Норвеги Улс нь 1967 оноос хойш мөрдөж ирсэн тэтгэврийн тогтолцоондоо 2011 онд реформ хийжээ. Тэтгэврийн системийг 1967 онд анх бий болгох үед 1 тэтгэвэр авагчийн тэтгэврийн зардлыг 4 даатгуулагч хариуцаж байсан бол 2008 онд энэ харьцаа 2.7 даатгуулагч болж буурсан. Цаашид 2050 он гэхэд 1 тэтгэвэр авагчид 1.8 даатгуулагч ногдох бөгөөд тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал нь улсын төсөвт томоохон дарамт болно гэж үзжээ. Иймд Швед, Итали, Латви болон Польш улсад нэвтрүүлсэн шиг тэтгэврийн хийсвэр нэрийн дансны тогтолцоонд (NDC) шилжих хуулийг Парламентаараа 2009 онд батлуулж, 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын хувьд 1979 оноос хойш төрсөн даатгуулагчид мөн хийсвэр нэрийн дансны тогтолцооноос тэтгэврээ авах юм. Уг тэтгэврийн аргачлалын гол агуулга нь даатгуулагчийн тэтгэврийн даатгалд төлсөн бүх шимтгэлийг тодорхой хүүгээр өсгөж тооцсон нийт дүнг түүний тэтгэврийн наснаас хойш амьдрах хугацаанд хуваах замаар тэтгэврийг нь тогтоох хувилбар юм.
Норвеги Улсын хувь тэтгэврийн тогтолцоо нь 3 давхаргатай. Үүнд, 1) Үндэсний нийгмийн даатгалын тогтолцоо, 2) Эрт тэтгэврээ тогтоолгох ажил мэргэжлийн тэтгэврийн даатгал, 3) Хувийн тэтгэврийн даатгалын хуримтлал гэсэн тэтгэврийн даатгалуудтай. Үндэсний нийгмийн даатгалын тэтгэврийн тогтолцоо нь тэтгэврийн хийсвэр нэрийн дансны тогтолцоо юм.
Allianz Судалгааны газраас гаргадаг тэтгэврийн тогтолцооны санхүүгийн тогтвортой байдал, тэтгэврийн хэмжээ нь хангалттай эсэхийг үнэлдэг Аллайнз Тэтгэврийн Индекс (API)-ээр 2024 оны байдлаар 71 орноос Норвегийн тэтгэврийн систем 9 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Үндэсний нийгмийн даатгалын тогтолцоог ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэлээс гадна Засгийн газрын Тэтгэврийн Сангаас (1990 онд байгуулагдаж Газрын тосны сан нэртэй байсныг хожим нэрийг нь өөрчилсөн) олгох татаасаар санхүүжүүлдэг. Норвегийн Засгийн Газрын Тэтгэврийн Сангийн хөрөнгийн хэмжээ 2024 оны эцэст NOK 20,000 тэрбум крон буюу 2 их наяд ам.доллартай тэнцэж байна. Энэ нь Норвегийн 2024 оны ДНБ-ны хэмжээнээс бараг 4 дахин өсгөсөнтэй тэнцүү дүн юм.
Ажил мэргэжлийн тэтгэврийн даатгалыг 2006 оноос нэвтрүүлсэн. Энэ нь үндэсний нийгмийн даатгалын тэтгэвэр дээр олгох нэмэлт тэтгэвэр бөгөөд 2%-ийн шимтгэл төлдөг. Даатгуулагч ажил мэргэжлийн тэтгэврийн даатгалаасаа тэтгэврийн наснаас өмнө буюу 62 наснаас эхлэн тэтгэврийн нас (67) хүртлээ тэтгэвэр авдаг тогтолцоо юм.
Норвеги Улс тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийх болсон үндсэн шалтгаан нь насжилт нэмэгдэхээс үүдэлтэйгээр ахмад настны тэтгэвэр буурахаас сэргийлэх, даатгуулагчийг аль болох олон жил хөдөлмөр эрхлэхийг урамшуулах, улмаар ирээдүйн улсын төсөвт ирэх санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой байжээ. Судлаачдын дүгнэж байгаагаар, шинэчлэл нь эдгээр зорилгоо биелүүлж, ахмад настны тэтгэвэр болон хөдөлмөрийн зах зээлд эерэгээр нөлөөлсөн гэж үзэж байна.
Үндэсний нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврүүдийн талаар доор илүү дэлгэрэнгүй тайлбарлая.
