Худалдаа Хөгжлийн Банк ХК нь БНСУ-ын тэргүүлэх үүрэн холбооны оператор Korea Telecom (KT) болон арилжааны банк Woori Bank-тай стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь БНСУ-д ажиллах, суралцах, амьдрах гэж буй Монгол иргэдэд зориулсан банк, санхүү, харилцаа холбооны цогц шийдлийг санал болгох зорилготой юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын иргэд БНСУ-д очсон цагаасаа эхлэн өдөр тутмын хэрэгцээтэй санхүү, холбооны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна. Тухайлбал, ХХБ-ны харилцагчид Солонгост очоод утасны дугаар, дата багц, банкны үйлчилгээг илүү хурдан, хялбар, хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдэх боломжтой боллоо.
- ХХБ нь БНСУ-д буй харилцагч нартаа зориулсан тусгай хадгаламж, мөн орон сууц болон авто машины зээлийн бүтээгдэхүүнийг санал болгоно. Ингэснээр харилцагчид маань эх орондоо эргэн ирэхдээ орон сууц, автомашины худалдан авалтаа илүү уян хатан нөхцөлөөр шийдэх боломжтой болох юм.
- Woori Bank нь БНСУ-аас Монгол руу гадаад шилжүүлгийг хөнгөлөлттэй нөхцлөөр хийх боломжийг бүрдүүлж, ХХБ-ны харилцагчид Монгол хэл дээрх Woori банкны гар утасныхаа аппликэйшнээр дамжуулан хямд, түргэн шуурхай гадаад шилжүүлгийн үйлчилгээг авах боломжтой болж байна.
- KT компани нь ХХБ-ны харилцагчдад зориулан Солонгос дахь үүрэн холбооны багц, эхний саруудын төлбөрийн урамшуулал, гэнэтийн ослын даатгал зэргийг хамруулсан багцын үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр санал болгоно.
KT болон Woori Bank-ны ХХБ-ны харилцагчдад зориулж танилцуулж буй хамтрал бүтээгдэхүүн нь анх удаа хэрэгжиж буйгаараа онцлогтой. Энэхүү гурав талт хамтын ажиллагаа нь БНСУ-д ажиллаж, суралцаж, амьдрахаар зорьж буй харилцагчдын маань банкны данс нээлгэх, үүрэн холбооны үйлчилгээ авах, хуримтлалаа өсгөх зэрэг бодит хэрэгцээг хангах цогц боломжийг олгоно гэдэгт бид итгэлтэй байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!