
-Хаврын чуулган хаалтаа хийхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Тэгвэл УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэтэй өнгөрөгч долоо хоногт парламентаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон өөрийнх нь санаачлан боловсруулж буй Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. Мөн хаврын чуулганы улс төр тойрсон зарим асуудлуудад байр суурийг нь тодруулснаа хүргэе-
-Хаврын чуулган хаалтаа хийхэд тун бага хугацаа үлдээд байна. Өнгөрөгч намрын чуулганы ихэнх хугацаанд төсөвтэйгөө зууралдсаар байгаад дууссан. Тэгвэл энэ хаврын чуулганаар гишүүд хэр ажил хэрэгч санаачилгуудыг дэвшүүлж ажиллав гэдэг дээр та ямар дүгнэлттэй байна вэ. Үндсэндээ хаврын чуулган эхэлсэн даруйд улс төрийн талцал, маргаан нэлээдгүй хугацаанд үргэлжилсэн шүү дээ?
-Үнэнийг хэлэхэд, урьд өмнөх парламентуудын хаврын чуулгантай харьцуулахад үр дүнтэй ажиллаж, олон хууль баталсан гэж хэлж чадахгүй. Энэ нь холбогдох тооцооллоор ч гараад ирнэ. Гэхдээ олон нийт маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 126 гишүүнтэй холимог тогтолцоог би маш их дэмжиж ирсэн. Үүгээр мэдлэг боловсролтой олон залуучууд парламентад орж ирсэн гэдгийг хэлэхэд сошиал дахь сэтгэгдэл нь нэлээн сөрөг байгаа харагдсан. Тогтолцоо нь маш зөв.
Парламентад орж ирсэн залуусыг харахад мэдлэг боловсролын хувьд урьд урьдын парламентаас улам л чангараад явж байгаа шүү дээ. Алдаж онох зүйл байж болно. Гэхдээ сайжирна. Түвшин өөр болсон гэж бодож байна.
Хоёрдугаарт, олон намын тогтолцоо бол Монгол Улс зөв явахын гол түлхүүр. ҮХНӨ-ийг дэмжээд явсан цөөн гишүүдийн нэг нь би. Хоёр гараа өргөөд л дэмжсэн. Орон нутагт уулзалт хийх гээд очиход бараг л барьж идчих гээд байсан. ҮХНӨ-ийг дэмжиж байгаа юу гэж асуухад заал тэр чигээрээ "Дэмжихгүй байна" гэж орилж л байсан. Харин би эсрэгээрээ хоёр гараа өргөөд дэмжиж байгаа гэдгээ хэлээд маш олон кейсүүдийг яриад эхлэхээр олон нийт ч өөрөөр хүлээж авч эхэлсэн. Тухайн үед нүүрс, хөгжлийн банк, БЗС-гийн хулгай гарсан байсан. Тэгвэл энэ хулгай яагаад гарсан юм бэ гэдэг асуулт байна. АН, МАН гэх хоёрхон нам төр барьчхаад "Чиний тойрог дээр хэдэн төгрөг тавьж өгье" гэж бие биедээ хэлээд хариуд нь шүүмжлэхгүй байх дээр гар барилцдаг. Тойрог дээр нь хэдэн сургууль цэцэрлэгийн мөнгө тавьж өгөөд, тэгээд л дуугарахгүй. Цаашаа хараад Боловсролын зээлийн сангаа, ЖДҮДС-гаасаа хэдэн төгрөг гаргаж өгнө. Тэр байтугай Хөгжлийн банкнаасаа ч зээл өгнө. Нүүрсний хулгай гарсан ч түүнийг өнгөрөөнө. Ийм л зүйлсээс болж энэ том хулгайнууд чинь гарсан шүү дээ.
Тэгэхээр ҮХНӨ-өөр олон нам парламентад орох бололцоо бүрдсэн. Өнөөдөр таван нам, эвсэл энэ парламентад байна. Нэг намынх нь амыг барихад нөгөө нам нь дуугарах л байхгүй юу. Эдгээр намууд чинь өөрсдийнхөө рейтингийг сайжруулахын тулд, ард иргэдийнхээ итгэл үнэмшлийг авахын тулд муу юмтай хэзээ ч эвлэрэхгүй. Хамгийн том хоёр нам нь эвлэрдэг л юм байгаа биз. Гэтэл тэнд өөр нам эвсэл нь дуугарах нөхцөл нь бүрдэж байна.
