АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хилийн чанадаас нийлүүлж буй бүх бараанд татвар ногдуулах тухай шийдвэрээ өнгөрсөн Лхагва гарагт танилцуулсан. Тус улсын тарифын бодлогын нөлөө Монголын эдийн засагт ямар эрсдэл бас боломж байгаа эсэх тухай эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлого дэлхий дахиныг донсолгож байна. Татварын улмаас Азийн зах зээлийн уналт эхэллээ. Манай улсын хувьд энэ савлагаанд өртөж байна уу гэдэг нь анхаарал татаж байна?
-АНУ-д худалдааны эргэлт тийм ч өндөр биш. Нийт 800 сая ам.долларын асуудал бий. Энэ үүднээс Монголд шууд нөлөө нь татвартай холбоотой тийм өндөр байхгүй. Шууд бус нөлөө нь Хятадын эдийн засагт хүчтэй нөлөөлөхөөр байна. Хоёр улсын хоорондын өндөр татвартай холбоотой хэрэв Хятадын эдийн засаг саарч, цаашилбал гангийн үйлдвэрлэл буурвал манай нүүрсний экспортод шууд бус замаар нөлөөлөх эрсдэлтэй гэж харж байна.
-Таны харж байгаагаар өнөөдөр ямар эрсдэл үүсээд байна вэ. Нүүрсний уналт 2026 онд ч үргэлжлэх таамаг байгаа шүү дээ. Хэдий нүүрсний зах зээлд Хятадын хувьд манай улс багахан хувийг эзэлдэг ч тарифын нөлөөгөөр цаашид эдийн засагт үүсэх том сорилтууд гарч болзошгүй гэх болгоомжлол бий?
-Дахиад л тодорхой бус байдал их байна. Хэлэхэд бэрх. Тарифын бодлогоос улс орнууд хариу арга хэмжээ авч эхэллээ. Гэтэл тактик нь өндөр татвар тавьснаа "за болилоо" гэх байдлаар шийдвэр савлагаатай. Тиймээс таамаглал хийхэд маш хүндрэлтэй. Гэхдээ Америк Хятадын хоорондын худалдааны дайн оргил үедээ ирсэн нь үнэн болж байгаа юм. Энэ нь Хятадын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй Америкийн эдийн засагт ч нөлөөлөх нь тодорхой болсон байгаа. Энэ ужгирсан нөхцөл байдал нь энэ оны эдийн засгийн өсөлтүүдийг саармагжуулах байх. Цаашилбал нөхцөл байдал хүндрэхэд хөрөнгийн зах зээлээр дамжин хямрал руу хөтлөх ч эрсдэл байна. Хэдийгээр одоо шууд хэлэхэд эрт байгаа ч тодорхой бус байдал өндөр байна. Манай улсад сөргөөр нөлөөлөх вий гэсэн айдас бий. Хятадын эдийн засаг саарч байна, гангийн үйлдвэрлэл тарифаас өмнө буурсан байсан шүү дээ. Нүүрсний үнэ 40 хувь унасан байна. Тоо хэмжээний хувьд бид их хэмжээгээр гаргаж чадахгүй байна. Бидэнд сөрөг талын эвент хүлээгдэж байна гэж харж байна.
ГАДНЫ КОМПАНИ МОНГОЛД ОРЖ ИРЛЭЭ ГЭХЭД МОНГОЛ АЖИЛЧИД НОУ-ХАУГ Л АВЧ ҮЛДЭХ БОЛОМЖ БИЙ
-Нөгөөтэйгүүр хилийн чанадаас оруулж буй бараанд татвар ногдуулж байгаа нь магадгүй өмнө нь таны хэлсэнчлэн манай улсад боломж байж болох юм?
