үүнийг судалж үзсэн. Төрийн нууцтай танилцаж байгаа чухал албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс дахин сонгогдоогүй нөхцөлд тодорхой болзол тавьдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, төрийн шугамаар олж авсан мэдээллээ гадагш нь тараахгүй байя гэдэг. Бодит байдал дээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг хувийн хэвшил, гадаад дотоодын байгууллагууд мэдээллийг нь авах сонирхолтой байдаг. Иймээс 1990-ээд оны үеэс Төрийн нууцыг хадгалж тодорхой эрхийг нь хязгаарласныхаа төлөө нийгмийн баталгааг нь хангах зүйлийг шийдсэн юм билээ. Тэр ч бүү хэл, өмнө нь заавал ажил олж өгнө гэдэг байсан.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн хүн элдэв зээл авах хориотой, давхар бизнес эрхэлж болохгүй, гэр бүлийнх нь хүмүүс тендерт оролцож болохгүй гээд маш олон хязгаарлалт үйлчилдэг. УИХ-ын гишүүд бүгдээрээ тэрбумтан баян хүмүүс биш шүү дээ. Магадгүй маш шударгаар ажилласан нөхцөлд нийгмийн баталгааг нь хангадаг байгаасай. ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн асуудлаас болж гишүүдийг ямар ч зээлд хамрагдах боломжгүй болгоод, зөвхөн баян хүн ажиллаж болно гэдэг зүйл рүү түлхчихсэн. Тиймээс энэхүү нийтийн өргөдлийг хэлэлцэх ёстой.

Дээрх тэтгэмжийн асуудлыг тодруулахад, тодорхой хугацаанд ажилгүй байхдаа авч буй гишүүд бий. Өөрөөр хэлбэл, 2-3 сар авч байгаад өөр ажилд орсон тохиолдолд авахгүй гэж хэлсэн. Ард түмэн үнэхээр хүсэхгүй байгаа бол энэ тэтгэмжийг хасаж болно. Үүнд өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байгаа бол миний бие хүлээж авахад бэлэн.

-Ярилцсанд баярлалаа.

АБГББХ хуралдаж, гадаад зээл, тусламжийн нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсоно
АБГББХ хуралдаж, гадаад зээл, тусламжийн нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсоно
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.