Хоёрдугаарт, жагсаалтаар орж ирсэн залуусаа гоочлоод л байна. Өчигдрийг хүртэл бид 76 тойргийнхоо асуудлыг шийдэж ирсэн. Гэтэл өнөөдөр бид эрчим хүчний дутагдлын асуудлыг яриад сууж байна. Өмнө нь ч бид ийм асуудалтай нүүр тулна гэдгээ мэдэж байсан шүү дээ. Төсөв батлах болохоор 76 тойргийнхоо асуудлыг шийдчихээд л яваад байсан. Жагсаалтын 48 гишүүн бол өөрийн тойроггүй учраас намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр орж ирсэн хүмүүс. Тэдний зүгээс жишээлбэл, эрчим хүчний асуудлыг гаргаж тавьж байна шүү дээ. Тойргоос хамааралгүйгээр "Та нар бодлогоо барь" гэж дуугарч эхэлж байна. Тэгэхээр бид маш зөв зам руугаа орсон.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр ҮХНӨ-ийг зүтгүүлсээр байгаад УИХ руу оруулж ирсэн. Тухайн үед сонгууль дөхсөн байсан гэдэг утгаараа намынхаа ялалтыг бодсон бол энэ асуудлыг хойш тавьж болох байсан. Гэхдээ намын ялалтаас илүү улс орны зөв замыг бодож, энэ өөрчлөлтийг хийж чадсан.
Бас нэг зүйл бол бид хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өмнөх парламентын хэлэлцэж байсан хуулийн төслүүдийг бүгдийг нь арчиж хаяад дахиад шинээр эхэлдэг тогтолцоотой болчхоод байна. Энэ байдлыг болих хэрэгтэй. Хуулиа судлаад, боловсруулаад, өргөн бариад явахаар бүрэн эрхийн эхний хоёр жил хий эргэчих гээд байна шүү дээ. Гэтэл өмнө өргөн барьчихсан эзэн нь байхгүй хуулийн төслүүдийг цааш нь түлхдэгээ болимоор байна. Тэдгээр хуулиудаас авахыг нь аваад явах хэрэгтэй. Парламент залгамж халаатай байж, тухайн хуулийн төслүүдийг үргэлжлүүлээд хэлэлцээд, засаж сайжруулаад явах хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд гоц хуулийн төсөл төдийлөн орж ирсэнгүй. Жил бүрийнхээ төсөв дээр зодоон хийгээд л дууслаа. Гэхдээ төсөв дээр зодоон хийж байгаа нь маш том амжилт шүү.
126 гишүүнтэй, холимог тогтолцоогоор байгуулагдсан парламентын нэг том онцлог нь асуудлыг олон талаас нь харж чаддаг гишүүдтэй болсон явдал. Энэ өнцгөөс нь харах хэрэгтэй. Зөвхөн энэ парламентыг будилаад байна гэдэг өнцгөөс харж болохгүй. Цаашид улам сайжраад л явна.
-Хаврын чуулганаар эдийн засгийн чухал үр дагавартай хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж байна. Сүүлд л гэхэд ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах Ж.Баярмаа нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Сонирхолтой нь, гишүүдийн зүгээс эсэргүүцэж байснаа хэлэлцэхийг нь дэмжээд явчихсан. Энэ процесс дээр юу болж өрнөв. 5.4 их наяд төгрөгийн төсвийн ачаалал яригдаж байгаа асуудал шүү дээ?
-126 гишүүнтэй парламентын нэг онцлог нь энэ шүү. Урьд нь засаг барьж байгаа намын хуулийн төслүүд л урагштай явж батлагддаг байсан. Жишээлбэл, манай нам төр барьж байхад Ардчилсан намын гишүүний ямар ч сайн хуулийн төсөл тэгсгээд л өнгөрдөг байсан. Одоо тэгж "хүчинддэг" зүйл байхгүй болсон. Үнэхээр хэрэгцээ шаардлага нь байна гэж үзвэл Ардчилсан намынхантайгаа ярьдаг болж эхэлж байна. Олон намын тогтолцоо гэдэг чинь өөрөө улс төрийн зөвшилцлийг бий болгож байгаа юм.
ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг эсэргүүцэж байснаа хэлэлцэхийг нь дэмжээд явуулсан. Яагаад вэ гэвэл, хүссэн хүсээгүй хоёр намын мөрийн хөтөлбөрт байгаа асуудал. Энэ агуулга дээрээс манайхаас энэ хуулийн төсөл, танайхаас ийм хуулийн төслийг явуулъя гэдэг дээр зөвшилцөж байгаа л хэрэг.
