"NTV" телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн зочноор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-----------------------
-Таны ажил тавлаг уу ?
-Ажил тавлаг, ажил ихтэй л байна.
-Өнгөрсөн долоо хоногт танай салбар, тантай холбоотой асуух олон зүйл гарч ирлээ. Гол асуудал руу эхлээд оръё. Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдааны дараа гэх үү дээ ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг та үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Яагаад чөлөөлөв. Шалтгаан нь юу байв.
-Нэгдүгээрт чөлөөлөх эрхтэй юу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна лээ. ХСҮТ хагас бие даасан буюу төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, түүгээрээ Ерөнхий захирлаа сонгон шалгаруулдаг процесс нь хараахан эхлээгүй байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд шууд томилж, чөлөөлөх эрхтэй. Тэр эрхийнхээ хүрээнд Н.Эрдэнэхүү даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөллөх болсон гол үндэслэл шалтгаан маань гэвэл Н.Эрдэнэхүү дарга төсвийн тухай хууль зөрчсөн. ХСҮТ-ийн өргөтгөлийг худалдаж авахтай холбоотой өргөтгөлд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах, энэ жил 6.5 тэрбум төгрөг сайдын багцад суугсдан. Н.Эрдэнэхүү даргад уг төсвийг захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаал шийдвэр гарах ёстой. Гэтэл уг тушаал нь гараагүй байхад Н.Эрдэнэхүү дарга өөрөө тушаал гаргаж, худалдан авах ажиллагааны газар руу бичиг явуулсан. Тэрийг нь үндэслээд худалдан авах ажиллагааны газар тендер зарласан гэх бичгээ хүртэл ЭМЯ-руу ирүүлсэн. Үүнээс улбаалж үүссэн асуудал нь олон рентген, эхо аппарат худалдаж авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг өөрөө эмнэлэг дээрээ баталчихсан. Гэтэл Н.Эрдэнэхүү даргын худалдан авалт зарлуулсан тоног төхөөрөмж нь ЭМЯ авахаар давхар зарласан байсан.
Тэгэхээр давхардуулсан үр ашиггүй зарлагыг гаргахдаа Н.Эрдэнэхүү төсвийн тухай хуулийг зөрчсөн учраас ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон.
Хоёрдугаарт би өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш ХСҮТ дээр таван удаа очиж ажилласан. Монголд зөвхөн хавдрын тусламж үйлчилгээ байдаг аятай л ажиллалаа. Энэ хугацаанд Н.Эрдэнэхүү даргыг дэмжиж, хамгийн гол нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн. Иргэд хавдрын эмнэлэг дээр оношоо тодруулах гэж хэдэн сар, эмчилгээгээ эхлэх гэж олон сар болдог. Энэ асуудлыг цэгцлэх, аль болох иргэдийн амьдарч байгаа бүс нутаг дүүрэг, аймгаасаа тусламж үйлчилгээгээ авах, оочер дугааргүй болох бодлогыг хэрэгжүүлж байгаа. Гэтэл энэ бодлого маань өнөөдрийг хүртэл төдийлөн хүссэн хэмжээнд хэрэгжихгүй байна.
Хамгийн гол нь тусламж үйлчилгээ нь улстөржсөн, доголдлууд гарч байна.
-Улстөржсөн доголдол гэдэг нь юу гэсэн үг билээ ?
-Та нар сонссон уу. үгүй юу. ХСҮТ дээр элэг бөглөгч тасарсан гэх зүйл их яригдсан. Яагаад тасалдав гээд судлаад үзэхэд нийлүүлэгч байгууллага, гааль хоёрын хооронд асуудал үүссэн байсан. Гэхдээ бусад эмнэлгүүдэд тасалдаагүй. Үүнийг улсын 1,2,3 дугаар эмнэлэг хэрэглэдэг. Энэ хэрэгсэл 2-3 сарын нөөцтэй байсан. Зохион байгуулалтыг хийгээд тусламж үйлчилгээг тасалдуулахгүй үзүүлэх боломж 100 хувь ХСҮТ-д байгаа. Тоног төхөөрөмж, эхо, рентгений аппаратууд бас эвдэрлээ гэх яриа ч гарсан. Гэтэл жил бүрийн баталгаат хугацаа, засвар үйлчилгээний гэрээг хийх эрх нь ХСҮТ-ийн даргад байдаг. Энэ гэрээгээ хийгээгүй. Доголдуулахгүй явуулах үйл ажиллагааг нь хангахгүй байгаа учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох үүснэ. Энэ нь эргээд улстөржсөн асуудал болоод явчхаж байгаа байхгүй юу.
-Яг юун дээр улстөржөөд байгаа юм. Надад бол ажлын хариуцлага юм шиг л сонсогдоод байх юм. Албаар тасалдуулаад танд асуудал үүсгээд байгаа юм уу.
-ХСҮТ гэлтгүй бүх эмнэлэгт тасарсан бол үнэхээр нөөц нь хомсдол үүссэн гэж бодно. Гэтэл болгож, бүтээх боломж нь тэр хүнд байсан. Тэр боломжоо ашиглаж, хийж гүйцэтгэхгүй ХСҮТ дээр тусламж үйлчилгээ тасалдаж байгаа мэтээр харагдуулж, ойлгуулах ямар шалтгаан байна гэдэг бодлыг төрүүлж байгаа. Эрүүл мэндийн байгууллага иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээг чанартай, тасалдуулахгүй байх ёстой. Энэ голд иргэд хохирвол хамгийн аюултай. Ийм эрсдэлүүд маш их үүсэж байгаа учраас Н.Эрдэнэхүү даргыг чөлөөлөх асуудлыг шийдсэн.
Гэхдээ энэ шийдвэрийг гаргахаас 10 хоногийн өмнө Н.Эрдэнэхүү даргад танилцуулсан. Учир шалтгааныг нь ч хэлсэн.
Дээрээс нь 500 сая төгрөгийн эмийн татварын асуудал яригдсан.