-Боломжийг хэрхэн харах вэ гэхээр Вьетнам аль эсвэл Малайз ч юм уу хямд ажиллах хүчтэй, татварын таатай орчинтой газруудад үйлдвэрүүд барьж байсан шүү дээ. Тэгэхээр Монгол шиг татвар багатай оронд гадны томоохон үйлдвэрүүд манай улсад байрших нь боломж гэж харж байна. Эргээд манайхаас АНУ-тай харьцахад асуудал үүсгэхгүй явах боломжтой. Үгүй бол тариф зарласан улс орнуудад Хятад болон түүний ойролцоох улсуудад өндөр хэмжээний татвар ногдууллаа. Ер нь АНУ-д дахин үйлдвэрээ байгуул гэдгийг л дэмжиж байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ манай улсад гадны компанийн үйлдвэрийн орчин, улирлын онцлог, ажиллах хүчний асуудал чухал. Ялангуяа манай улсын хувьд өвөл нь маш хүйтэн учраас үйлдвэрийн стандарт хүний нөөц зэрэг хэр нөлөөтэй вэ гэдэг нь дараагийн асуудал болно.
-Жишээ нь, Вьетнам, Тайланд зэрэг ажиллах хүч ихтэй улс орнууд Монголд үйлдвэрээ нээлээ гэхэд цаашилбал нүүрснээс хараат бус байх боломж бүрдэх үү. Бидэнд үүсэж болох боломжийг хэрхэн харж байна вэ. Бас эрсдэл бий юу?
-Саяхан Мексикт гаднын томоохон компани үйл ажиллагаа нэг хэсэгтээ явуулж байгаад татварын бодлоготой холбоотой үйлдвэрээ хааж байна. Иймд миний хувьд энэ бол байнгын зүйл гэж харахгүй байна. Яагаад гэвэл, Мексикт үйлдвэрээ хаахад энэ хэмжээгээр ажилчид цомхотголд орж, тухайн үйлдвэрийн оруулдаг байсан орлого бүхэлдээ буурч байгаа юм. Эдгээр нөхцөл байдлаас харвал шууд уул уурхайн зэрэг гаргалгаа бүхий бизнес биш. Гэхдээ ноу хау зэрэг зүйл бий. Монгол ажилчид тухайн үйлдвэрт ажиллаад тодорхой хэмжээний ноу хауг авч эргээд үлдэх боломж бий. Жишээ нь, сая цар тахлын үед Оюутолгой дээр монголчууд өөрсдөө ажилласан. Цар тахлаас хойш монгол инженерүүд нэлээн удирдах түвшинд ажилладаг боллоо шүү дээ. Энэ нь үйлдвэр нээх боломж нь юм болов уу гэж харж байна.
ХҮНД ЦАГТ АЛТ Л АМИНД ОРНО
-Сүүлийн үед Монголбанк “АНУ-ын бодлогын нөлөө”-гөөр гэх тайлбарыг эдийн засгийн таагүй үзүүлэлттэй холбон тайлбарлах боллоо. Мэргэжлийн хүний хувьд та хэрхэн харж байна?
-Дотоодын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг гадныхан руу чихэж л тайлбарлаж байгаа гэж харж багаа. Мэдээж нөлөөлж буй хүчин зүйл мөн үү, мөн. Наад зах нь нүүрсний үнийн уналтыг бид 2024 онд мэдэж л байсан шүү дээ. Гэтэл нүүрсний үнийг маш өөдрөгөөр төсөөлж төсөвт тусгасан. Оны төгсгөл болон 2024 оны төгсгөлөөс эхлэн төсвийн тэлэлт маш их явсан. Мөн эрчим хүчний реформ хийлээ, үүгээр инфляц 8 хувьд дөхөж байсан бол одоо дахиад 10 хувь даваад явж байна.
Бид дотоодын төсвийн бодлоготой холбоотойгоор Монголбанк өөрөө бодлогын хүүгээ ч өсгөлөө, инфляциа ч алдлаа. Гурав дахь нь ханшаа алдах гээд байж байна шүү дээ. Иймэрхүү тодорхой зүйлд бид АНУ-ын тарифыг шууд буруутгах шаардлагагүй байхгүй юу.
