Г.Тэмүүлэн: Төсөвт тодотгол хийх нөхцлүүд аль хэдийн үүсчихсэн. ЗГ хөрсөн дээрээ бууж мөрөөдлийн жагсаалтаа эрэмбэлэх цаг болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
22 минут 7 секунд

УИХ-ын гишүүн, УИХ дахь АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэнтэй Монгол Улсын нэгдсэн төсөв, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Оны эхний сараас эхлээд л инфляц 9.6 хувь болж өслөө. Төсвийн орлогын гол жинг дардаг нүүрсний үнэ 40 хувиар буурч, экспорт ч буурч байгаа нь төсвийн орлого бүрдүүлэлтэд түгшүүрийн тохио өгч эхлээд байна. Эдийн засагчдын хэлж буйгаар хоёр сарын хугацаанд төсвийн орлого 1 орчим их наяд төгрөгөөр буурч, зарлага 1 их наяд төгрөгөөр өссөн тухай ярьж буй. Бодит статистик хэрхэн гарсан бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч хоёр сарын гүйцэтгэлийн дүнг гаргуулж авлаа. Үүгээр төсвийн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн гол орлогыг бүрдүүлж байгаа ОАТ, АМНАТ-тэй холбоотой гэсэн үг. АМНАТ-ийн орлого 542.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Он гарснаас хойших хоёр сарын зарлагыг авч үзвэл нийт 4.6 их наяд төгрөг, орлого 4 их наяд төгрөг байна. Том зургаар харвал төлбөрийн тэнцэл талаас ч мөн 680.7 сая ам.долларын алдагдалтай гарчхаад байгаа. Эдгээр нь төсөв болоод эдийн засагт нэлээд хүндрэлийг авчирч буй.

Манай төсвийн орлогын 50 орчим хувийг нүүрсний экспортын орлого бүрдүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр уул уурхайн салбараас 16 тэрбум ам.долларын орлого бүрдэж байсан бол үүний 8.7 тэрбум ам.доллар буюу 50-иас дээш хувийг нүүрснээс бүрдүүлж байсан.

Гэтэл энэ жилийн тухайд бидний төсөв дээр тооцоолж байсан нүүрсний үнэ он гараад 40 хувиар уналаа. Уурхай дээрх ам нөхцөлийн үнэ гуравдугаар сарын 10-ны байдлаар 79 ам.доллар, хил нөхцөлийн үнэ 76 ам.доллар байна. Цаашид нүүрсний үнийн уналт хэр хэмжээнд цааш үргэлжлэхийг таашгүй. Дээрээс нь эдийн засгийн нөхцөл байдал дэлхий нийтийн хэмжээнд саарч байгааг анхаарах ёстой. Дэлхийн эдийн засгийн гол хэмжүүр үндсэндээ Хятадын эдийн засгаас хамаардаг. Хятад улс энэ жилийн эдийн засгийн өсөлтөө 5 хувь байна гэж ярьж байсан бол саяхан Хятадын статистикийн хорооноос хийсэн хэвлэлийн хурлаас харахад 5 хувьд хүргэхээр зорьж буй эдийн засгийн өсөлт амаргүй цаг үетэй тулж байна гэдгээ мэдэгдлээ. Нөлөөлж буй гадаад хүчин зүйл нь АНУ, Хятад улс хоорондын геополитикийн нөхцөл байдал болоод “Трамп тариф”-ын цохилтууд, гэх мэт нөхцөл байдлаас хамаарч цаашид эдийн засаг төдийгүй, үнэ өөрөө хэрхэх нь тодорхойгүй гэдэг байр сууриа илэрхийллээ.

Бидний хувьд ч мөн маш хариуцлагатай цаг үе дээр ирээд байна. Магадгүй ирэх 2-3 долоо хоногийн дотор дотоодын эдийн засгийн энэ оны дүр зураг тодорхойлогдохоос гадна цаашлаад 3-5 жилийн эдийн засгийн төлөв байдал тодорхой болох байх.