Норвегийн Үндэсний нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжүүд
Нийгмийн даатгалд даатгуулагч нь өндөр насны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, суурь тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдах үед тэтгэмж болон тусгай хэрэгслийн тусламж, хөдөлмөрийн үнэлгээний тусламж, ҮОМШӨ-ний тэтгэмжүүд, ганц бие эцэг, эхийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны мөнгөн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, хүүхэд үрчилсний тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж болон оршуулгын тэтгэмж авах эрхтэй.
Нийгмийн даатгалын олон төрлийн тэтгэмжүүдийн хэмжээ нь суурь дүнгээс хамааралтай тогтоогддог. Уг суурь дүнгийн хэмжээг цалингийн өсөлтөд үндэслэн жил бүр Хаан шинэчлэн тогтоодог. Тухайлбал, суурь дүнгийн хэмжээ 2024 NOK 122,225 (11,734 USD) байсан бол 2025 онд NOK 124,028 (11,906 USD)-аар мөрдөж байна.
Үндэсний нийгмийн даатгалын тогтолцооны санхүүжилт
Нийгмийн даатгалын тогтолцооны санхүүжилт нь ажилтан, ажил олгогчийн төлсөн шимтгэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн болон бусад иргэдийн төлсөн шимтгэл, улсын төсвөөс төлсөн шимтгэлээс бүрдэнэ. Шимтгэлийн хувь хэмжээ, улсын төсвийн татаасын хэмжээг Парламентаас тогтоодог.
Зарим тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлдэг. Үүнд, хүүхэд төрүүлэх болон үрчлэх үед олгох нэг удаагийн тусламж, өдөр тутмын амьдралд хэрэгтэй үйлдлийг хийх чадварыг сайжруулахад зориулсан тусламж, суурь тэтгэвэр, төрөлхийн болон бага насандаа хөдөлмөрийн чадвараа алдсан ХБИ-д иргэнд олгох баталгаат нэмэгдэл тэтгэвэр, боловсролын тэтгэмжүүд, хүүхэд асарсны тэтгэмж, тэжээгчээ алдсан хүүхэд, ганц бие, өрх толгойлсон иргэнд олгох шилжилтийн тэтгэвэр, орлогоос хамаарсан оршуулгын тэтгэмж, эцэг эхийн орлогоос давсан хүүхэд өсгөх үеийн зардлын зөрүү зэрэг орно.
Ажилтан болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид цалин хөлс, орлогын хэмжээнээс шимтгэл төлнө. NOK 99,650 (9,566 USD)-оос доош орлоготой бол шимтгэл төлөхгүй, шимтгэлийн хэмжээ нь уг орлогоос дээш орлогын 25 хувиас ихгүй байна. Хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсэн, ажилгүй болох үед олгох тэтгэмжийг цалин хөлс орлогод тооцож татвар ногдуулна.
Ажилтны төлөх шимтгэлийн хэмжээ цалин хөлс, орлогын (тэтгэвэр бодох орлогын) 7.8 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийн хувь хэмжээ орлогын 11.0 хувь, бусад хувийн орлогын шимтгэлийн хувь 5.1 тус тус байна. Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ газарзүйн бүс, эдийн засгийн хөгжлийн түвшингээс хамаарч 14.1 хувь хүртэл байдаг.
Өндөр насны тэтгэвэр
Тэтгэврийн шинэчлэлийн үр дүнд, даатгуулагч 62-оос 75 насны хооронд өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болсон. 67 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд түүний тэтгэврийн хэмжээ нь 67 насанд хүрсэн, 40-өөс доошгүй жил ажилласан хүний авах хамгийн бага тэтгэврийн хэмжээнээс их байх ёстой.
Өндөр насны тэтгэврээ бүрэн эсхүл хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно. Тэтгэврийг 20, 40, 50, 60, 80 хувиар хувь тэнцүүлэн эсхүл 100 хувь бүрэн авч болно. Ажиллахын зэрэгцээ тэтгэврээ хасуулалгүйгээр авч болно. Үргэлжлүүлэн 75 нас хүртлээ ажиллах тохиолдолд тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэнэ.
Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд индекжүүлэлтийн бодлогод өөрчлөлт орсон. Тэтгэврийн хэмжээг цалин ба ХҮИ-ийн өөрчлөлтийн дунджаар индексжүүлнэ. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд 1953 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэвэр бодох аргыг өөрчилсөн. 1954-1962 онд төрсөн хүний тэтгэврийг бодохдоо хуучин болон шинэ томьёог ашиглан пропорцлон бодох юм. 1963 оноос хойш төрсөн хүний тэтгэврийг бүхэлдээ шинэ томьёогоор бодно.
