
Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр өнгөрсөн хичээлийн жилд зарим сум, дүүргийн сургууль, цэцэрлэгийн орчинтой газар дээр нь танилцаж, нөхцөл байдлыг шалгасан бөгөөд тухайн үед илэрсэн зарим зөрчил, асуудал өнөөдөр ч бүрэн шийдэгдээгүй байгааг онцоллоо.
Тухайлбал, сургуулийн орчинд хүүхэд хичээлдээ ирэхээс эхлээд тарах хүртэл аюулгүй байдлыг хангах, анги танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн ачааллыг зохистой түвшинд хүргэх зэрэг асуудал анхаарал татаж байна.
Мөн 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, багш болон эцэг эхийн зүгээс хүүхдийн эрхийг зөрчсөн байж болзошгүй асуудалтай холбоотой гомдол, мэдээлэл ХЭҮК-т ирсэн байна. Тус комисс эдгээр мэдээллийг холбогдох боловсролын байгууллага болон сургуулийн удирдлагад хүргүүлж, шаардлагатай арга хэмжээг авахуулдаг аж.
Үүнээс гадна хүүхдийн суралцах эрхтэй холбоотой асуудал мөн гарч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн багтаамж хүрэлцэхгүй гэх шалтгаанаар бүртгэхгүй байх, улмаар тухайн хүүхдийн суралцах боломжийг хязгаарлах тохиолдол гарч байна.
ХЭҮК-оос энэ асуудлыг хүүхэд бүртгүүлэх үед нь гомдол гарсны дараа шийдвэрлэх бус, сургууль жил бүр хамран сургах тойргийн хэдэн хүүхэд шинээр элсэх, хэдэн бүлэг нэмэгдэх, үүнд хэчнээн анги танхим, багш шаардлагатайг урьдчилан тооцож, бэлтгэлээ хангах шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн нийслэлийн зарим сургуулийн нэгдүгээр ангид 60-70 хүүхэд нэг ангид суралцаж байгаа нь хүүхдийн суралцах орчин, эрүүл ахуй, боловсролын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна.
ХЭҮК-оос хүүхдийн эрхийн зөрчлийг зөвхөн гарсан хойно нь шийдвэрлэх бус, төрийн байгууллагууд урьдчилан сэргийлэх зарчмаар ажиллаж, хүүхэд бүр аюулгүй, хүртээмжтэй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!