Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитораар С.Магнайсүрэнг томилсон. Өнөөдөр Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилж, чөлөөлсөнтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоолыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн аудитын байгууллагын удирдлагууд, нийт албан хаагчдад уншиж танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн эрхэлсэн ажил, албан тушаалын туршлагыг танилцуулж, Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сарын хугацаатай ажилласан Төрийн албаны тухай болон Төрийн аудитын тухай хуульд заасан нийтлэг, тусгай шаардлагыг бүрэн хангасан гэдгийг тодотголоо.
Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гишүүдээс Ерөнхий аудитор болон Төрийн аудитын байгууллага, албан хаагчдад хандан төрийн аудитыг хэрэгжүүлэхтэй холбоотой хэлсэн санал, зөвлөмжийг мөн энэ үеэр уламжиллаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Загджав Ерөнхий аудиторын тамга, албаны бичиг баримтын хамт хүлээлгэн өгөхдөө “Төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн та баг, хамт олныхоо хамт амжилттай хэрэгжүүлэхийг ерөөж, ажлын амжилт, сайн сайхныг хүсье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Төрийн аудитын байгууллагын удирдлагууд, нийт албан хаагчдад хандан үг хэлсэн юм.
Тэрбээр Төрийн аудитын байгууллага нь ил тод, нээлттэй ажиллах зарчмыг хангаж, мэдээлэл технологийн дэвшлийг бүрэн ашиглаж ажиллана гэдгийг хамгийн түрүүнд онцлов.
Мөн аудит хийх явцад илэрсэн хууль тогтоомжоос давсан дүрэм журмуудыг нэгтгэж, парламентад танилцуулах тул энэ талаарх нэгдсэн мэдээлэл гаргахыг Санхүү нийцлийн аудит, Гүйцэтгэл нийцлийн аудитын газруудад үүрэг болгов.
Монгол Улсын эдийн засаг өсөж, төсөв тэлж байгаа энэ үед одоо байгаа хүний нөөцдөө тулгуурлаж Төрийн аудитын байгууллагын зорилт, бодлогоо хангах зохион байгуулалт, чиг үүргээ тодорхойлж ажиллах саналыг албан хаагч бүрээс авч, танилцуулах үүргийг Тамгын газарт өгөв.
Эцэст нь Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмээ баримталж, төрийн албаны залгамж чанарыг хадгалан үйл ажиллагаандаа хариуцлагатай хандахыг нийт албан хаагчдад хандан хэлсэн юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!