3.1.Тэтгэврийн шинэчлэлийн дараах өндөр насны тэтгэвэр
Шинэ аргачлалын дагуу өндөр насны тэтгэвэр нь орлогод үндэслэсэн тэтгэврээс бүрдэнэ. Маш бага эсхүл орлогогүй хүнд баталгаат тэтгэвэр олгогдоно. Баталгаат тэтгэвэр нь тэтгэвэр авагчийн орлого, ганц бие эсэхээс хамаарч олгогдох хамгийн бага тэтгэвэр бөгөөд ахмад настны нийгмийн баталгааг хангах зорилготой юм.
Орлогод үндэслэх тэтгэвэр
13-75 насны хооронд олсон бүх цалин хөлс, орлогод үндэслэн тэтгэврийг тогтооно. Жил бүр тэтгэврийн орлогыг тооцож тэтгэврийн хөрөнгийн гаргана. Даатгуулагчийн жилийн тэтгэврийн орлого нь цалингийн хөлс орлогын 18.1% байна. Орлогын дээд хязгаар нь суурь дүнг 7.1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү. (NOK 867,798)
Орлогод үндэслэх тэтгэврийн хэмжээг тооцохдоо даатгуулагчийн тэтгэврийн хуримтлуулсан нийт хөрөнгийг түүний цаашид амьдрах хугацаанд хувааж гаргана.
Баталгаат тэтгэвэр
Тэтгэврийн даатгалд 5-аас доошгүй жил даатгуулсан даатгуулагч баталгаат тэтгэвэр авах эрхтэй. Баталгаат тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн гэрлэлтийн байдал болон эхнэр/нөхөр, хамтран амьдрагчийн орлогоос хамаарч 2 түвшинтэй. Баталгаат тэтгэврийг тодорхойлоход даатгуулсан хугацаа хамаарах боловч даатгуулагчийн төлсөн шимтгэл, авч байсан цалин хөлс, орлого хамаарахгүй. Даатгуулагч 40 жил ажилласан бол бүрэн хэмжээний баталгаат тэтгэвэр авна. 40-өөс бага жилийн хугацаанд даатгуулсан бол даатгуулсан хугацаанд ногдох тэтгэврийг пропорцлон авна. Баталгаат тэтгэврийн хэмжээг даатгуулагчийн орлогод үндэслэх тэтгэврийн 80 хүртэлх хувь байна.
Тэжээгч нь нас барсан эхнэр эсхүл нөхөрт олгох тэтгэвэр
Нас барахаас өмнөх сүүлийн 5 жил нийгмийн даатгалд даатгуулсан даатгуулагчийн үлдсэн эхнэр (нөхөр эсхүл дундаасаа хүүхэдтэй хамтран амьдрагч) мөн тэтгэврийн даатгалд даатгуулсан бөгөөд 67 нас хүрээгүй, хөдөлмөрийн алдсаны тэтгэвэр болон өндөр насны тэтгэвэр авч эхлээгүй бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй. Түүнчлэн хэрэв нас барсан тэжээгч, түүний үлдсэн эхнэр (нөхөр) Вант улсад 20-оос доошгүй жил оршин суусан бол даатгуулсан байх албагүй.
Гэрлэснээс хойш 5-аас доошгүй жил хамт амьдарсан эсхүл дундаасаа хүүхэдтэй эсхүл нас барсан тэжээгчийн хүүхдийг 5-аас доошгүй жил асарч байгаа эхнэр (нөхөр) нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах авах эрхтэй.
Нас барсан даатгуулагчаас гэрлэлтээ цуцлуусан боловч дахин гэрлээгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулаад 5 жил хүрээгүй байгаа, 25 жил гэрлэж байсан хэрэв хүүхэдтэй бол 15 жил гэрлэж байгаад салсан эхнэр нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй. Хэрэв тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч дахин гэрлэвэл тэтгэврийг зогсооно. Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн хэмжээ нь суурь дүнг 2.25 дахин үржүүлсэнтэй тэнцүү. Хэрэв нас барсан тэжээгч нь 40 жилээс бага хугацаагаар даатгуулсан бол эхнэр (нөхөр)-ийн авах тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг пропорцлон бууруулна.
Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ нь орлогын шалгуурт үндэслэнэ. Тухайлбал, үлдсэн эхнэр (нөхөр)-ийн жилийн орлого нь суурь дүнгийн 50%-иас их бол тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээнээс давсан орлогын 45%-ийг хасч тооцно. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсээгүй боловч тэжээгч нь нас барах үед ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа үлдсэн эхнэр (нөхөр)-т түр зуурын хугацаанд тэтгэврийг тусгай нөхцөлөөр олгож болно. Уг тэтгэврийн хэмжээг тэжээгчээ алдсаны тэтгэвэртэй ижил бодно. Хэрэв үлдсэн эхнэр нь боловсрол эзэмших, МСҮТ-д суралцах шаардлагатай бол түүнд нэмэлт тэтгэмж олгох болон сургалтын төлбөрийг нь хариуцаж болно.
Хэрэв тэжээгч нь нас барсны дараа үлдсэн эхнэр (нөхөр) нь суралцах эсхүл ажил хөдөлмөр эрхлэх шаардлагын улмаас хүүхдээ хүнээр асруулах бол түүнд хүүхдийн асаргааны тэтгэвэр олгоно. Энэ тэтгэврийн хэмжээ нь хүүхдийг асрахад гарах зардлын 64%-иас ихгүй буюу жилд 1 хүүхдэд NOK 57480, 2 хүүхдэд NOK 74976, 3 ба түүнээс дээш хүүхдэд NOK 84972-аас ихгүй байна. Хэрэв үлдсэн эхнэр (нөхөр)-ийн орлогын хэмжээ нь суурь дүнг 6 дахин нэмэгдүүлснээс их бол түүнд хүүхэд асрах тэтгэвэр олгохгүй.
Тэжээгч эцэг эсхүл эх нь нас барсан хүүхдэд олгох тэтгэвэр
Тэжээгч эцэг, эхийн аль нэг нь нас барахаасаа өмнөх 3 жилд даатгуулсан эсхүл тэтгэвэр авч байсан бол түүний 18-аас доош насны хүүхдэд тэтгэвэр олгоно. Хэрэв эцэг, эх нь хоёулаа нас барсан бол сургуульд суралцаж байгаа хүүхдийн тэтгэврийг 20 нас хүртэл нь олгоно.
Эцэг, эхийн аль нэг нь нас барсан бол 1 хүүхдэд олгох тэтгэвэр суурь дүнгийн 40% байна (NOK 38 753), дараагийн нэмэгдэх хүүхэд бүрд суурь дүнгийн 25%-иар тэтгэвэр олгоно (NOK 24 221).
Хэрэв эцэг, эх нь хоёулаа нас барсан бол эхний хүүхдэд эцэг, эхийн аль нэгд олгох байсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг олгоно. Хоёрдахь хүүхдэд олгох хүүхдийн тэтгэврийн хэмжээ нь суурь дүнгийн 40%-тай тэнцүү, дараагийн хүүхэд бүрт суурь дүнгийн 25%-тай тэнцүү байна. Гэхдээ 2 ба түүнээс дээш хүүхдийн тэтгэврийг нэмж, хүүхэд тус бүрд тэнцүү хэмжээгээр олгоно. Хүүхдийн тэтгэврийг бодох суурь дүнг даатгуулбал зохих хугацааг хангаагүй бол бууруулж тооцно.
Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр
Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр, суурь тэтгэвэр болон асаргааны тэтгэврээс бүрдэнэ.
Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр
Хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө 5-аас доошгүй жил шимтгэл төлсөн 18-67 насны даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдвал хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр авах эрхтэй.
Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэврийг хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх 5 жилийн дурын 3 жилийн дундаж цалин хөлснөөс бодно. Тэтгэвэр бодох цалин хөлсний дээд хязгаар нь суурь дүнг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэврийн хэмжээг жилд 66 хувиар бодно. Уг тэтгэврийн доод хэмжээ нь гэр бүлтэй (хамтран амьдрагчтай) хүний хувьд суурь дүнг 2.33 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Ганц бие бол суурь дүнг 2.53 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Даатгуулсан хугацааг тооцохдоо түүний 66 нас хүртэлх хугацааг даатгуулснаар тооцно, гэхдээ гадаадад амьдарсан хугацааг хасаж тооцно. Хэрэв шимтгэл төлж даатгуулсан болон ирээдүйд даатгуулах байсан хугацааны нийлбэр 40 жилээс бага бол хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэврийг уг хугацаагаар бууруулна.
Төрөлхийн хөдөлмөрийн чадваргүй эсхүл 26 насанд хүрэхээс өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан бол тэтгэврийн хэмжээ нь илүү өндөр буюу гэр бүлтэй хүний хувьд суурь дүнг 2.709 дахин нэмэгдүүлсэнтэй, ганц бие бол 2.96 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү. Гэхдээ хөдөлмөрийн чадвар алдалтын түвшин болон баримт бичгийн шалгуурыг илүү хатуугаар мөрдөнө.