Эцсийн дүндээ улс орны эрх ашигт нийцсэн хуулийн төслүүдээ танай, манай гэхгүйгээр урагш явуулья гэдэг л зөвшилцөл бий болж байна.
Ж.Баярмаа нарын хуулийн төсөл дээр тодорхой хэмжээнд сөрөг нөлөөлөл буюу хүндрэл үүсэж болзошгүй зүйлсийг нь хэрхэн хаах вэ, магадгүй цаашид зарим хэрэгжилтийнх нь цаг хугацааг хойш татах байдлаар тодорхой арга хэмжээ авъя гэж бүлэг дээрээ ярилцаад дэмжсэн. Нэг талдаа ард иргэд рүүгээ чиглүүлээд харвал зөв шийдэл. Гэхдээ одоогийн нөхцөлд энэ нь төсөв дээрээ л ачаалал бий болгож байгаа юм. Энэ утгаараа төсөв дээр үүсэх ачааллыг хэрхэх вэ гэдэг дээр л ярилцах хэрэгтэй болж байна.
-Олон нийтийн анхаарлын төвд байгаа өөр нэг хуулийн төсөл бол УИХ-ын тухай хуулийн өөрчлөлтүүд. Тэр дундаа Х.Тэмүүжин нарын гишүүдээс өргөн бариад буй хуулийн төсөлд тусгагдаад буй УИХ-ын дарга нам бус байх, Ерөнхий сайдын суудлыг парламентын индрээс буулгах зэрэг агуулгууд анхаарал татаж байгаа. Та энэ хуулийн төслийн агуулга дээр ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Би тас "либерал" хүн. Энэ утгаараа Х.Тэмүүжингийн өргөн барьсан хуулийн төслийг дэмждэг. Гэхдээ цаг хугацааны хувьд зөв үү, буруу юу гэдэг асуудал байгаа юм. Зарчмын хувьд дэмжиж байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайдтайгаа асуулгын цагаар мэтгэлцдэг болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Өмнө нь асуулгын цагаар хэдэн асуулт, хариулт бэлдээд өгчихдөг түүнийг нь Ерөнхий сайд орж ирээд уншчихаад гараад явчихдаг байсан. Зарим үед Ерөнхий сайд ч биш өөр нэг сайд нь уншчихдаг байсан. Энэ процессыг би Англид явж байхдаа судлаад, парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Энэ бол маш том дэвшил шүү дээ. Хоёрдугаарт, суудалтай холбоотой асуудал байна. Логикийн хувьд Ерөнхий сайдыг парламент томилж байгаа. Парламент тэр томилсон хүнтэйгээ хариуцлага тооцдог байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл бид өөрсдөө ажил хийлгэх гэж томилчхоод дээрээ залчхаж байгаа юм.
Логикийн хувьд хаана залах нь асуудал биш. Тэр хүнтэй хариуцлага тооцдог системтэй болъё гэсэн л логик.
-Малын өвчинтэй "дайн" зарлах хэрэгтэй. ОУ-ын байгууллагууд "Малын өвчнөөсөө салаагүй цагт танай махыг дэлхий тоохгүй шүү" гэдэг шүү дээ-

-Өнгөрөгч долоо хоногт манай улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн шүлхий өвчин Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн. Манай улсын хувьд малын мах, түүхий эдийг экспортлох асуудал малын өвчнөөс шууд хамааралтай. Энэ утгаараа экспорт тал дээр асуудал хүндрэл дагуулах вий гэдэг болгоомжлол байна. Тэгэхээр энэ асуудалд одоогийн нөхцөлд ямар арга хэмжаа авах шаардлагатай байна вэ?