-Н.Эрдэнэхүү дарга харин хэлсэн байна лээ. "Эмийн татварт 500 сая төгрөг төлөхийг шаардсан. Төсөвт тусгагдаагүй учраас тэр гэрээн дээр би гарын үсэг зураагүй. ЭМЯ болон уул уурхайн компани хооронд хийгдсэн гэрээ байсан. Сайд намайг өрөөндөө дуудаад "Яагаад 500 саяыг шилжүүлэхгүй байгаа" талаар ч асууж байсан гэх зүйлийг ярьсан байсан.
-Үүнийг эхнээс нь ойлгомжтой ярих ёстой. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниас 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олж ирсэн. 1 сая ам.доллараар нь хөх, уушгины хавдарт хэрэглэдэг хамгийн сүүлийн үед эмчилгээнд нэвтэрсэн химийн эмчилгээний таван төрлийн эмийг Швейцарийн Рош компаниас авч төв Азидаа хамгийн эхэнд Монгол Улс хэрэглэж байгаа. Энэ эмийг оруулж ирээд ХСҮТ-д эмчилгээнд хэрэглэ гээд өгсөн. Ямар нэгэн төлбөр тооцоо байхгүйгээр. Даатгалаас гүйцэтгэлээр санхүүжилт авах учраас ХСҮТ-ийн төсөв мөнгийг хэмнэнэ. Тиймээс ХСҮТ эмийхээ татварыг төлөх ёстой гэх зүйлийг манай санхүү хөрөнгө оруулалтын газрынхан ярьсан юм байна лээ. Н.Эрдэнэхүү даргыг би дуудаж уулзсан.
-Тухайн жилийн төсөвт нь суугаагүй зүйл юм биш үү ?
-Эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлээр санхүүждэг. Өөрсдөө тодорхой хэмжээнд төсвөө бүрдүүлээд эргээд захиран зарцуулах эрх нь байгаа. Тэгэхээр энэ бол боломжтой зүйл. Гэхдээ миний хувьд энийг нь сонсоод дээрх эмийг ХСҮТ-д нийлүүллээ гээд төдийлөн ашиг гарахгүй байгаа юм байна. Тиймээс эмийн татварыг танайх төлөх нь хохиролтой юм байна, танайхаар төлүүлэхгүй энэ асуудлыг ЭМЯ өөрсдөө шийднэ гэх зүйлийг би Н.Эрдэнэхүү даргад хэлсэн. Заавал төл гэсэн шахалтыг бол би үзүүлээгүй. Буцалтгүй тусламжаар аваад 250 орчим уушги, хөхний хавдартай хүнд үнэгүй хэрэглэх эм тариаг ХСҮТ-д өгсөн. Ямар нэгэн борлуулалтын биш. Үүнийг эргүүлээд бизнес юм шигээр тайлбарлаад байгаа нь буруу. 2023 онд дээрх компани 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж өгөөд С.Чинзориг сайд, Н.Эрдэнэхүү дарга дөрвөлсөн гэрээ байгуулж эм оруулж ирж байсан. Н.Эрдэнэхүү даргын гарын үсэгтэй гэрээ нь энд байна.
-2023 онд орж ирсэн эмэнд үр нөлөөний судалгаа хийгдсэн үү.
-2023 онд авсан эм нь биш. Тусламж нь нэг газраас орж ирсэн. Шинээр үйлдвэрлэгдэж гарч байгаа бүтээгдэхүүн. Гэхдээ олон улсад хэрэглэгдээд туршигдаад авах ёстой патент зүйлээ бүгдийг нь авсан. Үр дүн маш сайтай. Хамгийн гол нь уушги, хөхний хавдартай хүмүүсийн амьдрах насыг уртасгаж байгаа бай эмчилгээ, дархлаа эмчилгээний асуудал. Цаашид бүх төрлийн хавдрыг оочер, хүнд суртал чирэгдэл байхгүйгээр бүх төрлийн хими, бай, дархлаа эмчилгээг Монгол Улсад хийдэг болох зорилготой.
-Эрүүл мэндийн салбар хүний амь нас, эрүүл мэнд, аж амьдралаар улстөржинө гэх асуудлыг сонсоод би гайхаад байна л даа. Та өөрөө бас улстөржиж байгаа юм шиг харагдсан л даа. Өнгөрсөн баасан гарагийн чуулган дээр Ж.Чинбүрэн гишүүн та хоёр маргаад чуулган дуусаад та Н.Эрдэнэхүү даргыг чөлөөлсөн. Ж.Чинбүрэн гишүүний ойрын хүнийг ажлаас нь халсан юм биш үү
-Тийм ч зүйл байхгүй л дээ. Би эрүүл мэндийн салбарыг улстөржилтөөс хол байлгах хүсэл эрмэлзэлтэй. Эрүүл мэндийн салбар улстөржихөөр эргээд иргэнд хүрч байгаа тусламж үйлчилгээ доголдох, иргэд амь насаараа хохирох эрсдэлтэй. Ж.Чинбүрэн гишүүний нэг эх үүсвэрийн худалдан авалтаар орж ирж байгаа эмтэй холбоотой асуудлаар ярьсан зүйл маань зөвхөн өнгөрсөн баасан гарагт ярьсан зүйл биш. Өмнө нь олон удаа ярьсан. Би гэнэт чуулганы дараа чөлөөлсөн биш 10 хоногийн өмнө Н.Эрдэнэхүү даргад "Та хууль зөрчсөн байна. Тийм учраас хариуцлага тооцохоос өөр арга алга" гэдгээ ч хэлсэн.
Н.Эрдэнэхүү хавдар судлалын эмч бол биш. Анагаахын сургуульд багшилж байсан. Сүүлийн таван жил ХСҮТ-ийг удирдсан. Түүнийг хавдрын нарийн мэргэжил эзэмшсэн, ХСҮТ-д 14-15 жил ажилласан Монгол Японы эмнэлгийг удирдсан туршлагатай М.Адилсайхан гэх хүнээр сольсон.