Угаасаа ойлгомжтой, нүүрсний үнэ 40 хувь унасан, Хятадын ченжүүд нүүрс авахгүй, агуулах дүүрсэн. Ийм үед манайхаас нүүрс авах боломж багасах нь тодорхой байхгүй юу. Үүнийг бид 2024 онд төлөвлөхдөө нэг талдаа төсвийн орлогоо бодитоор гаргах, төсөв дээрээ үр ашигтай таналт хийх ёстой болж байна. Ингэж байж эргээд бид саяны шокуудыг эрсдэл багатай даван туулах боломжтой байсан гэж харж байна.
-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын бодлого олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд сөрөг нөлөөлсөн ч алтны үнэ рекорд эвдэж байна. Цаашид алтны үнэ унц нь 3400-3500 ам.долларт хүрч өсөх магадлалтай байна?
-Мэдээж нүүрсний үнэ унаж байгаа ч алтны үнэ 3000 ам.доллар давсан байна. Энэ бол нүүрсний уналтыг бид нүүрсээ хэрхэн зарахаас үл хамаараад бид алтыг яахаас хамаарна. Саяхан Алт-3 гээд хөтөлбөр зарлачихлаа шүү дээ. Тэгэхээр дотоодын алт гаргадаг нөхөд хямдралтай зээл олгох байдлаар л явна шүү дээ. Монголбанканд алтаа тушаана, Монголбанк эргээд нөөцөө бүрдүүлэх замаар алтаа зарна. Иймэрхүү байдлаар алт нөхөх боломжтой. Яагаад гэхээр Д.Трампын шийдвэрийн дараа олон улсын хөрөнгийн зах зээл унана гэдэг нөхцөл байдал тодорхой бус боллоо. Хүлээлтийн байдал рүү орлоо. Энэ нь хүмүүс алтан дээр илүү барина гэсэн үг. Энэ жил алтны үнэ унахгүй болов уу гэсэн таамагтай байна. Монгол нүүрс алт зэс гэсэн гурван бүтээгдэхүүнээр сөөлжилдөг болохоор төсвийн орлого өөдрөг төсвийг гүйцэхгүй. Гэхдээ бүр дутахгүй байх гэдэг хүлээлттэй байна.
-Тэгэхээр бидний хувьд алт ганц найдвар болж байна уу?
-Алт шүү дээ. Тиймээс л "Алт-3" хөтөлбөр зарласан байна. Нүүрсийг бодвол онгоцоор тээвэрлэх боломжтой, овор багатай. Үнийн хувьд өндөр болохоор валютын орлого олоход ч хэрэг болно. Тэгэхээр хүнд цагт алт л аминд орно.
-Гэхдээ Доналд Трампын тарифын бодлого дөнгөж гараан дээрээ байгаа, цаашид он дуустал үргэлжилсээр байх нь тодорхой болж байна гэж зарим эдийн засагчид үзэж байна. Магадгүй алтны үнэ ирэх жилээс эргээд унаж болзошгүй гэх болгоомжлол ч байна. Хэрэв алтны үнэ өссөн цонх үеийг ашиглаж амжсан ч эргээд үнэ унавал манайд ямар нөлөө үзүүлэх вэ. Нүүрсний үнийн уналт ч бас үргэлжлэх таамаг байгаа шүү дээ?
-Манайх шиг төсвийн орлого нь цалингийн орлого шиг тогтмол орж ирдэггүй. Халтуур хийж үе үе мөнгө орж ирдэгтэй адил. Зарим үед мөнгө нь орж ирэхгүй алга болно. Үүнтэй адил өрхөөр бодвол орлого нь тодорхой биш. Ийм эдийн засаг дээр тодорхой хэмжээгээр олсон үедээ нөөцөлж эргээд хэцүү үедээ нөөцөө хэрэглэдэг зохион байгуулалт руу ордог буюу Норвеги, Чилийн жишээ болох Баялгийн сан гарч ирж байгаа юм. Яах вэ энэ л эрсдлийн үед зөв менежмент хийх арга нь байсан юм. Үүнийг бид хэрэгжүүлж чадаагүй. Янз бүрийн эрсдлийн ирээдүй өв сан, хөгжлийн сан үүсгэсэн ч хоорондоо тэрийгээ идэж уугаад дуусгасан, зарим нь төсвийн алдагдал нөхөх зорилгоор хэрэглэсэн. Одоогоор бидэнд тогтсон нөөц алга байна. Тэгэхээр алтны үнэ унавал эдийн засаг элгээрээ мөлхөх дээрээ л тулна шүү дээ. Ам.долларын орлого байхгүй болно, импортын хэрэглээг хэрэглээний зээлийг хязгаарлах замаар хязгаарлаж байх шиг байна. Тэгэхээр ер нь найдвар байхгүй л дээ.