-Малын шүлхийн САТ-1 гэх шинэ төрлийн өвчлөл Баян-Өлгий аймагт бүртгэгдэж, улмаар Ховд аймгийн зарим сумдаар бүртгэгдэж эхэллээ. Олон улсын мал эмнэлгийн байгууллагууд нэлээн эртнээс энэ асуудлыг бидэнд сануулж ирсэн. Африкаас гаралтай, сүүлдээ Ойрх Дорнод, Дундаз Ази гэх байдлаар тархсан. Одоо манай улсад бүртгэгдээд байна. Тархалт хүрээгээ тэлж байна гэсэн үг. Энэ утгаараа олон улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагууд нэлээн сандралтай байгаа гэх мэдээлэл байна. Эл өвчлөлийг хэт дэлгэрүүлж болохгүй. Онцгойлон анхаарал хандуулах ёстой. Нөгөөтээгүүр Монгол Улсын хувьд мал ахуйн орон. Малынхаа ашиг шимийг хүртдэг, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ гадагш экспортод гаргадаг гэдэг утгаараа маш том шаардлагуудтай нүүр тулдаг. Ингэхдээ олон улсын байгууллагуудын зүгээс, "Өвчнөөсөө сал" гэдэг зүйлийг л манайд хэлдэг. Дотооддоо шүлхий өвчнийг устгаагүй, салаагүй цагт танай махыг олон улсад гаргах нөхцөл бүрдэхгүй гэдэг. Тиймээс малын өвчинтэй хувьсгал зарлах хэрэгтэй. Тэгж байж монгол хүн өөрөө эрүүл байх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, гадаадад экспортлох боломж бүрдэнэ. Бид мал үржүүлгийн асуудал яриад л байдаг. Гэтэл хамгийн түрүүнд гоц халдварт өвчинтэй дайн зарлах, түүнд онцгой арга хэмжээ авах шаардлагатай.
-Ер нь манай улс нүүрсний экспортоос хамааралтай явдгийн хувьд эдийн засгаа солонгоруулах асуудлыг олон жил ярьж ирлээ. Түүний нэг нь яалт ч үгүй хөдөө аж ахуйн салбар. Ер нь таны харж буйгаар манай улс энэ салбарын бодлогод хэр анхаарал хандуулж байна вэ?
-Миний хувьд, угтаа бол зам тээврийн салбарын хүн шүү дээ. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар руу нэлээдгүй "ороод" байгаа. Учир нь, өнөөдөр бид эдийн засгаа тэлэх, солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн салбартаа анхаарах хэрэгтэй болчхоод байна. Хэрэв ЖДҮ-ийг хөгжүүлж, ажлын байр бий болгоё гэж байгаа бол хөдөө аж ахуйгаас эхлэх ёстой гэж ойлгож байна. Хөнгөн үйлдвэрийг хөгжүүлье гэхэд арьс шир, ноос ноолуур гэдгээс эхлүүлээд эл салбар руу холбогдоно. Сүү сүүн бүтээгдэхүүн, мах зэргээр мал аж ахуйн салбар руугаа холбогдчихоно. Би 2017 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилготойгоор "Шинэ хөдөө" хөтөлбөрийг боловсруулж байв. Хөгжиж буй орнуудын 80-90 хувь нь ЖДҮ-д үндэслэн хөгжиж байгаа. Тэнд хамгийн гол нь ажлын байр бий болж байгаа шүү дээ. Үүнд үндэслэн бидний хүсээд байгаа дундаж давхарга бий болох учиртай юм. Тэгэхээр ЖДҮ-ийг хөгжүүлье гэхээр явсаар байгаад хөдөө аж ахуйн салбартайгаа л холбогдоно. Би дахиад хэлье. Булган аймгаас сонгогдон гарсны хувьд мал аж ахуйн салбартай их ч "ноцолдож" байна. Бид чинь зэрлэг мал аж ахуйтай байна шүү дээ. Бидний онцлог бол бэлчээрийн мал аж ахуй. Хэрэв техник технологийг нь сайжруулаад, үр өгөөжийг нь нэмэгдүүлээд явбал дэлхийд гарах боломж бололцоо бидэнд байна. Бэлчээрийн мал аж ахуй чиглэлд дэлхий нийт ч анхаарал хандуулдаг болж ирж байна. Гэтэл тэр аж ахуй нь монголд бэлэн байна шүү дээ. Тиймээс техник технологитой нь уялдуулаад хөгжүүлэх асуудлыг нь ярих хэрэгтэй болчхоод байгаа юм.
Одоогоор 240 мянган өрхийн 160 мянга гаруй малчин гэх статистик мэдээлэл гарч байгаа. Энэ өрхүүдийн хийх ажил нь мал аж ахуй. Хэзээнээсээ эрхэлж ирсэн ажил нь учраас мал аж ахуйгаа дагаад, амьдралаа залгуулаад явж байгаа. Гэхдээ яг бодит байдлыг харвал, мал аж ахуй нь өөрөө тийм ч ашигтай байхаа больчхоод байна шүү дээ. Тиймээс л залуучууд энэ салбараас зугтаад байна.