Та нар нэг зүйлийг бодох ёстой. Сүүлийн таван жилд манай улсын хавдрын тусламж үйлчилгээ яаж сайжрав. Иргэдийн оочер үнэхээр багассан уу. Эмнэлгийн тусламж үйлчилгээ яаж сайжрав. Удирдлага зохион байгуулалт үнэхээр сайн байсан уу гэдгийг бодолцох ёстой. Тэнд яахын аргагүй шинэчлэл, удирдлагын зохион байгуулалт өөрчлөлт орж байж миний тавиад байгаа зорилго биелэхээр байгаа. Засаж залруулж хамтарч ажиллах талаар Н.Эрдэнэхүү даргатай байнгын ярилцаж байсан. Орон нутгаар явах, гадагшаа томилолтод авч яваад бүх зүйлийг зөвлөлдөж байсан боловч яг газар дээрх өөрчлөлт, шинэчлэлт миний хүссэнээр яваагүй. Тиймээс 2025 оны төгсгөл гэхэд хавдрын тусламж үйлчилгээг оочер дараалалгүй болгох зорилтыг тавиад ажиллаж байна. Тэрэндээ хүрнэ гэж бодож байгаа.
Хүрэхийн тулд тодорхой шийдвэрүүдийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж ажиллана.
-Та товчхондоо ажлын шаардлага хангахгүй, хариуцаж байгаа салбартаа ахиц дэвшил гаргахгүй байгаа учраас чөлөөлсөн гэх зүйлийг хэлээд байна. Чуулганы дараа чөлөөлчхөөр улс төрд явж байгаа хүмүүс олон өнцгөөс харах байх л даа. Ж.Чинбүрэн гишүүний талаар ярьсан дээр эмтэй холбоотой зүйлсийн талаар ярилцъя. Таныг тендер, сонгон шалгаруулалтгүйгээр өөрөө үйлдвэр дээр нь очиж танилцаад Солонгосоос лоббидоод гэх юм уу даа баахан эм оруулаад ирсэн байна гэх зүйлийг маш олон удаа хэлсэн. Энэ яг юу болоод байна.
-Манай улсад чанаргүй эм олон байна, зарим эм нь хэт өндөр үнэтэй учраас иргэд авч дийлэхгүй байна. Зарим эмийг хэрэглээд үр дүнгүй байна гэх асуудал ч байгаа. Тиймээс үүнийг засаж залруулах ажлуудыг хийж байгаа. Ж.Чинбүрэн гишүүний өөрөө ахлаад батлуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд тодорхой заачихсан байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн эмийн хатуу зохицуулалттай улсуудаас үйлдвэрээс шууд хэлцэл хийх замаар эмийг худалдаж авч болно гэж заасан. Нөгөө талаасаа Засгийн газрын 42 дугаар тогтоол гэж бий. Гадны үйлдвэрлэгч улсаас шууд хэлцэл хийх замаар эмийн асуудлыг шийдэхээр тусгасан. Дээрх хуулийн заалт, тогтоолуудыг үндэслээд хийгдээд явж байгаа ажил. Ж.Чинбүрэн гишүүн олон улсын байгууллагаас авахгүй яасан юм гээд байгаа. Тэр их зөв. Бид олон улсын байгууллагуудаас авах гээд судалгаануудыг хийсэн.
НҮБ-ын хүүхдийн сан бол зарим улсуудад нэгдсэн худалдан авалтыг хийж зохион байгуулж өгдөг. Тэрэн дээр нийлүүлэх боломжтой гэж ирсэн эмүүд нь манай улсад төдийлөн сайн өргөн хэрэглэдэггүй эм байсан. Хоёрдугаарт өргөн хэрэглэгддэг эмүүдийг нь авч үзсэн. Саяны үйлдвэрлэгчтэй хийсэн хэлцэл, үнэ хоёроо харьцуулаад үзэхээр бидний хэлцлээр хийсэн үнэ хэд дахин хямд байгаа. Бидний гол зорилго чанартай эмийг хямд үнээр оруулж ирэхийн тулд уг хуулийн өөрчлөлт, тогтоол шийдвэрүүд гарч байгаа. Олон улсын тендер зарлахгүй яасан юм бэ гээд байгаа. Олон улсын тендер зарлахаар яг хуучин процесс явагддаг.
Энэтхэгийн чанар муутай, хими эмчилгээ хийлгээд дараа нь хордлого тайлах эмчилгээнд маш их зардал гардаг. Үүнийг солих нь гол асуудал. Гэтэл олон улсын тендер зарлахаар саяны яриад байгаа эм хямд үнээр ороод ирдэг.
Тэгэхээр тендерийнхээ хуулийн дагуу хямдыг нь авах болно. Яг хуучин хэвэндээ үлдэх гээд байна гэсэн үг. Нөгөө талаасаа Монголд үйлдвэрлэсэн бол давуу тал болно гэдэг. Манайд үйлдвэрлэгдэж байгаа зарим эм, тариа үйлчилгээ байхгүй. Чанарын ахиц гарахгүй.
-Манайд эм, эмнэлгийн хэрэгслийн бизнес дэлгэрсэн байна. Хийдэг хүмүүс нь манай эмч нар, эмнэлгийн дарга, улс төрд яваа хүмүүс. Надад нэг хүн үүний талаар ярьсан. Аав нь хавдартай. Гэр бүлээрээ мөнгө цуглуулаад Япон, Солонгос гэх мэт чанарын өндөр түвшинд байгаа химийн хор нь бага, хавдраа эмчлэх процент нь хамаагүй илүү. Энэ эмийг авах гэхээр манайд орж ирдэггүй. Хямд үнэтэй Энэтхэгээс орж ирдэг эм нь маш их химийн найрлагатай учраас үс унадаг, хавдар эмчлэх хувь нь бага. Бид хавдрын эм дээр сонголттой байж болохгүй юу. Боломжтой бол үнэтэй эмийг нь авмаар байна. Эсвэл иргэдэд ямар эм хэрэглэх сонголтыг нь олгож болохгүй хэрэг үү ?
