Хотын төвөөс алсрах тусам гэр хорооллын эгэл бор амьдрал улам тодорно. Энэ хооронд амьдарч буй хүмүүсийн амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай. Уул мэт өгсүүр гудамжаар залхуутай гэгч өгсөх хүмүүсийн дүр зураг гэр хорооллын хаана ч адил. Хоногийн хоолоо аргацаахын тулд дэлгүүрт өр тавих ээж, айлын эзэнгүй хашаанд ганц нэг юм мултлан суух залуус, гудамжны үзүүрт эвдэрхий унадаг дугуйгаар тоглох хүүхдүүд. Энэ бол гэр хорооллын бодит дүр зураг.
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах 105 дугаар сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн багачууд хичээлээ тараад зарим нь гэртээ харихаар уул руу мацна. Замдаа цүнхээ мөрнөөсөө буулгаад хэд, хэд амарна. Тэдний нэг нь 10 настай охин Э болон түүний таван настай дүү Е юм. Дүүгээ цэцэрлэгээс нь аваад харихаар яваа нь энэ.
Тэд замдаа ургасан өнгө, өнгийн цэцэг бүрийг өхөөрдөн харж, газраас олсон тод өнгөтэй чулууг эрдэнэс оллоо гэж тоглоцгооно
Аав, ээж нь ажилдаа явсан гэрт нь хүнгүй тул халуун хоол, унд байхгүй. Гэртээ ороод боорцог идээд, таргаа уугаад, даалгавраа хийнэ гээд өөр хоорондоо ярилцана. Охины хувьд их хэвлүүхэн яриатай.
Ээж нь 07:00 цагт хоёр хүүхдээ сэрээгээд 07:30 цаг гээд хичээл, цэцэрлэгт нь явахаар уулнаас буудаг бөгөөд хоёр км алхсаар сургууль, цэцэрлэгтээ очдог. Э охин өдөр 12:30 цагт хичээлээ тарж ирээд орой дүүгээ цэцэрлэгээс нь авдаг гэхээр өдөрт уулнаас 4 удаа бууж, өгсдөг гэсэн үг. Үүнээс гадна хамгийн хүнд ажлын нэг нь усанд явах гэв. Хэдийгээр аав нь машинаар усанд явдаг ч хааяа нэг усгүй үед охин усанд явдаг бөгөөд маш их ядардаг гэдгээ ч нуусангүй. Тэднийх энд нүүж ирээд гурван жил болжээ. Уул руу өгсөхөөс илүү буух нь хэцүү гэв. Ялангуяа өвлийн улиралд уулын уруу халтирч, өнхөрч унах нь хамгийн эрсдэлтэй.
Өнгөрсөн өвөл охин хэд, хэдэн удаа өнхөрч унасан учраас ээж нь үнэтэй, арзгар ултай өвлийн гутал авч өгсөн талаар охин хэлэв.
Уг нь уулыг тойроод нам газраар явж болох ч цаг их алддаг учраас шууд эгц өөдөөс нь алхах нь биеийг ядраадаг ч цаг хэмнэдэг гэнэ. Охин хэлэхдээ "Уул руу мацаж, буух нь хэцүү хааяа ядардаг. Манай дүү илүү их ядардаг. Замдаа олон удаа амардаг. Байранд амьдардаг байсан бол уул руу мацахгүй гоё байхгүй юу. Том болоод эмч болоод байранд амьдрахыг хүсдэг" гэв. Монголд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж амьдарсаар залхсан охины аав нь гадагшаа явахаар хөөцөлдөж байгаа гэв. Ерөнхийдөө гэр хороололд амьдарч буй томчууд гэлтгүй хүүхдүүдийн мөрөөдөл нь байранд амьдрах болжээ.
Хичээлээ тараад явж буй наймдугаар ангийн хоёр хөвгүүнтэй таарав. Тэд мөн л уул даваад гэртээ харихаар яваа. Хамар хашааны үй зайгүй найзууд. Энэ хавиар золбин нохой ихтэй учраас тэдэнд хөөгдчихгүйхэн шиг харих нь тэдний ганц хүсэл. Хааяа давтлагад суугаад оройтоод харих үедээ гартаа чулуу атгаж, мод барьж явдаг гэв. Ойр хавьд нь хог хаягдал, малын сэг зэм ихтэй учраас ноход эргэлдээд салдаггүй бололтой юм. Өндөр нь сургуулиа төсгөөд коллежид тогоочоор сурна гэсэн бол нөгөө найз нь Солонгос явж ажил хийнэ гэв. Тэд согтуу хүн, нохойнд хөөгдөхгүй аюулгүй орчинд амьдрах хүсэлтэй. Адаглаад энэ хавьд нь хүүхэд тоглох тоглоомын талбай ч алга. Тэдний хүсэл нь мөн л байранд амьдрах.