Өнөөдөр хүний нөөц байхгүй боллоо, шинэ малчин байхгүй боллоо, залуу малчин байхгүй боллоо гэдэг асуудлууд хөндөгдөж байна. Үнэн хэрэгтээ мал аж ахуйгаараа амьдралаа авч явах нөхцөл бололцоо нь дутмаг болж байхад тэнд яаж залуу хүмүүс очих вэ.
Сурч боловсорч байгаа аль нь нэг орчин руугаа л явахыг бодно шүү дээ. Тэгэхээр шинэ малчин бий болгох асуудал нь эргээд мал ахуй нь ашигтай, техник технологи нь хөгжсөн, суурин аж ахуй руугаа тодорхой хэмжээнд ойртсон байхтай холбогдоно. Ингэж байж эдийн засаг маань төрөлжиж, илүү өргөжих ёстой. Бид уул уурхай гэж олон жил явлаа. Эрт дээр үеэс эрхэлж ирсэн мал аж ахуйн салбараа хаячхаад яваа нь бодит үнэн. Өөрөөр нь л явуулаад байна.
-ХААХҮ-ийн сайдын хэлсэн үг сумын ХАА-н мэргэжилтний толгойг тогшдог л байх ёстой. Түүнээс л хариуцлага эхэлнэ. Түүнээс биш бодлого дундаа тасардаг байх ёсгүй-

-Таны ярьж байгаачлан энэ салбар дагасан ажлын байрыг бий болгоход түүнд тохирсон таатай хууль эрх зүйн орчин хөшүүрэг болох учиртай. Саяхан УИХ дээр Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ. Та хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Хуулийн төсөлд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-М.Мандхай нарын гишүүдээс "Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл"-ийг оруулж ирсэн. Энэ бол бидний хүсэж байсан хууль. Энэ утгаараа миний бие ажлын хэсгийг нь ахалж байгаа. Асуудлыг нь тойроод л яваа болохоос хөдөө аж ахуйн салбараа хэрхэн, яаж хөгжүүлэх юм бэ гэдэг дээр төсөөллийг нь багцаалж гаргасан хууль байхгүй. Тиймээс эл анхдагч хуулийн төслийг дэмжиж байгаа. Та бид хоёрын сая ярьсанчлан, мал аж ахуй газар тариалангаа анхан шатнаас нь эхлүүлээд бүхэлд нь буюу том зургаар нь тодорхойлж байгаа юм. Тэнд ноу хау, үйлдвэрлэл үйлчилгээ, хяналт, эрсдэлийг нь оруулаад, хадгалах, тээвэрлэх гээд бүгдийг л цогцоор нь тусгана. Цаашилбал мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, ургамал хамгааллын хууль гээд бусад хуулийн төслүүдээр өргөжөөд явна.
ХАА-н тухай хууль нь мал аж ахуй, газар тариалангийн салбарын хувьд нэгэн шинэ хувьсгал болох учиртай юм.
Миний хувьд ажлын хэсгийг ахалж буйн хувьд нэг асуудал дээр тодорхой өөрчлөлтийг суулгахаар бодсон боловч дэмжигдээгүй. Энэ нь, ХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Засгийн газрын гишүүнд бүр том эрхийг нь өгөх. Түүгээр дамжин хөрсөн дээрээ буусан шийдвэрүүд гардаг байх учиртай.
Өөрөөр хэлбэл, яамнаас нь аймаг сумын мал эмнэлгийн тасаг хүртэл нь босоо системтэй байлгая гэж байгаа юм.
Өнөөдрийн нөхцөлд, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат маш олон шинэчлэлийн ажлуудыг ярьж байна шүү дээ. Өмнөх сайд нар ч ярьдаг л байсан. Гэтэл сайд нар маань Улаанбаатар хотод л бодлогоо яриад байна. Хэрэв тухайн орон нутгийн Засаг дарга жаахан сүйхээтэй байгаад МАА, ХАА руугаа анхаарал тавьдаг бол тухайн сайдын ярьж байгаа асуудлыг шүүрч аваад хэрэгжүүлж байгаа. Цаашилбал, сум баг руу очиход нөгөө бодлого бүр л байхгүй болчихдог.