-Монгол Улсад хими эмчилгээ хийлгэхээр Энэтхэг, Турк л байна. Тэр нь гаж нөлөө ихтэй. Тиймээс иргэд Солонгос явж хийлгэж байгаа. Хими эмчилгээг ганц хийлгээд болчихгүй. Бараг 10 удаа явна. Тэгэхээр тэр хүн сар бүр 10 удаа Солонгос явах хэрэг гарна. Солонгосоос тэр эмийг авна гэхээр манай улсын эмийн бүртгэлд байхгүй учраас манай улсад орж ирдэггүй. Хамгийн сүүлд 23 нэр төрлийн эмийг оруулж ирсэн.Сүүлд оруулж ирсэн таван төрлийн эм Солонгосын зах зээлд хими эмчилгээнд ашигладаг. Энэ эмүүдийг хэрэглэж байгаа хүн Солонгос руу явах шаардлагагүй гэсэн үг. Харьцангуй хямд үнээр аваад ХСҮТ-д өгсөн. Бусад эмнэлгүүдэд хэрэглэх боломжийг нь олгоно.
Одоо Япон улсаас 8 эмийг оруулж ирэхээр ярилцаж байгаа.
Манайхан 4000 гаруй төрлийн эм тариа хэрэглэдэг. Өргөн хэрэглээтэй, үйлчилгээ чанар муутай, өндөр үнэтэй эм бүрийг барьж авч энэ бодлогоо хэрэгжүүлнэ. Ингээд ирэх оны төгсгөл гэхэд чанаргүй, хэт өндөр эмүүдээс сална. Өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжиж эхлээд 11 дүгээр сард эхний эм тарианууд орж ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хавдрын 5 төрлийн эмийг оруулж ирсэн.
Энд л зөрчлийн эрх ашиг байгаа юм биш үү ?
-Тэрийг нь тогтоож барьсан зүйл алга.
-Та хувь хүний хувьд юу гэж бодож байна
-Хувь хүний хувьд өнгөрсөн есдүгээр сараас эхлээд би энэ бодлогоо ярьсан. Би Солонгост үйлдвэрлэгч улстай нь уулзаад шинэ хуулийнхаа бодлогыг танилцууллаа гээд бүх мэдээ мэдээллээ өгсөн. 18 нэр төрлийн эм тариа дөрөвдүгээр сарыг хүртэл орж ирсэн. Энэ хугацаанд ерөөсөө хуулийн зөрчил яригдаагүй.
Дөрөвдүгээр сард хавдрын 5 төрлийн эмийг оруулж ирэхэд хуулийн процесс зөрчсөн гэх зүйлс хурцаар яригдаж эхэлсэн. Үүнийг би үнэхээр гайхаж байгаа.
Би хэлцэл хийгээд үнийг нь тогтоогоод би үйлдвэртэй нь гэрээ хийгээд оруулаад ирсэн зүйлгүй. Дээрээс нь эм оруулж ирээд хөнгөлсөн үнийг нь даатгалаас аваад байна гэх буруу ойлголтыг нийгэмд өгөөд байгаа. Чихрийн шижин, сахарын өвчний эмийг авахад хувь хүний халааснаас 60 мянган төгрөг гардаг байсан бол одоо 6000 төгрөг төлдөг болсон. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас 900 сая төгрөгийн хэмнэлт хийсэн. Бодлогоо үргэлжлүүлээд сайн явбал 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг даатгалын сангаас хэмнэх боломжтой гэх тооцоолол гарсан. Иргэдийн халааснаас гарч байгаа мөнгө 6 дахин багасна. Сар бүр авч уудаг сахарын эмний үнэ 10 дахин багассан. Зүрхний цус шингэлдэг эмэнд 70 мянган төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 10 мянган төгрөг төлөөд авч байна. 6 дахин багассан. Хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын бодит үр дүн гараад ард иргэдэд хүрч байна. Ахмадууд тэтгэврийн таван төгрөгөөрөө сахарын эм авч ууж чадахгүй нэг сар алгасдаг байсан бол одоо 6000 төгрөг болчхоор сар бүр авч ууж байна. Энэ бодлогыг үгүйсгэх болсон шалтгааныг ойлгохгүй байгаа. Бүх хууль дүрэм батлагдаад тогтоол нь гарсан. Хуулийн дагуу явж байгаа зүйл. Хэрэв зөрчил байвал хуулийн байгууллага нь шалгах байх
-Та эрүүл мэндийн сайд байсан, дараа нь Ерөнхийлөгчид зөвлөж явсан хүн. Таны өмнөх хүмүүс энэ өөрчлөлтийг яагаад хийгээгүй юм бол. Маш олон хүн чанаргүй эм ууж, эрүүл мэндээрээ хохирч байгаа шүү дээ.
-Маш олон зүйлүүд манай салбарт байна. Өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай байна. Би өмнө нь сайд байхдаа энэ зүйлийг харж л байсан. Гэхдээ хамгийн гол нь хуулийн өөрчлөлт орж байж боломж нь бүрдэж байгаа. Зургаан сарын хугацаанд сайдаар ажиллахад цар тахлаас өөр юманд анхаарч чадаагүй. Хуулийн өөрчлөлтүүд явагдаад хууль батлагдаж өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Гол нь ажлаа хийх хэрэгтэй.
Гэтэл хийж байгаа ажлууд маань маш их хүмүүсийн ашиг сонирхолтой нүүр тулж байна. Их олон төрлийн ашиг сонирхол орж ирж байна. Энэ болгоныг даван туулахад үнэхээр цаг хугацаа ордог. Энэ мэт асуудал их үүсэж байна.
-П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал дээр та байр сууриа илэрхийлж байсан. 2.5 жилийн ял авсан энэ асуудлыг салбарын сайдынх нь хувьд юу гэж харж байна. Хүний төлөө явж байсан хүндээ ял өгөөд байх юм уу. Гол алдаа нь танай салбар хуулиа боловсруулж, нарийн зааж чадаагүй л юм байна лээ.
-П.Батчулуун эмчийн жишээ олон нийтэд ил болж олны анхаарлыг татаад байна л даа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 орчим эмч ял, шийтгэл авсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө. Би П.Батчулуун эмчид ял оноохгүй байх гэх бодолтой байсан.