Хятад Улсын ирэх 5 жилийнхээ хөгжлийн төлөвлөгөөг батлах гол их хурлууд хуралдаж үндсэн бодлого шийдвэрүүдээ гаргана. Эндээс тус улс цаашид үйлдвэрлэлүүдээ ямар байдлаар ажиллуулах шийдвэрээ гаргах байх. Магадгүй гангийн үйлдвэрлэлээ хэрхэх, тарифтаа ямар өөрчлөлт оруулахаас хамаарч түүхий эд болох нүүрсний эрэлт, нийлүүлэлтийн хувь заяа давхар яригдана.

Манай улс шиг эдийн засгийнх нь бараг 80 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай болчихсон. Тэр хэрээр гэнэтийн савлагаанд хамгийн түрүүнд өртөмтгий улсын хувьд хамгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа харж төсвийн тооцооллоо гаргах шаардлага үүсэж байгаа юм.

-Импортыг нэмэгдүүлэх биш хязгаарласан бодлогын зохицуулалтыг ЗГ, УИХ хийх шаардлагатай-

-Хятадын бүх ард түмний хуралдаан саяхан болоход эхний мэдээллээр гангийн үйлдвэрлэлээ бууруулах тухай ярьж байсан шүү дээ. ЗГ-аас төдийгүй Монголбанкнаас гангийн үйлдвэрлэл буурсан ч Монгол Улсын нүүрсний экспортын нөлөөлөл жин дарахгүй гэж тайлбарлаж байгаа. Харин нүүрсний үнэ унаж байгаа нь өөрөө асуудал дагуулахаар байна гэж үзсэн. Үүний цаана төсвийн орлого бүрдүүлэлтэд шууд утгаар нөлөөлж буй тул төсөв тодотгох тухай асуудал яригдаж эхлээд байна. Үнэхээр төсөв тодотгох нөхцөл байдал үүссэн үү?

-Бид өнөөдрийн үүсээд байгаа бодит нөхцөл байдлаа л харах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн уналт болоод дэлхийн эдийн засгийн худалдааны сөргөлдөөн, АНУ-ын тарифын бодлоготой уялдуулж гадаад орчноо харахаас гадна дотоодын хариуцлагагүй үйлдлүүдээ эргэж харах ёстой болж байна. Төсвийн хэт тэлэлтээс шалтгаалж төлбөрийн тэнцэлд ханшийн сөрөг нөлөөлөл үүсчхээд байгаа юм. Хамгийн эхний дохио нь алтны үнээс гарч ирж байна. Алтны үнэ өсөж байна гэдэг бол цаашид нөхцөл байдал хүндэрнэ гэж үздэг. Мөн мөнгөний бодлого талаас макро эдийн засгийн зохистой тэнцлийг хадгалах гол зүйл нь мөнгөний болон сангийн бодлого хоорондоо уялдаатай байх юм. Тиймээс Төв банк саяхан бодлогын хүүгээ 2 нэгж хувиар нэмж хатууруулсан нь миний хувьд авах ёстой шаардлагатай арга хэмжээгээ авсан гэж үзэж байгаа. Нэг талдаа эдийн засагт учирч болох эрсдэлүүдийг урьтаж саармагжуулах гэсэн бодлого гэж харж байна.

Гэхдээ Монголбанкнаас зөвхөн мөнгөний бодлого талаас зохицуулалтын арга хэмжээ авах нь хангалтгүй буюу ЗГ болон УИХ эдийн засгийн нөхцөл байдалд онцгойлон анхаарч, төсвийн болон сангийн бодлого талаас даруй зохицуулалтын арга хэмжээг авах ёстой. Тиймээс ойрын хугацаанд буюу аль болох нэн яаралтай төсвийн тодотголыг бид зайлшгүй хийх шаардлагатай байна. Эдийн засгийн хүнд үед бид валютын нөөцөө бүрдүүлэх, хадгалах арга хэмжээг авах ёстой. Товчхондоо УИХ болон ЗГ дотроо бодолтой, дороо суурьтай хөдлөх цаг нь болсон гэж хэлмээр байна.