Сумын ХАА-н мэргэжилтэн нохой алах, хог цэвэрлэх асуудлыг л шийдээд явж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, энд сайдынх нь ярьж байгаа бодлого тэр сумд хүрч очихгүй, хэрэгжихгүй байна. МАА-н салбараа өөрөөр нь л өнхрүүлээд байгаа болохоос төрийн захиргааны төв байгууллага, яамнаас гарч буй бодлого хөрсөн дээр хэрэгжиж байна уу гэдэг эргэлзээтэй байдаг.
Хаа нэг хурал цуглаан хийдэг юм. Түүнд нь сумынхан нь барагтай бол очдоггүй. ХАА-н салбарын бодлого тодорхойлж, түүнийг зангидаж буйн хувьд сайдын хэлсэн үг тэр суманд ч хүрч хэрэгжиж байх учиртай. Шинэчлэлийн үед босоо тогтолцоо байх ёстой. Салбар өөрөө хөл дээрээ босоод ирсэн үед түүнийг хэвтээ систем рүү оруулаад яваад явж болно. Өөрөөр хэлбэл, бодлого дундаа тасраад байна шүү дээ. Тасрахгүй байлгахын тулд л босоо системийг яриад байгаа юм. Ц.Идэрбат сайдын хэлсэн үг тэнд байгаа сумын хэмжээнд ч хэрэгждэг л байх ёстой. Энэ агуулгыг ерөнхийд нь суулгасан.
-Ер нь чухал шаардлагатай гэж батлагдсан хуулийн төслийнх нь хэрэгжилт ойлгомжгүй, хаана "гээгдсэн" нь ойлгомжгүй байдлаар явах нь элбэг. Зарим үед парламент дамжаад хоцордог асуудал ч байдаг. Ер нь энэ парламент тухайн хуулийг батлах чиглэлд хэр урагштай ажиллаж чадна гэж та харж байна вэ?
-Таны санаа зовж буй зүйлийг ойлгож байна. Түүний тулд хууль өөрөө амьдрал дээрээ хэрэгждэг байх ёстой. Тэгэхгүйгээр ерөнхий байдлаар томьёолсон, лоозондсон хууль хэрэгжихгүй байна. ХААХҮ-ийн сайдын хэлсэн үг сумын ХАА-н тасгийн мэргэжилтний толгойг тогшдог л байх ёстой. Түүнээс хариуцлага эхэлнэ. Хэрэв ингэж чадвал хүссэн хүсээгүй энэ хууль салбарынхны анхааралд ороод ирнэ. Ажлын хэсэг дээр ажиллах явцад гол анхаарсан зүйл бол, алхам тутамд хариуцлага байж энэ хууль амилна. Тэгэхгүйгээр ерөнхий байдлаар сайхан копидоод тавьчихсан мэт, ёс төдий хууль батлаад гаргачихвал тэр нь амьдрал дээр хэрэгжихгүй шүү дээ. Таны хэлдгээр замхраад л алга болно. Хаана явж байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч хариуцлага байхгүй, ямар ч тогтолцооны өөрчлөлтийг нэхээгүй хуулиуд цаасан дээрээ л замхраад алга болж байна. Тиймээс гишүүд салбарын анхдагч хуулийн төслийг дэмжинэ гэж найдаж байна.
-Бид нэг гараараа гадаадын банк оруулж ирэх ёстой гэж даллаад байгаа мөртлөө нөгөө гараараа хуулиа чангалаад хаагаад байна-

-Өнгөрөгч дөрөвдүгээр сараас Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр санал авч эхэлсэн байсан. Тус хуульд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг шүү дээ. Таны энэ удаа өөрчлөлт оруулахаар "барьж авсан" асуудал нь юу юм бэ?
-Өмнө нь яриандаа дурдсанчлан би зам тээврийн салбарын хүн. Таван жилийн өмнө турш ЗТЯ-ны ТНБД-аар ажилласан байдаг. Сүүлд сайдаар ч ажилласан. Энэ хугацаанд монгол орны бүх аймгийг авто замаар холбох, иргэний нисэхийн асуудлуудаас авхуулаад олон асуудлыг хариуцаж ажилласан. 2013 оноос эхэлж Булган аймагт ажиллаж эхэлсэн. Гэтэл аймгууд дээр очоод ажиллахад бидний яриад байдаг "Зам дагаж хөгжил" гэдэг зүйл харагдахгүй байсан. Хэдэн зуун километр замын тууз хайчлаад байсан боловч жинхэнэ хөгжил гэдэг чинь хүний хөгжлөөр тодорхойлогддог юм байна гэдгийг олж харсан. Ажилтай, амьдралтай байх нь л өөрөө хүний хөгжил юм байна гэж харж байна. Халаасандаа хэдэн арван төгрөгтэй, санаа зовох зүйлгүй бол үр хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаараад л явчихна. Гэхдээ үүнийг бий болгохын тулд юу чухал юм бэ. Тэр нь ажлын байр. Заавал таныг ажилтай болгоё гэхээс илүүтэй та өөрөө хөдөлмөрлөөд, бизнесээ хийгээд, санхүүгийн боломж бололцоогоо дээшлүүлээд явбал түүнийг дагаад ажлын байр бий болно. Хөгжиж буй орнуудын 80-90 хувь нь ЖДҮ-д тулгуурлан хөгжиж байна. Үүнийг бий болгохын тулд мөнгөний асуудал л гарч ирнэ.