Шүүхийн шийдвэр гарахад тус шийдвэрийг үгүйсгэж, үзэл бодлоо илэрхийлэх нь Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газар шүүхэд итгэхгүй байна гэх том зөрчилдөөний асуудал гарах байх гэж бодсон. Бид хуулиа дээдлэх ёстой. Дараа, дараагийн шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний зүйлсийг хэлж ярьж болохгүй.
Үүнийг зарим хүмүүс буруу ойлгоод намайг уг асуудалд анхаарал хандуулахгүй байна гэж яриад байгаа. Миний хувьд эрүүл мэндийн салбарт үүссэн уг асуудлыг сууриар нь шийдэх тал руу анхаарал хандуулж байгаа. Нэг удаагийн жишээ ийм байж болно. Харин дахин давтаж болохгүй. Алдааг давтахгүйн тулд хуулийн өөрчлөлт хийх ёстой. Бусад улсуудын хуулийг судалж үзэхэд Эмнэлгийн мэргэжилтний тухай хууль байдаг юм байна лээ. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш уг хуулийн төсөл дээр ажиллаж, саяхан үзэл баримтлалаа батлуулсан. Ирэх намрын чуулганаар өргөн барина. Парламентын гишүүн болсноосоо хойш уг хуулийн төсөл дээр ажилласан. Хуулийн цоорхойгоос болж эмч ял авдаг байдлыг зогсоох суурь өөрчлөлтийг хийх ёстой. Үүнийг улстөржүүлэх, дэвэргэж, попрох нь байж боломгүй ёс зүйгүй асуудал. Энэ зүйлсээс бид аль болох татгалзах ёстой гэж боддог.
-Таны яриандаа дурдсан 20 гаруй эмч бүгд П.Батчулуун эмч шиг хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснээсээ болсон уу. Эсвэл өөр тохиолдлоос болов уу. Авлига албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон эмч нар байна уу?
-Би бол тусламж үйлчилгээтэй холбоотой тоо баримт ярьсан. Авлига албан тушаалын хэрэгт ял, шийтгэлээ авах ёстой. Нэг жишээ хэлье. Согтуу жолооч хүн дайрахад хохирогч эмнэлэгт хүргэгдэнэ. Улмаар нас барахад согтуу жолоочын тал хуулийн цоорхой ашиглаж тэр хүн эмнэлэгт амьд хүргэгдсэн. Эмнэлгийн тусламж үзүүлэхдээ алдаа гаргасан гэх утгатай юм ярьж байж согтуу жолооч эмчтэй ял хуваалцдаг байхгүй юу. Ийм зүйл манай салбарт байна. Манай салбарынхан хүнийг эмчлэх үүрэгтэй ч гэсэн өөрсдөө бас эрхээ эдлэх ёстой. Гэтэл үүнийг нь зөрчиж байгаа зүйлс маш их гарч байгаа учраас сууриар нь шийдэхгүй бол болохгүй.
-Таныг П.Батчулуун эмчийн гэр бүлтэй уулзахдаа зохимжгүй байр суурь илэрхийлсэн гээд охин Б.Хонгорзул нь хэвлэд ярьсан байсан. Ингээд бодохоор хатуурхаад байгаа юм биш үү гэж олон нийт харж байгаа. Уучлалт гуйхаас өөр аргагүй байхгүй шүү дээ гэх мэт. Уучлалт гуйна гэдэг чинь Ерөнхийлөгчөөс л хүсдэг зүйл, дээрээс нь буруугаа хүлээнэ гэсэн үг. Тэр хүний хэрэг шүүхээр эцэслэгдээгүй байгаа. Дээд шүүх дээр яваа.
-Би иргэнтэй уулзсан асуудлаа дэлгэрэнгүй ярих нь ёс зүйгүй байх. Би эмнэлэгт хэвтээд гарандаа мэс засал хийлгэсэн. Гурав хоночхоод гарч ирээд утсаа асаасан чинь надтай уулзах хүсэлтэй байна гээд ярьсан. Би амралтын өдөр дуудаад уулзсан л даа. Тэдний зүгээс "П.Батчулуун эмчийн биеийн байдал сайнгүй байна, хугацаа алдвал эрсдэл үүснэ. Дээд шүүхийн процесс хэр удахыг мэдэхгүй байна. Өршөөл хүсээд эрүүл мэндэдээ анхаарвал яах бол гээд санал солилцохоор ирлээ" гэсэн. Гэм буруутай зүйл хийгээгүй учраас ял шийтгэлгүй өнгөрөх байр суурь дээрээ хатуу байна гэдгийг ч хэлж байсан. Тэгэхээр нь дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээж таарах юм байна даа гэдэг агуулга яригдсан. Миний хувьд хагалгаанд ороод удаагүй байсан учраас зовиуртай байсан. Тэрийг буруу ойлгосон байж магадгүй.
Түүнээс биш ямар нэгэн байдлаар бичиг цаас гаргаад нэмэргүй, хүлээхээс өөр аргагүй гэх зүйлийг яриагүй. Би тэдэнд "Би эмч хүн. Хууль эрхзүйн хүн биш учраас учир дутагдалтай зүйл гаргасан бол уучлаарай. Би П.Батчулуун эмчтэй ойр дотно. Тиймээс миний үзэл бодол та хэдтэй ижилхэн байгаа шүү" гэж хэлсэн.
-Та яриандаа авлига албан тушаалын хэрэгт ял, шийтгэлээ авах ёстой гэдгийг хэллээ. Гэхдээ шүүх дээр очих магадлалтай, шалгагдаад явж байгаа хүнийг ЭМДЕГ-ын даргаар Б.Энхболдыг томилсон нь хэр шударга ёсонд нийцэх зүйл юм бэ. Ерөнхий сайдын авлигатай тэмцэх бодлоготой энэ ер нь нийцэх үү ?
-Томилохдоо процессын дагуу л явсан зүйл. АТГ-аас ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг бичгээр авсан. Зөрчилгүй байсан.
-АТГ-ын бичиг нь авлига албан тушаалын хэрэг алга гэдэг зүйл биш. Ашиг сонирхлын зөрчил байна уу, хамааралтай компани байгаа эсэхийг асуудаг шүү дээ. Таны энэ тайлбар бол биш л гэж бодож байна.
