Энэ хавар Ардчилсан намын дотоод сонгуульд багагүй хугацаанд үргэлжилж, аймаг дүүргийн намын хорооны дарга тэргүүтэй бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Тухайлбал, СБД-ийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Х.Болормаа улиран сонгогдсон байдаг. Харин тавдугаар сарын 29-нд Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцсон тогтоолыг гаргасан юм.
Тодруулбал, тус дүүрэгт болсон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор намын гишүүдээс Хяналтын Ерөнхий хороонд гомдол ирүүлж, улмаар ХЕХ дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн. Ингэхдээ тус гомдолд Ардчилсан намын Үндсэн дүрмийн Аравдугаар бүлгийн 83.1, 84.1, 84.1.9, 89.1, 89.2.1, 89.2.3, 94.1, 94.4, 94.5, 94.6.1, 94.7 дахь заалт, Арван наймдугаар бүлгийн 140.1, 140.2 дахь заалт, Хяналтын Ерөнхий Хорооны Сонгуулийн Хяналтын Дэд хорооны илтгэгч гишүүн С.Од-Эрдэнийн илтгэх хуудас, Сонгуулийн Хяналтын Дэд Хорооны 2026 оны 5 сарын 29-ний өдрийн дүгнэлт, ХЕХ-ны Дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг гаргаж, дахин зохион байгуулахыг ЕНБД С.Баярцогтод даалгасан юм. Ингэснээр Х.Болормааг СБД-ийн намын даргаар сонгосон дотоод сонгуулийн шийдвэр ч хүчингүй болсон гэсэн үг юм.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас намын дотоод хяналт, сахилга хариуцлагыг сахиулах бүтэц болох ХЕХ-ноос гаргасан шийдвэртэй "сөргөлдсөн" мэдэгдлийг гаргав. Тус мэдэгдэлд "Ардчилсан намын шинээр батлагдсан Үндсэн дүрмийн хүрээнд улс орон даяар намын бүх шатны байгууллагуудын сонгууль зохион байгуулагдаж Зохион байгуулах зөвлөл, Нутаг дэвсгэрийн дэд зөвлөл, Хяналтын хороо үүрэгт ажлаа амжилттай зохион байгуулсанаа 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болсон Ардчилсан намын 18 дугаар Их хуралд танилцуулж 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүдийг Үндсэн дүрмийн 73.1.2 заалтаар баталгаажуулж, мөн шатны шатны сонгуульт албан тушаалтнууд сонгогдон батлагдсан билээ.
Гэтэл сүүлийн үед цахим орчинд Сүхбаатар дүүрэгт дотоод сонгуулийг дахин зохион байгуулах мэтээр мэдэгдлүүд гарч байгаад дараах тайлбарыг өгч байна.
Ардчилсан намын дотоод зохион байгуулалтыг Үндсэн дүрэмд нийцүүлэх ажлын хүрээнд Зохион байгуулах Зөвлөл нь дүүргийн Нутаг дэвсгэрийн Дэд зөвлөлийн шийдвэрийг хүлээн авч баталжуулан Намын их Хуралд өргөн мэдүүлж, дотоод сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц гомдол, маргааныг эцэслэн шийдвэрлэснээр тооцож шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэгт дотоод сонгууль зохион байгуулагдахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!