Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэн Америкийн шинэ ерөнхийлөгч болохыг 538 “төлөөлөн” сонгогч шийднэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 1 секунд

Өнөөдөр орой америкчууд 46 дахь ерөнхийлөгчөө сонгоно. Доналд Трамп, Жой Байдэн нарын хэн ялалт байгуулахыг дэлхий нийтээрээ хүлээн сууна. Монголчууд ч хэнийг дэмжиж буйгаа илэрхийлсээр. Энэ дашрамд дэлхийн хамгийн ардчилсан орон ерөнхийлөгчөө хэрхэн сонгодог талаар өгүүлье. 

Зургийн тайлбар: Төлөөлөн сонгогчдын суудлын хуваарилалт. 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь 50 өөр мужид зэрэг өрнөх нь өөрөө их онцлог дагуулдаг. Уламжлалаараа хоёр намын аль нэгийг тогтмол сонгодог мужууд байна. Жишээ нь Калифорни муж заавал цэнхэртэж, Ардчилсан намыг сонгоно. Техас муж байнга улаарч, Бүгд Найрамдах намыг сонгоно. Дунд нь түүхэндээ аль аль талд саналаа өгч байсан мужууд оршмой. Тэдгээрийг “савладаг мужууд” буюу “тэргүүн фронтын мужууд” хэмээнэ. Доналд Трамп 2016 онд чухам энэ “савладаг мужуудад” ялалт байгуулсанаар хэн ч тааж байгаагүй нөхцөл үүсэж, ерөнхийлөгчийн сэнтийд заларсан байдаг. 

Энэ удаагийн сонгуулийн сүүлийн долоо хоног чухам энэ мужуудад эрчимтэй өрнөж дууслаа. Трамп сонгуулийн хамгийн сүүлийн нэг өдрийн дотор Мичиган, Айова, Хойд Каролина, Жеоржиа, Флорида мужуудад ажилласан бол, Байден Пенсилваниа мужид голлон ажиллаж өндөрлөв. Эдгээр нь бүгд “савладаг мужууд” болно. Хоёр нэр дэвшигчийн гол зорилго нь хамгийн багадаа 270 “төлөөлөн” сонгогчийн санал олж авах гээд байгаа явдал юм. Энэ талаар доор бага зэрэг дэлгэрүүлж тайлбарлая.  

-АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НИЙТ АРД ИРГЭД НЬ ШУУД СОНГОДОГГҮЙ-

АНУ-ын ерөнхийлөгчийг нийт ард иргэд нь шууд сонгодоггүй. Харин муж бүрт хувь тэнцүүлэн олгосон “electoral college” буюу утгачилбал “төлөөлөн сонгогчид” хэмээх иргэд нь сонгодог. Тодруулбал нийт 538 төлөөлөгч байна. АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч хүн тэдгээрийн ердийн олонх буюу 270-ыг заавал авч байж сая ялагч болно. “Төлөөлөн” сонгогчид хэрхэн сонгогддог талаар товч тайлбарлая.   

АНУ-ын муж тус бүрт улсынх нь Конгресс буюу манайхаар Их Хурлынх нь дээд, доод танхимд эзлэх гишүүдийн тоотой нь яг тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчид хувь тэнцүүлэн оногдоно. Үүнийг тус улсын үндсэн хуулиар хуульчилж өгсөн байдаг. Муж бүрийн Конгрессийн гишүүдийн тоог 10 жил тутам хүн амын тооллогоор тогтооно. Өөрөөр хэлбэл муж бүр парламентынхаа дээд, доод танхимд сонгодог төлөөлөгчдийн тоотой тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчидтой гэсэн үг юм. АНУ-ын ерөнхийлөгч хэн болохыг эдгээр 538 “төлөөлөн” сонгогч шийднэ. Харин иргэд нь аль нэр дэвшигчээ сонгох “төлөөлөн” сонгогчийг ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр нэр дэвшигчээ дугуйлан сонгох замаар сонгоно. Муж бүрийн хуулиас шалтгаалж “төлөөлөн” сонгогчдын нэрс саналын хуудсан дээр байна, эсвэл бичигдэхгүй байна.  

-ТӨЛӨӨЛӨН СОНГОГЧИД ГЭЖ ХЭН БЭ, ТЭДНИЙГ ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ? -

Муж бүрийн гол хоёр нам “төлөөлөн” сонгогчдод өөрсдийн хүмүүсээ нэр дэвшүүлнэ. Тэдгээр нь намдаа үнэнч, олон жил зүтгэсэн хүн байж болно. Нэр нөлөөтэй, чухал хүн байж болно. Холбооны төрийн ажил хийдэг, эсвэл сонгуулийн ажилтай хүн болохгүй. АНУ-ын иргэд сонгуулийн өдөр дэжиж буй ерөнхийлөгчөө сонгож байгаагаа дугуйлах хэлбэрээр “төлөөлөн” сонгогчоо сонгоно. Нэр дэвшигч бүрийн ард тухайн мужид зөвшөөрсөн тооны “төлөөлөн” удирдагч байгаа гэсэн үг юм. 

Энэхүү сонирхолтой бөгөөд адармаатай системийн бас нэг тал нь “төлөөлөн” сонгогч нь өөрийн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө хэмээн амалж гарч ирэхээс өөр хуулийн хатуу заалт байхгүй учир санал асуулга өнгөрсөн хойно өөрийн саналаа нөгөө талын хүнд өгөх тохиолдол мэр сэр байдаг аж. Гэхдээ цөөн. 50 мужаас Небраска болон Мэйн муж хоёр арай өөр үйл явцтай байдаг. Эдгээр мужууд төлөөлөн сонгогчдынхоо талыг мужийн санал асуулгын эцсийн дүнд түшиглэн олгох боловч үлдсэнийг нь хоёр нэр дэвшигчийн хамгийн их санал авсан тойрогийнх нь үр дүнд үндэслэн оноож өгнө. Бусад мужид хэн нь ялагч болсон тэр мужийнхаа бүх “төлөөлөн” сонгогчийг авна гэсэн үг юм. 

Ийнхүү үзэхээр АНУ-ын иргэд ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй нь харагдана. Хэнийг дэмжиж байгаагаа дугуйлж, давхар “төлөөлөн” сонгогчоо сонгох замаар ерөнхийлөгч нь сонгогдно. 

Дээр хэлсэнчлэн нийт улс даяар 538 төлөөлөн сонгогч 50 мужид хуваагдан оршихын ердийн олонх буюу 270 хүний санал авсан нэр дэвшигч эдүгээгийн дэлхийн хамгийн хүчирхэг улсын ерөнхийлөгч болно гэсэн үг юм. Хоёр нэр дэвшигч “төлөөлөн” сонгогчдын ердийн олонхыг авч чадаагүй тохиолдолд (жишээ нь гуравдагч хүчин саналыг нь хуваасан гэх мэт тохиолдолд) АНУ-ын Конгресийн доод тэнхим Ерөнхийлөгчийг, дээд танхим нь Дэд Ерөнхийлэгчийг нь сонгодог хуультай аж.    

Д.Гэрэлтөв

www.ubn.mn

Х.Ядам: Амьдралын маань хамгийн дурсамжтай үе бол “The Voice of Mongolia”
Х.Ядам: Амьдралын маань хамгийн дурсамжтай үе бол “The Voice of Mongolia”
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.