-Эдийн засагт шок үүсэх нөхцөлд ямар дохио өгөх вэ. Магадгүй тэр үед бид төсвөө зайлшгүй танах шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй байх?
-2026 он гараад нөхцөл байдал өнөөдрийнхтэй адил үзэгдэл эхэлнэ шүү дээ. Валютын орлого багасна, бизнес уулзалтаар ирэх гадныхан цөөрнө. Нүүрсний тоо хэмжээ буурах зэргээр хамгийн наад захын үзүүлэлтүүд нь энэ. Дээр нь уул уурхайн компаниуд шатахуун, тоног төхөөрөмжийн төлбөрөө өгөх нь хоцроод л зарим нь авлага үүсгэж авах байдал руу орно. Эргээд цалин хөлс өсөх боломж муудаад л зах зээл дээр цусны эргэлтээр бодвол удаашрал явагдаж эхэлнэ. Үүний дараа валютын нөөц, ханш, инфляц дээр нөлөөлнө. Ерөнхийдөө дотоодын уул уурхайн компаниудын орлого тасалдах, илүү бартерын систем рүү шилжих өглөг авлага үүсэх зэрэг шинж тэмдэг эхэлнэ. Тэгэхээр одоогоор нүүрс тартагтаа тулчихаагүй байна. Засгийн газар долоо хоног бүр мэдээлэл өгч ярьж байна гэдэг нь Сангийн яам, Монголбанк өөрсдөө ажлаа хийгээд байна. Өмнө нь таг алга болдог байсан шүү дээ. Арга хэмжээ авч байгаа эсэх нь мэдэгдэхгүй. Одоо бол эдийн засаг дээр шокууд байгаа учраас ажиллах ёстой гэдгээ ойлгоод байна шүү дээ. Тиймээс ямар нэгэн зүйлд action авч байна гэдэг нь өөрөө эерэг тал гэж харж байна. Ам.доллар олж ирэх тухай Засгийн газар нь өөрөө бодож байна гэсэн үг шүү дээ. Боломжууд ч байна, гаднаас таван банк тус бүр 200 сая ам.доллар татахад л тэрбум ам.доллар болно. Банкуудад ийм чадамж нь байна. Дээр нь хэрэглээгээр дамжуулан импортуудыг хязгаарлаж байна. Дахиад тансаг зэрэглэлийн автомашинуудад такс тавибал иймэрхүү байдлаар валютыг хязгаарлах арга хэмжээг авч болно. Цагаа тулбал олон арга хэмжээ авах боломжтойг энэ Засгийн газар харсан байгаа нь ханшийг жилийн 15 хувь сулрах эрсдлийг хязгаарлаж байгаа байх гэж бодож байна. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ нөхцөлд одоогийн Засгийн газар ам.долларын ханшийг 3000 давуулах нь улс төрийн хувьд муу мэдээ шүү дээ.
ТАВАН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ВАЛЮТЫН НӨӨЦӨӨС ИЛҮҮ ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ СААРНА ГЭХ МЭДЭЭЛЭЛД ИТГЭЖ АМ.ДОЛЛАРЖИЛТ ЯВАГДАЖ БАЙНА
-Хэдий Сангийн сайд Б.Жавхлан валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн гэж зарласан ч 4.9 тэрбум ам.доллар байна. Хэрэв валютын нөөц нэмэгдсэн бол ханш тогтвортой байх биш үү. Эсрэгээрээ улам чангарсаар байна. Таны хэлсэнчлэн ханшаа алдах нөхцөл үүсэв үү?
