Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 57 секунд

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг болон Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэгт уригдан орж ажилласан Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргажээ.

Түүний гаргасан гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Миний бие Норовын Тэгшбаяр, нь физикийн ухааны доктор, эрх зүйч бөгөөд Монгол Улсын Их Хурлаар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт мэргэжлийн хүний хувиар шинжээчээр уригдаж орж ажилласан.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн, Аюулгүйн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэгт мөн уригдаж тус тус ажилласан юм.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Цөмийн энергийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар, ҮАБЗ-өөр хэлэлцэж УИХ-д өргөн барьж гишүүдийн олонхийн саналаар зөвшилцөлийг баталсаны дагуу Засгийн газар уг гэрээнд 2025 оны 01 сарын 17-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.

Уг гэрээ нь ҮАБ-ын үзэл баримтлалд тусгагдсан тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн шугамаар хамгаалах, түүнчлэн гуравдагч хөршийн бодлогод нийцсэн гэж УИХ үзсэн.

Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт уран олборлохтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барьж байгуулах судалгааг эхлүүлэх гэж тодорхой тусгасан.

Дээрх хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт миний бие эрдэмтэн судлаачийн хувиар улс орныхоо эрх ашгийн төлөө уригдаж ажилласан. Түүнээс хувийн ашиг сонирхол огт байгаагүй болно.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд ажилласнаас үүдэж цахим орчинд ажил хэргийн нэр төр, алдар хүндээ гутаалгаж байгаадаа харамсаж байна.

Энэ үйлдэл нь мэргэжлийн судлаачид, шинжээчдийн урам зоригийг мохоож, нэр төрд халдаж байгаа мэт боловч цаад үйлдэл нь төрийн бодлогыг тасалдуулах, Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл гэж үзэж байна.

Тухайн үед хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийг төлөөлж, мэргэжлийн хүний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өөрийн хувийн facebook болох Норовын Тэгшбаяр хаягаас иргэдийг соён гэгээрүүлэх талаар болон хуулийн нэмэлт өөрчлөлт, ураны талаарх зөв ойлголтыг өгөхийн тул шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ мэдээлэл, постууд оруулж байсан. Гэтэл оруулсан мэдээ, мэдээлэл, постуудтай холбоотойгоор ураныг эсэргүүцэгч facebook-ийн “Аминаагийн аав” гэх хаягаас “Орангаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан Н.Тэгшбаяр доктор маань тэднийхээ ачийг хариулж хүхрийн хүчил байгальд хоргүй шүү гэж ярьдаг зовлонд унасан юм байна” гэсэн.

“Gursed Surenjaw” гэх хаягаас “Францад элгээ солиулсан эрдэмтэн ач тусын бодож хариу барьж байхад Монголдоо эргэн ирсэн хүү эхийнхээ хэвлий рүү хор шахаж ачлав” гэсэн, “Жанын Ганбаатар” гэх хаягаас “Францын уран олборлогч Арева компаниас авлига авсан гэмт хэрэгтний тоо өссөөр !!! 2 биш 3+ хүнд авлига өгсөн болоод явчихлаа шүү” гэсэн мөн “Khukhuu Khukhuu” гэх хаягаас “Орангаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан Н.Тэгшбаяр тэдний ачийг хариулах шаардлагатай болж уран, хүхрийн хүчил хоргүй гэж хүчээр ярьдаг зовлонд унасан гэнэ” гэж тус тус ямар ч үндэслэлгүй пост оруулсан нь хүний эмзэг мэдээллийг ашиглаж, миний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байна.

Миний бие нь 2021 онд БНСУ-д олон иргэдийн хандив өөрийн мөнгөөр элгээ солиулсан байхад францын компаниас авлигал авч солиулсан мэтээр нийгэмд ойлголт төрүүлж, нотолгоогүй зохиомол гүтгэлгийг удаа дараа явуулсаар байна.

Францын ямар ч байгууллага, иргэнээс эмчилгээний тусламж үйлчилгээ аваагүй байхад ураны төслийг эсэргүүцэгчид санаатай зохион байгуулалттай нэр төрд халдаж, олон нийтэд худал мэдээлэл тарааж байгаа дээрх хаягийн эздийг олж хуулийн хариуцлага тооцож, нэр төрийг минь сэргээж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Дээрх facebook хаяг дээрх мэдээлэл, постууд нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаж, мега төсөл болгон хэрэгжүүлж байгаа ураныг олборлох, ашиглахтай холбоотой бодлогыг зориудаар эсэргүүцэж байгаа, зохион байгуулалттай, нэг бүлэг этгээдүүдийн үйлдэл гэж үзэж байгааг анхаарч холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэн шалгуулж өгнө үү.

Жич: Уг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд БНСУ-д элгээ солиулсан. Мөн тухайн үед Цөмийн энергийн салбарт ажиллаж байгаагүй болно. Мэдээллийн чанартай энд дурьдахад “Франц” улсад элэг солиулахад үнэ төлбөргүй байдаг. Гэтэл намайг Франц улсаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан гэж гүтгэж байгаа нь өөрөө ямар ч логикгүй.

Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, олон нийтэд илт худал мэдээллийг системтэйгээр зохион байгуулалттай тарааж байгааг тусгайлан анхаарахыг хүсэж байна.

Гомдол гаргасан Монгол улсын иргэн:

Норовын Тэгшбаяр

Физикийн ухааны доктор, эрх зүйч

2025.03.17

Улаанбаатар хот

Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ
Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ
 
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!