2025 оны төсвийг хэлэлцэж байх үед хувь хүн талаасаа ч хэлж байсан. Ирэх 3-5 жилийн хугацаа эрсдэл дагуулж байгаа учраас төсвийн зардлыг өмнөх 2024 оны зардлын хэмжээнд барих ёстой. Ингэж байж валютаа аль болох гадагшаа урсгахгүй байх, ханшийн савлагаанд цохилт бага авах, мөнгөний нөөцөө бүрдүүлж, алдагдал багатай даван туулна гэдэг байр суурийг илэрхийлж байсан.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг төдийлэн төрөлжөөгүй байна. Нэг салбарын бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байгаа. Энэ нөхцөлд бидний олон жил ярьж ирсэн уул уурхайн мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг бид зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Бүр тодорхой хэлбэл, төсвийн тодотголд импортыг хязгаарласан зохицуулалтыг хийж өгөх ёстой гэж дүгнэж байна.

-Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, төсвийн таналт хийх ёстой-

-Төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөл үүсчихсэн гэж харж байгаа юм байна. Тэгвэл юу юунаас таналт хийх боломжтой гэж үзэж байгаа вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гэж буй төсөл, арга хэмжээг эхлээд эрэмбэлэх нь зайлшгүй зүйл юм. Эрсдэлийг олон талаас нь тооцоолж харах ёстой. Тухайлбал, УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан ЗГ-ын 14 мега төсөл дээр цаг хугацаа болоод ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой. Энэ 14 мега төслөөс гадна УИХ-ын хяналтад байхгүй буюу нарийвчилсан мэдээлэлгүй зүйлс бас байна. Энэ бол нийслэлтэй холбоотой асуудал.

Тодруулж хэлбэл, “Улаанбаатар-2040” гээд 23 төслийн асуудал яригдаж байх шиг байна. Хэвлэлийн мэдээллээс авч үзвэл ирэх 25 жилийн хугацаанд 236 их наяд төгрөгийн төслүүдийг хэрэгжүүлэх тухай асуудал яригдаж байгаа юм билээ. Эргээд 236 их наядын нийслэлд хэрэгжүүлэх төслүүдээс бараг 100 орчим их наяд нь буюу 94.8 их наяд төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэдэг зорилт дэвшүүлээд байгаа. Гэтэл манай улсын эдийн засаг өөрөө жижиг. Төсвийн хүрээ, орлого бүрдүүлэлт нэлээд бага. Зөвхөн энэ оны төсвийн зарлагыг авч үзэхэд 33.8 их наяд төгрөг шүү дээ. Үүнээс гурав дахин давсан зарлагыг зөвхөн нийслэлд зориулж улс, орон нутгийн төсвөөс зарцуулна гэдэг бол хүнд асуудал. Тиймээс бид энэ асуудалд илүү бодитой хандаж, олон талаас нь харж дүгнэх учиртай. Нэг талдаа бид мөрөөдлийн жагсаалтаар амьдарч болохгүй гэдгийг цаг үеий бодит байдал хэлээд байгаа юм.

Нэг амьсгаагаар олон том төслүүдийг зэрэг хөдөлгөх эдийн засгийн боломж харагдахгүй байгаа юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг чухалаас нь эхлээд эрэмбэлж, төлөвлөх хэрэгтэй.