Маш олон залуучууд ийм зузаан, зузаан төсөл хөтөлбөрүүд бариад явж байгаа. Харин түүнийг яагаад хэрэгжүүлж чадахгүй байна вэ гэдэг асуудлын хариулт нь мөнгө. Гэтэл тэр мөнгө чинь банканд байна.
Харин банкны мөнгө хүү ихтэй байгаагаас бизнес эрхлэх санаа, боломж нь хумигдчихаж байгаа юм. Тэгэхээр хөгжлийн гол түлхүүр нь явж, явж банкны хүүтэй холбогдож байна. Мөнгө нийлүүлэлт нь байхгүй байгаагаас банкны хүү өндөр байна.
2021 онд банкны хувь эзэмшигчийн хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байхаар хууль баталсан. Гэвч 2021 оноос хойш 5-6 жилийн хугацаанд банкны хувь эзэмшигч өссөн боловч дорвитой үр дүн гэхээр зүйл гараагүй. Тиймээс одоогийн нөхцөлд бид гаднын банк оруулж ирэх үүд хаалгыг томоор нээж өгөх ёстой.
Үүний тулд, гаднын хөрөнгө оруулагчдад тухайн банкныхаа удирдлагыг аваад ажиллах боломжийг нээх ёстой. Баахан мөнгө авч орж ирчхээд биднийг хараад сууна гэж байхгүй шүү дээ. Үүний тулд банканд эзэмших хувьцааг нэмэгдүүлэх шаардлагатай болж буй юм.
Тэгэхээр Банкны тухай хуульд дахин гар хүрч, нээлттэй банк байгаа тохиолдолд 35 хүртэл хувь эзэмших, хаалттай тохиолдолд 50 ба түүнээс дээш хувиа эзэмшдэг байхаар заалтыг оруулж өгөх гэж буй юм. ОУВС-гаас гаргасан судалгаагаар банкны эзэмшигчийн хувь хэмжээг нээж өгөх ёстой гэсэн зөвлөмж гарсан.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж байгаа гол концепц нь гаднын банкыг оруулах боломжийг нээж өгөх явдал. Үүний тулд хувьцаа эзэмшигчдийг нэмэгдүүлэх заалтыг тусгаад байна.
-Өнгөрсөн хугацаанд гадаадын банк оруулж ирнэ гэдэг агуулгаар зөндөө ярьсан ч бодит ажил хэрэг болсон нь үгүй. Энд тэнд оруулж ирэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг болж байгаа харагдах юм. Ер нь манайд энэ асуудал бодит ажил хэрэг болохгүй байгаа шалтгаан нь юу вэ. Гадаадын банкууд манай зах зээлийг хэр сонирхож байна вэ?
-Орж ирэх сонирхол байгаа.
Бид нэг талдаа гадаадын банк оруулж ирэх ёстой гэж ярьчхаад нөгөө талд хууль эрх зүйн орчноороо хаагаад байна. Нэг гараараа даллаад, нөгөө гараараа хуулиар чангалаад барьчихаж байна гэсэн үг шүү дээ.
Мэдээж жижиг зах зээл, хүнд суртал зэрэг тэдний зүгээс харж буй сөрөг хүчин зүйлс байгаа байх. Ямар ч тохиолдолд мөнгөө аваад монголд орж ирж байгаа нөхцөлд түүнийхээ менежментийг өөрөө барьж, захиран зарцуулахыг бодно шүү дээ. Аль нэг банканд өгчихдөг, түүнийг нь тарааж орхиод хэдэн жилийн дараа төлөгдсөн ч зүйлгүй байхыг хүсэхгүй. Тиймээс тухайн этгээдэд өөрөө менежментээ барих боломж бололцоог нь нээхийн тулд хувь эзэмшлийг нь нэмэгдүүлье гэж байгаа юм. Хоёрдугаарт, дотоодын банкуудын ашиг өндөр байгаа. Энэ утгаараа дотоодын банкуудтай холбоотой лобби байхыг ч үгүйсгэхгүй юм.