-Зах зээл дээр хүлээлт төвөгтэй байна. Зах зээлийн ханшийг мэдээлэлд хамгийн ойр өндөр дүнтэй хадгаламжтай хүмүүс л хөдөлгөнө. Түүнээс биш энгийн ард найман шарга дээр очоод солиулъя гэхэд шалихгүй. Тэр хүмүүс түрүүлж мэдээлэл авсан учраас хурдтай хөдөлж байна. Тэндээс ам.долларжилт явагдаж байна. Хүлээлтээс үүдэлтэй ам.долларжилт хүчтэй явагдаж, тэрийг нь мэдээлэлд ойр хүмүүс ашиглаад байна. Их дүнтэй, мөнгөний алдах дүн их учраас найдвартайгаа л бодож байгаа санаа шүү дээ. Ийм байдлаар хүлээлтээр л бий болж байна. Нөгөө талд эдийн засаг өсөлттэй байгаа. Энэ үүднээс импортын өсөлт хадгалагдаж байна. Энэ хэмжээгээр ам.доллар хэрэглэж байгаа. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна, ам.доллар хэрэгтэй болно шүү дээ.
Яах вэ, таван тэрбум ам.доллар бол өмнөх эдийн засгийн нөхцөл байдлаа авч үзвэл 3 тэрбум ам.доллар луу орж байж улаан гэрэл асах ёстой. Тэгэхээр хангалттай нөөц бий гэсэн үг. Гэтэл хүмүүс илүү дотоод мэдээлэл ашиглаж долларжих хөдөлгөөн эхэлж байж магадгүй гэх хардлага байна.
Түүнээс биш эдийн засагт нүүрс асуудалгүй экспортолж эхэллээ, валютын нөөц нэмэгдэж эхэлсэн, дор хаяж гурван тэрбум ам.доллараас доош улаан гэрэл асах гээд байна шүү дээ. Гэтэл ийм зүйл байхгүй атал ханш ийм ороо бусгаа байгаа нь хүлээлтэд Засгийн газрын чадамж, гадаад худалдааны нөхцөл тодорхой бус болсон учраас хүмүүс Монголын дотоодын таван тэрбум ам.долларын нөөцөд итгэх биш Хятадын засаг саарна гэдэгт итгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хятад нүүрс авах магадлал бага байна гэдэгт илүү итгэж хөрөнгөө хадгалах гэж хичээж байгаа л санаа шүү дээ. Тэгэхээр валютын нөөц дан ганц таван тэрбум ам.долларт хүрэх нь хангалттай биш гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн нүүрс асуудалгүй гармаар байна, тоо хэмжээний хувьд өсөлт үзүүлмээр байна, төсөв орлогоо танамаар байна, нөөцөө ихэсгэж алтаа сайжруулмаар байна. Энэ мэтчилэн олон арга хэмжээг үе шаттай авч байж тодорхой хэмжээний итгэл үүснэ шүү дээ. Энэ байдлаас л харж байна гэсэн үг. Төгрөгөө ам.доллар болгож буй хүмүүс зах зээл дээрх таван тэрбум ам.долларын нөөцтэй байна гэх мэдээнд итгэхгүй шүү дээ. Тэндээс илүү түвшиний мэдээлэл авдаг хэмжээний хүмүүс байгаа.
-Ер нь Монгол хүн Монголдоо сайхан амьдрахад хамгийн дарамт болж буй зүйл нь юу нөлөөлж байна вэ. Эдийн засагчийн хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Нийгэм өөрөө маш их хэмжээний стресс дагуулж байна шүү дээ. Стресс багатай, түгжрэл, утаагүй ийм орчинд үр хүүхдээ өсгөөд, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан ч үнэ цэн нь огцом унахгүй, орлого нь бодитоор жил бүр өсдөг байх нь Монгол хүн Монголдоо амьдрахад тав тухтай, таатай болно шүү дээ. Гэтэл эдийн засаг өсөхийн хэрээр маш тодорхой бус бодлоготой, өдөр бүр сурпрайз барьдаг, энд нь бизнесийнхэн зохицож амждаггүй. Дээр нь хувь хүн нийгэмд их стрессийг даван туулж байгаагийн дээр ханшийн уналт, инфляц нь багахан орлогыг нь хоёр талаас иддэг. Иймэрхүү нөхцөл байдал нь Монголд амьдрахад нөхцөл байдал дээрдэхгүй байна гэх итгэл үнэмшлийг хүмүүст өгч байна шүү дээ. Тэгэхээр яг л бодлого нь тогтвортой баймаар байна, түгжрэл, утаа, тоосжил зэрэг нийгмийн стресс үүсгэдэг асуудлаа шийдмээр байна, ийм хэмжээнд явж байж л шийдэгдэхгүй бол ер нь Монголоос гаръя гэх бодол эндээс л эхэлж байгаа шүү дээ. Монголд амьдраад нөхцөл байдал сайжрахгүй юм байна гэж бодвол сайжрахгүй л гэсэн үг.
