Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. Энэ үеэрээ тэрбээр "Улаанбаатар хотын ЗАА өмнө нь цэвэрлэгээ үйлчилгээ, хоол, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, нохой, муур устгал гээд бүх ажлыг хариуцдаг байсан. Одоо бүгдийг нь дүүргүүдэд нь шилжүүлсэн. Тэр байтугай төсвийг нь ч хороодод шилжүүлсэн.
Намайг ажлаа авахад өвөл зам дээр давсаа хүрзээр цацдаг байсан шүү. Хэд хэдэн удаагийн худалдан авалтаар хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилж нөхцөл байдал тэс өөр болсон. Энэ салбарын ажиллах хүч хомс байна гэхээр нь цалинг нь нэмсэн.
Тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл одоо ч үргэлжилж байгаа. Замын хажуугийн хашлага угаадаг, лаг хагшаасыг сордог машинууд ирж байгаа. Тэгэхээр одоо дүүргүүд хариуцсан ажилдаа эзэн баймаар байна. Би дүүргийн дарга нараас үүнийг шаардаж ажиллана" хэмээсэн юм.