-Мхн.
-Яагаад томилов. Танай салбарт өөр хүн алга уу ?
-Ер нь хүнийхээ хувьд 2-3 жил Эрүүл мэндийн сайдаар ажилласан. ЭМДС яагаад доголдолтой байгааг маш сайн мэдэж байгаа хүн.
Тиймээс өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагаа ашиглаад нааштай шийдвэр гаргаад ажиллах боломжтой хүн гэж би хувьдаа үзсэн.
-Доголдуулсан хүмүүсийн нэг нь очоод доголдлыг засна гэж үү ?
-Доголдсон процессыг сайн мэдэж байгаа байхгүй юу. Цаашид юу хийх ёстой вэ гэдгийг өргөн зургаар нь харсан байгаа л гэж бодсон.
-Энэ томилгоотой холбоотой та хэвлэлд өгсөн яриандаа "Би биш. ЗГХЭГ-аас оруулж ирээд томилсон" гэж ярьсан. Тэгэхээр та энэ хүнийг томилох талаар яриагүй юм уу ?
-Засгийн газрын хурлаар орж томилогддог гэдгийг хэлсэн. Томилгооны саналыг ЗГХЭГ-аас оруулж ирж Засгийн газрын хурал дээр танилцуулаад шийдвэр гарч томилогддог процессыг хэлсэн.
- Таны дэмжсэн санал ЗГХЭГ-руу ороогүй гэж үү ?
-Түрүүний хэлсэн байр суурин дээрээ л байсан. Туршлагын хувьд болж байна. Тиймээс томилоход миний хувьд татгалзах зүйлгүй гэсэн.
-Б.Энхболд гэдэг хүн дээр гол асуудал байгаа юм биш шүү. Гол нь асуудалд орж шалгагдаад, ЭМДЕГ-ын өмнөх дарга нь бас АТГ-т шалгагдсан. Б.Энхболдын асуудал шүүхээр эцэслэгдэж нэг талдаа гараагүй байгаа л даа. Нэг бол буруутай, нөгөө бол буруугүй гэж гарна. Шүүхийн шатандаа хэрэг очих уу, үгүй юу гээд ард нь маш олон асуудал хүлээгдэж байна. Ажлаа хийгээд явж байтал хэрэг нь шүүх дээр очол ял авбал та мэдээж чөлөөлөх л байх. Гэхдээ ийм томилгоо хийсэн танд ямар нөхцөл байдал үүсэх бол. Та ер нь бодож үзсэн үү.
-Яллагдагчаар татагдаад ийм процесс явж байгаа гэх мэдээлэл надад байгаагүй.
-Яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа.
-Надад бол тийм мэдээлэл байгаагүй.
-Мэдээлэл нь хэвлэлээр яваад л байсан. Танай намынхан шударга ёс гэж их ярьдаг учраас л энэ зүйлийг асуусан юм. Хоёрдугаарт таны хэлсэнчлэн хүний эрүүл мэндээр тоглосон эрх ашиг, бизнес яваад байгаа зүйлийг таныг цэгцлэх гээд байна уу гэж хараад байгаа учраас энэ зүйлийг асуугаад байгаа юм л даа.
-Миний гол зорилго л тэр. Тэгж байж ажил урагшилна.
-ЭМДЕГ-ын өмнөх даргын асуудал яг юу болсон юм. Энэ талаарх мэдээлэл байна уу ?
-Шүүхийн шатанд яваа гэж сонссон. Өөр мэдээлэл алга.
-Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал ямархуу түвшинд байна.
-Одоогийн нөхцөл байдалд сан бол хүнд байдалд орсон зүйл алга. Бид өнгөрсөн хугацааны алдааг засаж залруулаад явж байна. Ер нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш их доголдолд орсон. Энэ доголдол өнгөрсөн оны сүүлээс энэ сарын эхнээс арилах тал руугаа орж байгаа. Цар тахлын үед санхүүжилт нь даатгалын сангаасаа хэд дахин хэтэрсэн. Дараагийн онд нь илүү олгосон санхүүжилтийг нөхөх биш нэмж санхүүжилт гараад байсан. 2024 оны төгсгөл гэхэд 400 гаруй тэрбумын хасах баланстай гарсан. Үүн дээр менежментүүдийг хийсэн. Сайдын багцаас хэмнэлт хийгээд 35 орчим тэрбумын төгрөг, гадны зээл байсан зүйлийг буцалтгүй тусламж болгоод 70 тэрбум төгрөг нийт 100 гаруй тэрбум төгрөгийг даатгалын санд төвлөрүүлсэн. Оны эцэс рүү зайлшгүй шаардлагатай биш тусламж үйлчилгээнийнүүдийг хязгаарлахаас өөр аргагүй болсон. Үүнээс 100 орчим тэрбумыг хэмнэсэн. Ингээд энэ оны төсвийг 320 орчим тэрбум буюу 16 орчим хувиар нэмэгдүүлсэн.
Үлдсэн нь эрүүл мэндийн даатгалаас эмнэлгүүдэд өгөх төлбөрт явсан. Энэ оны даатгалын сан нийт 2.3 их наядын санхүүжилттэй. 700-800 орчим тэрбумын санхүүжилт нь гарчихсан. 1.4 их наядын санхүүжилт даатгалын санд байгаа.
Үүнийг эмнэлгүүдэд яг хэдэн төгрөгөөр гэрээ хийх тэрийгээ тодорхой болгоод сар, сард нь санхүүжилтийг нь олгодог болсон. Ингэж явахгүй болохоор ямар нэгэн хяналтгүй, замбараагүй санхүүжилтийг өгөөд оны төгсгөлд санхүүжилт байхгүй болчхоод байгаа. Оны төгсгөлийн сарын санхүүжилтийг өмнөх сар руу татаж хэрэглэдэг байдлаар өнгөрсөн гурван жил явж ирсэн.