-Хөгжсөн улс орнуудыг харахад бизнес эрхлэгчдээ дэмжсэн байдаг. Манай улсын хувьд чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 34 жил болсон атал эдийн засаг нь улс төрөөс хамааралтай, бизнес эрхлэгчид тэлэх нь бүүхэл агшиж байна. Үүний тод жишээ нь, Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон хатуурууллаа. Дахиад л зээлийн хүүгийн дарамт буурахгүй бололтой?
-Монголбанкны хийх ёстой ажил бол бодлогын хүүг бууруулах ёстой шүү дээ. Залхуураад зээлийн хүүгээ бууруулах ажлаа хийхийн оронд иргэдийн өр орлогын харьцааг хязгаарлалт тавиад сууж байна шүү дээ. Эсвэл ханшаа алдана гээд шууд л бодлогын хүүгээ өсгөж байна шүү дээ. Үүнээс өмнө жилийн 17, 18 хувь цаашид 20 хувийн зээлийн хүүг бууруулах ажлыг хийх ёстой. Наад захын хамгийн эхэнд хийх ёстой ажил нь инфляц. 10 хувийн инфляцын дөрвөн нэгж хувь нь мах, сүү, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн дээр байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляц манайд хамаагүй гээд хаядаг. Гэтэл хамаатай болгож ажиллаж болно шүү дээ. Бид ямар Европын төв банканд ажиллаж байгаа биш дээ. Европын төв банканд ажиллавал ингэж болно. Гэхдээ Монголын төв банканд хийх ажил нь илүү их байдаг юм байгаа биз дээ. Монголбанк Европын төв банктай ойролцоо ажилладаг. Гэтэл бидэнд зээлийн хүүгээ бууруулах, инфляциа бага түвшинд барих зэрэг их даалгавар байгаа байхгүй юу. Хэрэгтэй, хэрэггүй цаас бичихийн оронд махны үнийг яаж нийлүүлэлтийн сүлжээг нь тодорхой болгох талаар Сангийн яамаар гүймээр байна. Бид ийм хэмжээнд нэмэлт хариуцлага хүлээж байж одоогийн нөхцөл байдлыг давна уу гэхээс Европын төв банк шиг бодлогын хүүгээ өсгөж, өр орлогын харьцааг хязгаарлаж макро зохистой бодлого гэж яриад байвал байгаагаараа л байна гэсэн үг. Яам, хувийн аж ахуйн нэгж ялгаагүй бусад хөгжингүй улс орнуудаас хоцорч яваа учраас хүлээж буй үүрэг хариуцлага өндөр байгаа. Бид илүү их санаачилгатай, өндөр хариуцлага хүлээж байж л хөгжихөөс биш хөгжсөн улсын жишгээр явбал урагшлахгүй. Бодлогын хүүг өсгөөд л, зээлийн хүү сүүлийн 10 жил нэг ч хөдлөөгүй. Зээлийн хүү яагаад буурахгүй байгаа вэ гэхээр улс төр макро эдийн засгийн орчин тогтворгүй байна л гэж ярьдаг. Үүнээс өмнө нь хийх зүйл олон байна шүү дээ. Наад зах нь, зээлийн мэдээллийн сан дээр нэг хүн таван банкнаас зэрэг зээл авдаг баймааргүй байна шүү дээ. Үүнийг лайв болгомоор байна. Хийх ажил их байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!