Хөлбөмбөгийн ДАШТ эхэлсэнтэй холбогдуулан “Юнивишн”-ээс мэдэгдэл гаргаж, ДАШТ-ий хугацаанд шууд дамжуулж буй сувгуудын нөхөж үзэх, ухраах үйлчилгээг түр зогсоож буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэл “МҮОНРТ MNB, MNB Sport нь Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрх бүхий телевизүүдийн нэг бөгөөд өнгөрсөн хугацаанд тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, эрх эзэмшигч компанитай хамтран ажиллаж ирсэн.
Ер нь ийм хэмжээний олон улсын томоохон спортын арга хэмжээний дамжуулах эрхийн үнэ өндөр байдаг тул телевизүүд хамтран ажиллаж, нэгдсэн байдлаар оролцохгүй бол дангаараа санхүүжүүлэхэд хүндрэлтэй байдаг нь бодит нөхцөл юм.
Гэвч эрх эзэмшигч компани VOO платформтой байгуулсан гэрээ нь телевизийн үзэгчдийн эрх ашигт илтэд сөргөөр нөлөөлсөн, хэт нэг талд давуу байдал олгосон шинжтэй болсон нь харамсалтай байна.
Мөн Юнивишн компанийн гаргасан мэдэгдлийг уншаад гайхаж байна. МҮОНРТ-ийн эфирийн дохиог Юнивишн үйлчилгээний хүрээнд ухраан үзэх боломжийг зогсоох, эсхүл манай эфирийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх хэнд ч байхгүй. Ийм хүсэлтийг МҮОНРТ-с Юнивишн компанид гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Хэрэв үзэгчдийн эрх ашигт халдсан, МҮОНРТ-ийн эфирийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан аливаа үйлдэл гарвал хууль хяналтын байгууллагад хандаж, хуульд заасан арга хэмжээг авах болно” гэж тайлбарлалаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!