ЦАРАЙ МУУТАЙГААРАА дуудуулсан үерийн далан ашиглалтад орсныхоо дараа нийслэлчүүдийг 100 жил үерээс хамгаалж, иргэдэд ГОЛЫН ЧИМЭЭ сонсож суух боломж олгоно гэв үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 45 секунд

Саяхан л санагдаж байна. 2023 оны долоодугаар сарын эхээр Улаанбаатарт үргэлжлэн орсон аадар бороо нийслэлчүүдийг урсгаж авч явангаа алдсан. Ялангуяа, Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас ойр орчмын орон сууцнууд, аж ахуйн нэгжүүд усанд автаж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан байдаг.

Ганц жишээ авахад, хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнд үнэлгээгээр 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл бий.

Тухайн үерийн аюул нүүрлэхэд голын голдирол хааж барьсан хэдэн барилгуудыг нэрлэсэн. Тэдгээрийн нэг нь "S Outlets" дэлгүүр байв. Улмаар тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "S Outlets" дэлгүүрийн барилгыг нурааж, үерийн далан байгуулах захирамжийг гаргаж байсан. Харин одоо тэр орчмын бүсэд 100 жилийн хугацаанд үерээс хамгаалах түшиц хана бүхий үерийн далан баригдаж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд энэ ажил иргэдээс багагүй шүүмжлэл дагуулж, царай муутайгаараа дуудуулж эхэлсэн. Ямартаа л зарим хэсэг нь "Байраараа байлдах уу" гэж цахим орчинд хошигноно.

Тэгвэл албаныхан "Үерийн далан бүрэн ашиглалтад орсны дараа шал өөр орчин угтана" гэх утга бүхий тайлбарыг өгсөн юм.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ сэргэлт” төсөл нь Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр авто зам, явган хүний зам, үерийн далан, ногоон байгууламж, тохижилтыг агуулсан иж бүрэн төсөл юм. “S’Outlets”-ын байршил буюу үерийн хамгийн өндөр эрсдэлтэй хэсэгт баригдаж буй 1.4 километр үргэлжлэх түшиц ханыг хийж дууссаны дараа тохижилтын ажил хийнэ. Эдгээр ажлууд зураг төсөлд туссан байгаа” гэв.

2023 оны долоодугаар сард болсон үерийн үеэр Сэлбэ голын эрэг дагуу 3.5 метр шороон далан байсан бол одоо барьж буй далан нь газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр хүртэлх төмөр бетон хийцтэй аж. Уг ажил ирэх зургаадугаар сарын 30-нд дуусах гэнэ.

Харин ажил гүйцэтгэгч "Престиж инженеринг" ХХК-ын гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос хойш барилгажилт ихэссэнээр Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан. Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэгт хана, хамгаалалт хийхгүй бол “Буянгийн зам” орчмын орон сууц байнгын усанд автана.

Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байгаа юм. Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд голын чимээ сонсонгоо амарч суух нөхцөлийг хангасан байхаар төлөвлөсөн” гэж тайлбарлалаа.

Дашрамд дурдахад, 2023 оны үерээр Сэлбийн далан секундэд 45 шоо метр ус өнгөрүүлсэн аж. Харин ойрын жилүүдэд үүнтэй харьцуулахад 5-7 дахин их үерийн ус орж ирэх магадлалтай учраас энэхүү түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн байгууламжийг барьж байгааг албаныхан онцоллоо.

Г.Батзориг: Монголбанк өөрөө бодлогын хүүгээ ч өсгөлөө, инфляциа ч алдлаа. Үүнд АНУ-ын тарифыг шууд буруутгах шаардлага байхгүй
Г.Батзориг: Монголбанк өөрөө бодлогын хүүгээ ч өсгөлөө, инфляциа ч алдлаа. Үүнд АНУ-ын тарифыг шууд буруутгах шаардлага байхгүй
 
Б.Энхбаяр: Д.Болорсүрэнг гэрч, хохирогчийн хамгаалалтад яаралтай авах ёстой юм байна
Б.Энхбаяр: Д.Болорсүрэнг гэрч, хохирогчийн хамгаалалтад яаралтай авах ёстой юм байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!