Орж ирэх нийлүүлэлтийг л бид нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж байж зах зээл өргөжиж, өрсөлдөөн бий болно. Үүнийг дагаж л зээлийн хүү буурна.
-Таны хувьд зээлийн хүүг бууруулахтай холбоотой хуулийн төслийг мөн боловсруулж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Судалгааны түвшинд хуулийн төслөө боловсруулаад явж байна. Банкны хүүгийн дээд хязгаарыг 20 хувь болгож тогтоохтой холбоотой агуулга энэ хуулийн төсөл дээр явж байгаа юм. Монголд мөнгө хүүлж байгаа байгууллагуудын хүүг 20 дээр тогтооно л гэсэн үг.
Банкны системийнхэн буруу гэдэг байр суурин дээрээс сөрөг үр дагавартай гэж хэлж байгаа. Гэхдээ сөрөг үр дагавар гарна гээд буруу байгаа зүйлийг засахгүй байж таарахгүй. Үнэхээр болохгүй байвал хоёр жил оролдож үзээд больчихож яагаад болдоггүй юм. Үзэх хэрэгтэй байна шүү дээ. Үүнийг болно гэдэг өнцгөөр дуугарч байгаа хүмүүс ч байгаа шүү дээ.
-Банкны тухай хуулийн өөрчлөлтийн цаана салбарыг эрүүлжүүлэх, өрсөлдөөн бий болгох гол агуулга явж байгаа. Гэхдээ банк санхүүгийн салбарынханд өөрсдөд нь салбараа "эрүүлжүүлье" гэсэн хүсэл эрмэлзэл хэр байна гэж та харж байна вэ?
-Нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмшлийг 20 хувь болгож батлах үед банкны салбарынхан дургүй л байсан. Яагаад гэвэл "Та монопол байдал үүсгэж болохгүй учраас хувьцаанаасаа бусдадаа зар" гэсэн л агуулга шүү дээ. Гэтэл үндсэндээ тэр хүн үнэхээр хуулиа бариад зарсан уу гэвэл үгүй. Хувьцаагаа л өөр хүний нэр дээр шилжүүлчихсэн л асуудал шүү дээ. Бид сая хоосон зүйл л хийчихсэн гэж би дүгнээд байгаа юм.
Хэрэв хүүгийн дээд хязгаарыг тогтоогоод явбал хадгаламжийн хүү буурах ёстой. Тэгэхээр хадгаламж эзэмшигчид маань таагүй л хандах байх. Үндсэндээ танд хадгалуулж байгаа мөнгийг тодорхой хэмжээний ашгийн маржин нэмээд банк хүүлж байгаа шүү дээ. Мөнгө нийлүүлэлтийг нэмэгдүүлж, өрсөлдөөн бий болгож байж л хүүг бууруулах асуудлыг л яриад байгаа юм. Гэхдээ зах зээлийн эдийн засгийн зарчмаараа л явна.
Зах зээлд тодорхой хэмжээний зохицуулалт байх ёстой. Эдийн засаг, иргэдийн аж амьдрал ямар байгаа билээ. Дундаж давхаргаа дэмжихийн тулд тодорхой бодлогуудыг гаргах хэрэгтэй.
-Үр дагавар талаас нь яривал?
-Гадаадын банк оруулж ирснээр сөргөөсөө эерэг үр дагавар нь давах ёстой. Мөнгө нийлүүлэлт нэмэгдэнэ. Монголд орж ирэхдээ наад зах нь 500 сая ам.доллартой орж ирнэ. Тэгж байж үйл ажиллагаагаа явуулна гэдгийг Монголбанкныхан хэлж байгаа юм. Банкаа оруулахдаа 50 болон түүнээс дээш хувиа эзэмшиж байж банкаа оруулна гэдгийг зарим гадаадын банкууд илэрхийлсэн байдаг. Зөв шүү дээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг л бий болгоё гэж байгаа юм. Монопол бий болчихно гэдэг талаас нь харах хүмүүс байна. Дэлхийд долоон улс л гадаадын банкгүй буюу дотоодын банкаараа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түүний нэг нь манай улс шүү дээ.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!