Хүний эрхийн Үндэсний Комисс нь аймгуудын хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлын талаарх санал, зөвлөмжийг аймгийн Засаг дарга нарт 2024 оны 08 дугаар сард хүргүүлсэн.
Уг дүн шинжилгээгээр орон нутаг дахь хүний эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарч байгаа хэдий ч тодорхой бүлгийн эрхийг хангаж, хамгаалахад онцгойлон анхаарах, зарим салбаруудад тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, цаашид хүний эрхийн боловсролыг түгээх, дэмжих чиглэлд талууд хамтран ажиллах шаардлагатайг дүгнэсэн.
Тиймээс хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, хүний эрхийн мэдрэмжтэй төсөв батлах, хуваарилах, шийдвэр гаргах, хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээхэд хамтран ажиллах талаар аймаг орон нутгийн удирдлагуудтай санал солилцох уулзалтыг өнөөдөр /2025.02.18/ цахимаар зохион байгууллаа.
Тус хуралд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, орон нутаг хариуцсан ахлах референт Н.Нандинцэцэг болон орон нутаг дахь референтүүд болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хүний эрхийг хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хангаж, хамгаалах үүрэгтэйг Комисс уулзалтын эхэнд тодотгов.
Улмаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр аймаг, орон нутагт хийгдсэн ажлын талаарх мэдээлэл өгч, тухайн аймгуудад тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудад онцгой анхаарч бодитоор шийдвэрлэх шаардлагатайг онцолж, хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээхэд хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Цахим уулзалтын үеэр орон нутаг дахь иргэдийн хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлд ахиц гаргахаар тодорхой зорилт тавин ажиллаж байгаагаа аймгуудын удирдлагууд Комисст танилцууллаа.
Тухайлбал, Архангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичигт хүний эрхийн асуудлаар тусгайлсан бүлэг тусгаж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Аймгийн Цагдаагийн газар шинэ байртай болсноор эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байрны нөхцөл байдал, алба хаагч хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт дээшилсэн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа тухай мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал өглөө. Тэрээр багш нарын харилцаа, хандлага, ёс зүй, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажил болон насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ХЭҮК-той хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Харин Говь-Алтай аймаг нь хүний хөгжлөөрөө улсдаа тэргүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтэд түлхүү анхаарах бодлого баримтлан ажиллаж байгаа талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат танилцуулсан. Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлын тухайд төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индексийг хэт нарийвчлан оруулж байгаагаас үүдэлтэй хүний нөөцийн сул орон тоо нөхөгдөхгүй байх, ажлын байраар хангагдаж чадахгүй байх, орон нутагт ажилгүйдэл нэмэгдэх нэг шалтгаан болж байгаад санаа зовж байна гээд Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 6 настай хүүхдийг элсүүлж байгаа нь хөдөөгийн алслагдсан болон малчин өрхийн хүүхдийн эрх зөрчигдөх цаашлаад гэр бүл салалт, хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагаварт хүргэх эрсдэл бий болгож байгаад талууд хамтарч анхаарах санал хэллээ.
Булган аймгийн хувьд аймгийн хэмжээнд сургагч багш тогтмол бэлтгэж, сургалт нөлөөллийн ажnl тогтмол зохион байгуулах, иргэдийн хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах зэрэг үйл ажиллагааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулж, ХЭҮК-той хамтран ажиллахаа аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандулам илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!