-Таны хэлж байгаагаар санхүүжилт нь хэвийн санд нь мөнгө байгаа гэж байна. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр эмнэлгүүд квот гаргачихсан, даатгалаар үзүүлэх, эсвэл хагалгаанд орох нь сарын хүлээлттэй байна. Сан мөнгөгүй биш юм бол ямар шалтгааны үндсэн дээр иргэдэд хүндрэл учруулаад байгаа юм бэ ? Өвдсөн хүн бүтэн сар хүлээнэ гэдэг чинь хүнд шүү дээ.
-Даатгалын сан хэвийн гэж ярьж байгаа нь дампуурч хоосорсон гэх зүйл байхгүй гэх утгаар хэлсэн. Түүнээс биш эрүүл мэндийн даатгалын сан тусламж үйлчилгээгээ ямар нэгэн квот тогтоохгүйгээр санхүүжилт үзүүлэхэд асар их дутагдалтай байна. Өнөөдөр тус сангийн энэ оны төсөв нь ДНБ-ий гурван хувь.
Гадны улсууд дор хаяж ДНБ-ий 6 хувьд хүрч байж санхүүжилтийн асуудал цэгцэрнэ гэж үздэг. Бид доод хэмжээнээс нь 2 дахин бага санхүүжилттэй учраас квот тогтоож, хязгаар тавьсан.
Түүнээс биш гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг чинь квот тавихгүй байж үндсэн тогтолцоо нь зөв хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдөр тийм хэмжээний мөнгө байхгүй байгаа учраас жил бүр ДНБ-д эзлэх хувь хэмжээг 1 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөг гаргасан. 2026 онд 4 хувьд, 2028 онд 6 хувьд хүргэж байж эрүүл мэндийн салбарын асуудал шийдэгдэнэ.
-1 хувь гэдэг нь ойролцоогоор хэдэн төгрөг гэсэн үг үү ?
-Ер нь 1 их наяд орчим төгрөг.
-Төсвийг нь нэмэгдүүлээд 1-2 их наяд төгрөг болгоод явчих боломж алга уу. УИХ дэмжихгүй байна уу. Эсвэл Засгийн газар бодлогоо тодорхойлж чадахгүй байна уу ?
-Таны зөв л дөө. Салбар удирдаж байгаа сайдын хувьд төсвөө нэмж батлуулах олон улсын жишиг рүү явуулах нь хамгийн гол ажлын нэг нь. Энэ оны төсвийг өмнөх онуудад байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлсэн л дээ. Өмнөх оныхоос 320 тэрбумаар нэмэгдүүлсэн. Энэ он бас ахицтай төсвөө нэмэгдүүлж чадсан. Би ажлаа хийж чадсан гэж бодож байгаа. Ирэх жилээс эхлээд төсвөө ДНБ-д эзлэх хувь хэмжээг 1 хувиар нэмэгдүүлнэ. УИХ-д 6 эмч гишүүд байна. Бүгд нийлээд УИХ-д дуу хоолойгоо хүргээд төсвөө нэмэгдүүлж чадвал эрүүл мэндийн салбарын асуудал шийдэгдэнэ. Гүйцэтгэлийн санхүүжилтын тогтолцоо руу 2021 онд шилжсэн. Хүнд сайн үйлчлээд байвал их мөнгө авна. Энэ тогтолцоо руу шилжихээс өмнө эрүүл мэндийн салбарын санхүүжилтын мөнгө нэмэгдээд л байдаг, тусламж үйлчилгээний хүлээгдэл сайжирдаггүй байсан. Одоо бол тогтолцоо нь зөв болоод явж байна. Харин санхүүжилтийн асуудлыг нь шийдчих юм бол эрүүл мэндийн салбар цогцоороо шийдэгдэнэ. Эмнэлэгт гүйцэтгэлээр нь санхүүжилт өгөөд эхлэхээр тусламж үйлчилгээгээ сайжруулж байж мөнгөө авдаг.
-2025 оны төсөвт урсгал зардал, хөрөнгө оруулалтад хэдэн хувийг зарцуулахаар байна
-Эрүүл мэндийн салбарын энэ оны төсөв 3.1 их наяд төгрөг. Үүнээс 2.3 их наяд нь даатгалын санд төвлөрсөн. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдана гэсэн үг. Хөрөнгө оруулалтад 60 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс 45 тэрбум нь орон нутгийн тоног төхөөрөмж, хавдрын тусламж үйлчилгээг энэ жил сайжруулах бодлого барьсан. Үлдсэн бусад санхүүжилт нь төсвийн байгууллага буюу цус сэлбэлтийн үндэсний төв зэрэгт зарцуулагдана.
-ХСҮТ гэхэд MRI аппаратгүй байх жишээний. Ирэх сард гадны зээл тусламжаар авах гэж байгаа юм байна лээ. Тэгэхээр бодлогын хувьд өөрчлөлт хиймээр юм биш үү. Эмнэлэг, барилга руу зарцуулахаас илүүтэй зарим зүйлийг нь хувийн хэвшил рүү гаргах зарим зүйлд нь төр оролцсон ч гэсэн өөр байдлаар явах ёстой юм биш үү. Асар их төсөв авдаг ч урсгал зардал руугаа зарцуулаад явах нь үр дүнгүй бодлого юм биш үү. Та юу гэж бодож байна.
-Таны хэлсэн асар их мөнгө гэдэг чинь эргэлзээтэй. ДНБ-д эзлэх хувь хэмжээгээрээ явна. Олон улстай харьцуулахаар доод хэмжээнээс нь хоёр дахин бага мөнгө байна. Одоо жишээ нь 1 их наяд 50 тэрбум төгрөг нь зөвхөн цалин мөнгөнд зарцуулагдаж байгаа. Тиймээс тавигдсан төсөв салбарын хэмжээнд аваад үзэхээр тийм ч их мөнгө биш болж таараад багаа юм. Хувийн хэвшлүүдийг дэмжих бодлогыг өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн. Төр, хувийн хэвшлийн ялгааг арилгах бодлогыг явуулж ирсэн. Тийм ч учраас хавдрын тусламж үйлчилгээ хувийн хэвшил рүү зарим хэсэг нь шилжсэн. Зүрх судас, хоол боловсруулах үйлчилгээ ч гэсэн хувийн хэвшил рүү шилжсэн. Төвлөрөл тодорхой хэмжээнд саарсан. Манай улсын хувьд бодлого нь маш тодорхой болсон.