Мэдээж хамгийн түрүүнд ач холбогдол өгөх ёстой төслүүдийг хугацаа алдалгүй явуулах л ёстой. Жишээ нь эрчим хүчний реформ, газрын тосны үйлдвэр барих төсөл, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг төслүүд тэргүүн эгнээнд яригдах нь зөв. Үүнийг анхнаас нь дэмжиж ирсэн. Эдгээрээс бусад зүйлсээ магадгүй бид хугацаа, санхүүжилтийн хувьд энэ удаад эргэж харах шаардлагатай байх гэж бодож байна. Үгүй бол эдийн засагт учрах сөрөг нөлөөлөл нь импортыг хэт өдөөж, нэмэгдүүлэх нөхцөл үүссэнээс болж инфляц огцом өсөх, гадаад валютын албан нөөцөд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэлүүд отно.

Дөнгөж саяхан 5.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй гэж байсан Монголбанк өнөөдөр 4.4 тэрбум ам.долларын нөөцтэй буюу 4-5 сарын л бодит хэрэгцээнд хүрэлцэхүйц хэмжээтэй байна. Тиймээс импорт нэмэгдэхийн хэрээр ханшийн савалгаа хязгаарлагдахгүй хэмжээнд хүрэх вий гэсэн болгоомжлол үүсэж байгаа.

Хаврын чуулган нээх үеэр УИХ-ын дарга хэлсэн үгэндээ эдийн засагт учирч байгаа эрсдэлээс хамгаалах бодлогын арга хэмжээг авах нь чухал гэдгийг онцолсон. Энэ удаагийн нэгдсэн чуулганаар томоохон хуулийн төслүүд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж батлахдаа маш болгоомжтой хандаж, олон хувилбараар асуудлуудыг тооцож, хямралд орохоос сэргийлэх нөхцөл байдлыг УИХ бодитоор гаргаж өгөх ёстой гэж харж байгаа. ЗГ ч мөн төсвийн хүрээний мэдэгдлээ тооцож оруулж ирэхдээ мэргэжлийн судлаачид болоод тэдний санал зөвлөмжүүдийг харгалзан үзэж, дээр нь олон улсын нөхцөл байдал, гадны экспертүүдийн санхүүгийн тооцоо судалгааг үзэх хэрэгтэй. Одоо бол бид төсвийг өөдрөгөөр төсөөлдөг цаг биш. Орлого буурч байгаа үед ямар тохируулгыг хийх вэ гэдгээ бодох л ёстой.

-Монголбанкнаас эдийн засгийн нөхцөлийг тооцоолж мөнгөний бодлогоо хатууруулах арга хэмжээ авч байгаа байдал зэргээс харахад бид эргээд ковидын үе рүүгээ ухарчихлаа гэж харагдаж байна. Тухайн үед 12 нэгжид хүргэж чангаруулж байсан нөхцөл өнөөдөр давтагдаж байна шүү дээ. Үүнийг эдийн засгийн бодит ухралт гэж харж болох уу?

-Бид энэ оны төсөвт үүсээд байгаа бодит асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай. Монголбанк бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар өсгөнө гэдэг бол зах зээлд багашүй хүндрэлийг дагуулж байгаа. Банкуудын зээл олголтын нөхцөл чангарч, хүү нэмэгдэхээс авахуулаад иргэдийн хэрэглээний зээлийн шаардлага ч мөн өндөрсөж байгаа гэсэн үг.

2024 оны 9 сард нөхцөл байдал харьцангуй дажгүй байсан. Бодлогын хүү 10 хувьтай байсан. Эндээс нэг зүйлийг анзаарч харах хэрэгтэ байх. Монголбанкнаас хамгийн сүүлд хэзээ бодлогын хүүг хоёр бүхэл тоогоор нэмж байсан бэ гэдэг судалгаа анхаарал татна. Тодруулбал, хамгийн сүүлд ковидын үед буюу 2022 оны зургаан сард 10 хувь байсан бодлогын хүүг 9 сард 12 хувь болгож чангаруулж байсан юм билээ. Тэгэхээр энэ байдал 2025 онд давтагдана гэдэг бол төсвийн төлөвлөлтөө хэт өөдрөгөөр төсөөлснөөс үүдэлтэй эдийн засгийн ухралт гэж хэлж болно.