Дөнгөж 10 жилийн сурагчид “Тэнд амьдрал бий, харин Монголд ирээдүй алга” гэж аль хэдийнээ амьдрал үзсэн “толгой” шиг ярих. Өнөөдрийн нийгэм тэдэнд эх орноосоо дүрвэх бодлыг дэндүү эрт суулгасан нь даанч харамсалтай.
“Ажлаад л байдаг ажлаад л байдаг. Цалин гэж өчүүхэн юм авна. Түүгээрээ дараагийн цалин буутал амь залгуулаад дуусна. Хурааж хуримтлуулах, аялж зугаалах, амьдралаас таашаал авах боломж Монголд алга. Элгэн садан, ээж аавтайгаа эх орондоо үлдмээр байвч үр хүүхдээ сайхан амьдруулахын тулд Солонгос руу явахаар шийдсэн” гэж энэ хоёр хүн ярив.
Тэд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд “Монголд урт зам туулна, бараг боломжгүй. Энд цаг наргүй ажиллаж зүтгээд амьдралаа босгоно гэдэг мөдгүй” гэдгийг хэлж буй.
Улс төрийн тогтворгүй байдал, хүүхдэд ээлгүй орчин, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, нийтийн тээврийн хүртээмж, агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ, түгжрэл, ядуурал, инфляц зэрэг нь энэ цагийн Монгол Улсыг тодорхойлогч түлхүүр үгс болчхоод байна.
Нөгөө талдаа өрийн дэвтэр зузаарч иргэдийн амьдрал уруудсаар. Мах, сүү, өндөг тансаг хэрэглээ болж талх, элэгний нухшаар олон өрх хоногийн хоолоо аргацаах болжээ. Гэр хороололд иргэдийн дийлэнх нь ядруухан амьдарч байгааг хэрэглээнээс нь харж болохоор.
Граммын махны оронд 1500 төгрөгийн үнэтэй таван цулын таташ, 1700 төгрөгийн элэгний нухаш хамгийн гүйлгээтэй.
Айл айлын амьдрал адилгүй ч ажил төрөлтэй нь ч, гэрийн мухар сахисан халамжийнхан ч ялгаагүй бүгд дэлгүүрт өрийн данстай. Худалдагчийн хар жагсаалт бүхий балаар эрээчсэн алаг цоохор дэвтэр дор хаяж гурав, дөрвөөрөө. Бүгд саяхан л нээсэн гэх дэвтрээ харуулах атал дуусаж байв.
Дэлгүүрийн худалдагч “Манай дэлгүүрээс сүү, өндөг, хиам, кг-ийн бууз авах хүн ховор доо. Ер нь тансаг хэрэглээ болсон гэхэд хилсдэхгүй. Иргэд бэлэн гоймон, талх их авдаг. Мэдээж гэрийн хаягийг нь мэддэг баталгаатай гэж бодсон хүмүүстээ хүнс зээлдэг.
Гэхдээ ганцаараа амьдардаг өндөр настан, өрх толгойлсон аав, ээжүүд хоногийн хоолгүй байна гээд хүнс гуйгаад ороод ирэхээр үгүй гэж хэлж чаддаггүй учраас өр бичдэг.
Нөгөө талдаа гэрт найз нөхөд, хамаатан садан ирлээ гээд өр бичүүлэх ч хүмүүс бий. Хамгийн их өртэй хүн нь 300 мянган төгрөг байна. Дийлэнх нь л худалдан авахаасаа илүү “зээлье”, “тэтгэвэр буухаар өгье”, “хүүхдийн мөнгө буухаар өгье” гэж гуйдаг" гэв.
Гэр хороололд, уулын энгэрт алслагдан амьдарч байгаа иргэдийн амьдрал иймэрхүү дүр зурагтай байна. Тэд өөрсдийгөө хотын захад амьдардаг шигээ төрийн бодлогын гадна үлдэж, төрдөө мартагдсан гэж бодож суугаа нь даанч гунигтай.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!