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний 18 хүртэлх насны тусгай нөхцөл болзол хангасан хүүхэд тус бүрт суурь дүнгийн 40 хүртэлх хувиар нэмэгдэл олгоно. Хөдөлмөрийн чадвар алдсаны дараа суурь дүнгийн 40%-аас дээш орлоготой бол энэ хэмжээгээр тэтгэврийг бууруулна.
Суурь тэтгэвэр ба асаргааны тэтгэвэр
Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас нэмэгдэл зардал гаргаж амьдрах шаардлагатай бол суурь тэтгэвэр олгож болно. Хэрэв хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч тогтоосон хамгийн бага суурь тэтгэврийн хэмжээнээс илүү зардал гаргах шаардлагатай бол түүнд суурь тэтгэврийг олгоно. Уг олгох тэтгэврийн хэмжээг жил бүр Парламентаас тогтоох ба 2025 оны байдлаар 6 түвшинтэй байна: NOK 9024, NOK 13752, NOK 18024, NOK 26544, NOK 35964 and NOK 44928.
Хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд тусгай анхаарал, асаргаа шаардлагатай тохиолдолд асаргааны тэтгэвэр олгоно. Парламентаас тогтоосон асаргааны тэтгэвэр 4 түвшний хэмжээтэй тэтгэвэр байна: NOK 16,152; NOK 32,304; NOK 64,608 and NOK 96,912. Хамгийн өндөр хэмжээтэй 3 түвшинг зөвхөн хөдөлмөрийн чадвараа алдсан 18-аас доош насны хүнд олгоно.
Нийгмийн даатгалын тэтгэвэр дээр нэмж суурь тэтгэвэр болон асаргааны тэтгэвэр олгож байгаа бол даатгуулсан хугацаанд ногдуулан бууруулж болно. Харин зөвхөн суурь тэтгэвэр олгож байгаа бол даатгуулсан хугацаанд ногдуулан суурь тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг бууруулахгүй.
Дүгнэлт
Улс орнуудын тэтгэврийн тогтолцоо нь тухайн улсын хүн амын насны бүтэц, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс хамаарч харилцан адилгүй байна. Дэлхийн улс орнуудын 54-60% нь PAYG буюу тухайн жилд цуглуулсан шимтгэлийн орлогоороо тухайн жилийнхээ тэтгэврийн зардлаа санхүүжилдэг хуваарилалтын тогтолцоотой байна. Ялангуяа үндсэн суурь нийгмийн даатгалын систем нь хуваарилалтын санхүүжилттэй (DB) байдаг бол нэмэлт тэтгэврээ ихэвчлэн хагас ба бүтэн хуримтлалын (DC) тогтолцооноос авдаг олон давхаргатай байна. БНСУ, Япон, Герман, Норвеги, Швед, Итали, Эстони, Латви гэх зэрэг олон улсын дурдаж болно.
Тэтгэврийн тогтолцоонд үүссэн асуудал нь тэтгэврийн тогтолцооны загвараас илүүтэй өнгөрсөн хугацааны эдийн засаг, цалин хөлсний өсөлт, бууралт, инфляцийн үр дагавартай холбоотой байдаг. Өнөөдөр тэтгэврийн даатгалын асуудлаар буюу тэтгэврийн нас, шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэвэр бодох аргачлалаар гаргаж байгаа шийдвэр нь тухайн даатгуулагчийг 20 жилийн дараа тэтгэвэрт гарах үед л тэтгэврийн хэмжээнд нь нөлөөлдөг. Тэтгэврийн реформын гол зорилго нь насжилт уртасч буй эрин үед ахмад настныг амьжиргааны түвшнийг нь хангахуйц баталгаатай орлогоор хэрхэн хангах тухай шийдэл юм. Тэтгэврийн шинэчлэлийг тооцоо судалгаа, нотолгоонд суурилж хийх ёстой. Өөр улсад үйлчилж байгаа сайн загвар манайд сайн тохирно гэсэн үг биш. Хүн амын бүтэц, эдийн засаг, нийгэм, уламжлал, улс төрийн хүчин зүйлүүд өөр өөр билээ.
Монгол Улс тэтгэврийн шинэчлэлээ гүнзгийрүүлж, олон давхаргат тогтолцоонд шилжих ёстой. Шинэчлэл хийхгүй алгуурлах тусам бид ирээдүй үедээ тэтгэврийн зардлын өр өвлүүлнэ. Ирээдүйд хүүхдүүд цөөн, ахмадууд илүү олон болно.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД Л.Мөнхзул
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!