-Төсөвт тодотгол хийхгүй гэж "гүрийх" нь өөрөө хямрал руу түлхэж байгаа хэлбэр-

-Засгийн газар төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа шүү дээ. Хэрэв төсөвт тодотгол хийхгүй юм бол өөр ямар байдлаар энэ хүндрэлийг даван туулах шийдэл байгаа юм бэ. Магадгүй бонд гаргах замаар алдагдлаа нөхөн нөхцөл рүү орох юм биш биз?

- Төсөвт яаралтай тодотгол хийх асуудал нь эдийн засгийн бодит эрсдэлд зөөлөн газардах ганц арга зам нь. ЗГ нэгдсэн төсвийн хүрээнд нь өргөн утгаар харах ёстой. Сангийн яамны албан ёсны сайтад тавигдсан мэдээллээр бол энэ жилийн нийт зардал болоод хөрөнгө оруулалтын зардал нийт дүнгээрээ 38 их наяд төгрөг гэсэн байна лээ. Таван их наяд төгрөгийн зөрүү хаанаас гарч ирэв гэдэг нь тодорхойгүй. Хэрэв нийслэл 5 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлж байгаа бол төсвийн хүрээнд төсөөлж тооцоолоогүй бодит эрсдэлүүд үүссэн байна гэсэн үг.

Улсын төсвийн 70-80 хувь нь импортыг дэмждэг. Гэтэл бид импортын тодорхой хязгаарлалтуудыг хийхгүй бол ханшийн савалгаанд өртөх болит эрсдэл үүснэ.

-Нэгэнт Засгийн газрын байр суурь тодотгол хийхгүй гэж байгаа ч өөр замаар тодотгол хийх хэмжээний нөхцөл байдлыг үүсгэж болох уу? Магадгүй, түрүүний хэлдэг “Улаанбаатар-2040” болон бусад хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн төслүүдэд зардлын тооцооллыг өсгөх замаар зүс хувиргаж оруулж ирвэл яах вэ гэдэг хардлага байна?

- Ямар нэг байдлаар аргацаасан байдлыг УИХ авч хэлэлцэж болохгүй. Гал унтраах байдлаар асуудалд хандаж огт болохгүй. Тэгэх тусам нөхцөл байдал улам л хүндэрнэ гэсэн үг. Бидний хувьд хүссэн хүсээгүй төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах тухай асуудал чухал болчхоод байна шүү дээ. Зарчмаа барьж, улс орны эдийн засгийг элгээр нь хэвтрүүлчихгүйн тулд эрүүл аргаар авч болох бодлогын арга хэмжээг бид авах л ёстой. Тэр нь тодотгол болохоос хуульд хулгайгаа шургуулах тухай асуудал огт биш юм.

-2025 оны төсвийн ажлын хэсгийг та ахалж байсан хүн шүү дээ. Тухайн үед эдийн засгийн бодит эрсдэлийг хэрхэн тооцоолж ярилцаж байсан юм бэ. Алдагдалгүй төсөв батлуулж чадлаа гэж ярьцгаах үед 2025 оны төсөвт тодотгол орохгүй байх гэдэг тайлбаруудыг гишүүд өгч байсан. Өнөөдөр эсрэгээрээ тодотгох ёстой гэж ярьж байна. Үүнийгээ юу гэж дүгнэх вэ?

