УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ.
Энэхүү хэлэлцүүлгийг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нээж үг хэлсэн. Тэрбээр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны “Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, өнгөрсөн 04 дүгээр сард Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж, төслийн явц, үр дүн, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцлаа.
Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 294 сумын нийт 548 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна. Мөн 72 сумын 196 объектод ариун цэврийн байгууламж барих ажил үргэлжилж байна. Хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулсан аж ахуйн нэгжүүд ч байна. Эдгээр компаниудад хариуцлага тооцож, гэрээг цуцалж байгаа бөгөөд 4 аймгийн 10 сумын 26 объектод дахин гүйцэтгэгч шалгаруулахаар ажиллаж байна.
Эдгээр объектуудад дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй авч ажлыг хэрэгжүүлэх, ашиглалтад орсон болон цаашид үргэлжлэн ашиглалтад орох ариун цэврийн байгууламжуудыг зөв зохистой ашиглаж хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Учир нь Дэлхийн зөн, "Мобиком" корпорац зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийгдсэн ариун цэврийн байгууламжуудын ашиглалт хангалтгүй, цоожлоод орхисон зэрэг дутагдлууд байгааг давтах ёсгүй. Иймд зураг төслийн болон барилга угсралтын ажилд шалгарч хамтран ажилласан бүхий л аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээндээ сэтгэл гарган хамтран ажиллаж, гүйцэтгээд хүлээлгэж өгөөд орхих бус ашиглалтын явцад дэмжлэг үзүүлж, ашиглалтыг жигдрүүлж, байнгын ажиллагаатай болох хүртэл анхааран ажиллах хэрэгтэй байгаа тул өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм гээд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн өнөөдрийн ажлын явцын талаар Боловсролын яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир танилцууллаа.
Тэрбээр, төсөл 4 үе шаттай хэрэгжиж буй агаад 294 суманд 795 ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн 80,9 хувьд, 330 сумын 313 буюу 94,8 хувьд төсөл хэрэгжиж байна. Байнгын ашиглалтад оруулах 202 сумын 548 объект, комисс ажиллахад бэлэн болсон 10 сумын 25 объект, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 72 сумын 196 объект, гэрээ цуцлагдаж байгаа 4 аймгийн 10 сумын 26 объект байна гэх зэргээр төслийн үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн талаар болон хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний ач холбогдлын талаар танилцуулав.
Мөн цаашид ариун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх, багш, суралцагчдад чиглэсэн дадал хэвшил олгох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, засвар үйлчилгээ хариуцах сум дундын нэгжийг бий болгох, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тохиолдолд орон тоог нэмэгдүүлэх, гадна нүхэн жорлонг ариутгал хийж буулгах, ашиглагчийн урсгал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/ зардлыг нэмэгдүүлэх, шаардлагатай сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох зэрэг анхаарах асуудлуудыг танилцуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!