Гүйцэтгэлийн санхүүжилт нь хамгийн зөв оновчтой. Одоо харин санхүүжилтийг нь ДНБ-ий 6 хувьд нь хүргэчихвэл эрүүл мэндийн салбарт гарч байгаа асуудлуудад хариуцлагыг бид шууд хүлээхэд бэлэн байхгүй юу.
-Танай салбар нийгмийн эрүүл мэндийн чиглэлд яг ямар бодлого барьж байна.
-Өнгөрсөн хугацааны манай бодлогын алдаа нь энэ. Өвдсөнийх нь дараа эмчлэх, эмнэлэг барих, эмч бэлдэх бодлого барьж ирсэн. Одоо бид өвчин үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлтэй нь тэмцэх, хоёрдугаарт эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог оновчтой зөв болгож бага зардлаар их өвчлөлийг илрүүлдэг болгох. Гуравдугаарт тусламж үйлчилгээгээ аль болох хүн амьдарч байгаа бүс нутагт нь авах боломжоор хангах, Монголдоо бүх өвчнийг эмчлэх бодлого баримталж байгаа. Энэ цогц бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Эмийн асуудал дээр ч цогц бодлого баримталж байна. Үүний нэг нь нэг эх үүсвэрийн худалдан авалт. Эмийн зөвлөлийг шинэ батлагдсан хуулийн дагуу дахиад шинээр байгуулсан. Гаднаас эм оруулж ирэхдээ бичиг баримтын бүрдүүлэлтийг нь шалгаад, тусгай зөвшөөрөл лицензийг нь олгодог.
Зарим эмүүдийн шинжилгээг лабораторид хийе гэхээр лабораторийн хүчин чадал нь болохгүй байгаа. Тэгэхээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори барих ажил эхэлсэн. Ирэх 11 сард ашиглалтад орно. Дээрээс нь гадны хатуу зохицуулалттай улсуудаас орж ирж байгаа чанартай эмүүдийн лицензийг хялбаршуулсан журмаар олгох ёстой гэх ажил явагдаж байгаа.
Эмийн бүртгэлийн том нэгдсэн систем ашиглалтад ороод туршилтын бүртгэлүүдийг хийж эхэлсэн. Ямар эм, хэдэн төгрөгөөр аль улсаас орж ирэв гэдгийг үйлдвэрлэлийн дугаараар нь харах боломжтой болно. Хаана ямар эмийн санд зарж байна, нөөц нь ямар байна гэдгийг харах боломжтой гэсэн үг. Үүнийгээ илүү сайн бэхжүүлнэ. Нэг эх үүсвэрийн худалдан авалтын бодлого өөрөө бүх зүйлийг засна гэсэн үг. Хувийн хэвшил эмийг оруулж ирэх боломжийг хангана. Хэрэв зах зээлээс өндөр үнээр чанар муутай эм оруулж ирвэл төр шууд бодлогоороо эргээд хэдэн төгрөгөөр хаанаас авах боломжийг нь бүрдүүлж хязгаарыг нь тавьж өгнө. Ийм л тогтолцоо руу бид орно. Үүнийг нэг сарын дотор өргөс авч байгаа мэт шийдэх боломжгүй.
-Та хамгийн сүүлд хэзээ эмнэлгүүдээр орж нөхцөл байдлыг харав. Эмнэлгийн дарга нарт нь хэлэхгүйгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр ажиглах гэж орж үзсэн тохиолдол байна уу ?
-Өөрөө дангаараа юу ?
-Дангаараа
-Сүүлд сайд болсноосоо хойш ороогүй. Эхлээд дандаа баг, бүрэлдэхүүнтэйгээ явдаг. Газар дээрх нөхцөл байдлыг нь харж, удирдлагатай нь танилцаад удирдлагын түвшинд асуудлуудаа ярьдаг. 13 аймгаар явж аймгийн бүх нэгдсэн эмнэлгүүдээр нь орж асуудлыг нь хэлэлцэж арга хэмжээ авч ажилласан. Улаанбаатарын хэмжээнд хоёр дүүргийн эмнэлгээр ороогүй. Лавлагаа шатлалын төвийн эмнэлгүүдээс 1,2,3 дугаар эмнэлгээр орсон. ХСҮТ-өөр орсон.
-Орон нутагт хавдрын техник төхөөрөмж байхгүй учраас ХСҮТ-д ирээд үзүүлэх гэсэн чинь оочер нь нэг сарын дараа байх жишээний. Энэ нөхцөл байдлыг засаад аймаг, орон нутагт нь шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь бэлдээд өгөх боломж байхгүй юу. Бас л төсөв дээрээ очоод унаад байна уу ?
-Төсөв дээр очоод унахгүй байгаа. Аймгуудын бүх шаардлагатай хавдрын тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж худалдан авалтыг нь зарласан. Долоодугаар сард бүх аймгуудад нийлүүлнэ. Хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай байгаа хүний нөөцийн дутагдал 104 эмч хэрэгтэй байгаа. Энэ жил 64 эмчийг бэлдэж эхэлсэн. 21 аймагт хавдрын тусламж үйлчилгээг энэ жил нэг, нэг хувиар ахиулна. Жилд хавдрын эмнэлэгт 28 мянган хүн үзүүлдэг. Төвийн зургаан дүүрэгт мөн нэг, нэг хувиар нэмэгдүүлнэ. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын худалдан авах тендер нь зарлагдсан. Зургаадугаар сард өргөтгөлийн барилгаа авна. 10 хувийн ачааллыг тийшээ авна. Улсын 1,2 дугаар эмнэлэгт хавдрын төв нээгдсэн. 3 дугаар эмнэлэгт удахгүй нээгдэх гэж байна. Энэ оны төгсгөл гэхэд ХСҮТ-ийн ачааллыг 53 хувиар бууруулна гэж тооцсон. Эхнээсээ үр дүнгээ өгч байна.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!