-2025 оны төсөв хэлэлцэж байх үед миний хувьд байр сууриа удаа дараа илэрхийлж байсан. 2024 оны зарлагын дээд хэмжээ буюу ЗГ-аас хамгийн анх өргөн барьсан 35.8 их наяд төгрөгийн төсвийг 5 их наяд төгрөгөөр бууруулах зайлшгүй шаардлага байгааг сануулж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ч төсөвт онцгойлон анхаарал хандуулж хориг тавьсы дүнд ЗГ дахин төсөв өргөн барьсан. Хоёр дахь удаагаа өргөн баригдсан төсөв дээр ажлын хэсэг гарсныг миний бие ахалсан байдаг. Анх өргөн барьж хэлэлцүүлсэн төсвөөс 2.4 их наяд төгрөгийн таналтыг хийж УИХ баталсан. Тухайн үед бидний тооцоолж байсан эрсдэлээс илүү хүнд нөхцөл байдал үүссэн.

Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, бодлогын шийдвэрүүд болоод АНУ-ын худалдааны хатуу бодлого, дэлхийн эдийн засгийн дүр төрх тухайн үеийн тооцоололд ингэж хүндэрнэ чинээ төсөөлөгдөөгүй. Тиймээс одоогийн нөхцөл байдалд бол өмнө нь 5 их наядаар бууруулах ёстой гэж үзсэн төсвийн тооцоолол түүнээс ч өндөр хэмжээгээр танагдах хэмжээнд хүрчихсэн байна.

Бидний гаргасан бодлогын нэг алдаа нь 2024-2025 оны зардлын өсөлтийг хэдийгээр 2.4 их наяд төгрөгөөр бууруулсан ч болит эрсдэлийг хохирол багатай даван туулах хэмжээнд хүрч чадаагүй байж гэж дүгнэж байна. Тиймээс тодотголоор зардлаа дахин танах шаардлагатай л хэлье.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн амин заалтыг буцааж сэргээх хуулийн төсөл удахгүй өргөн барина-

-2025 оны төсвийг хэлэлцэж батлах процесс дунд хаягдсан гол зүйл нь төсвийн тогтвортой байдлын амин сүнс болсон тохируулгын заалтыг авч хаяснаас үүдэлтэй зарлагыг дураар өсгөж оруулж ирсэн тохиолдол байсан. Тухайн үед чуулганы хуралдаанаар төсөв хэлэлцэх үед таны хамгийн их маргаж, эсэргүүцэж байсан асуудал энэ. Хаврын чуулганаар уг заалтын сэргээх хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдэж байсан. Хэзээ өргөн барьж хэлэлцүүлэхээр зэхэж байгаа вэ?

-2024 оны төсвийн дотогол хэлэлцэгдэх үед Сангийн яамнаас хуульд оруулсан өөрлөлтийг буцаах, бодлогын алдаагаа засахыг шаардаж ажилласан. Энэ хүрээн төсвийн тогтовортой байдлын амин сүнс болсон 6.1.2, 6.1.3 дахь заалтуудын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар буцааж сэргээх зорилготой байгаа. Ирэх долоо хоногт хуулийн төслөө өргөн барихаар төлөвлөж байна.

Уг асуудал нь төсвийн суурь тэнцэл болоод суурь зарлага гэдэг нэрийн доор ЗГ тодорхой хэмжээний зардлыг хязгааргүй өсгөх нөхцлийг өөртөө бүрдүүлсэн явдал. Энэ заалт хасагдаагүй байсан бол ЗГ төсвийн зарлагаа 5 их наядаар өсгөж оруулж ирэх боломжгүй байсан. Хуульд нийцүүлж 10 хувиар л зардал өсөх бодит тооцоолол гарч болох байсан гэсэн үг.

Тиймээс төсвийн тогтвортой байдлыг хангасан тохируулгын заалтыг зайлшгүй эргэж мөрдөх ёстой. Энэ нь Монгол Улсын дунд хугацааны төсвийн тогтвортой байдалд хамгийн том ач холбогдолтой заалт. Нөгөө талаас уул уурхайн мөчлөг сөрсөн бодлогын нэг гол хэсэг нь болж буй. Мөн Голланд өвчнөөс сэргийлэх төсвийн тохируулгын чухалт заалт гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!