Х.Ганхуяг, Т.Аубакир тэргүүтэй УИХ-ын гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж буй. Эл хуулийн төсөл өнгөрөгч өдрүүдэд багагүй олны анхаарлын төвд байлаа. Тэгвэл бид хуулийн төслийн агуулга, нийгэм, эдийн засгийн үр нөлөөтэй холбогдуулан эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа
-Өнгөрөгч өдрүүдэд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг тойрсон асуудлууд олны анхааралд ороод амжлаа. Үнэхээр энэ хуулийн төслөөр дамжиж хуулийн хулгай явах гээд байна уу. Та юу гэж харж байна?
-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийн талаар саяхан олж мэдсэн. Юун түрүүнд бид гадаад зээллэг гэж юу болох, хаана байх ёстой юм бэ гэдгээ мэдэх ёстой. Энэ нь өөрөө төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Төсвийн үндсэн зарчим дотор төсөв нь үнэн зөв, иж бүрэн байх ёстой гэж заасан байдаг. Үүнд төсвийн орлого, зарлагаас авхуулаад гадаад зээлтэй холбоотой бүх л асуудлууд хамаатна. Өөрөөр хэлбэл, төсвийг гадаад зээлгүйгээр ойлгох боломжгүй. Дэлхийн бусад улс орнуудын жишгийг аваад үзье л дээ. Зөвхөн орлогыг нь төсөвтөө байлгаад, зарлагыг нь салгах эсхүл төсөвт байх ёстой зээллэгийг нь салгаад тусад нь хууль баталдаг зүйл гэж байхгүй. Үүнээс харахад, манай гишүүд төсвөө сайн уншаагүй байна. Төсвийн талаарх мэдлэг тааруухан байгаа учраас л ийм хуулийг санаачлаад явж байна гэж би бодож байна. Яагаад гэвэл Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль гэх гурван хуульд гадаад өр, зээлтэй холбоотой бүх асуудлууд багтсан байгаа. Үүнд хаанаас, ямар зээл авах, түүнд хэн гэрээ байгуулж, хяналт тавих вэ зэрэг асуудлыг цогцоор тусгаад, заагаад өгчихсөн байгаа. Тиймээс гишүүд дээрх хуулиудаа маш сайн уншиж, судлах хэрэгтэй. Тухайлбал, Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-ий тодорхой хувиас хэтрэхгүй байх ёстой. 2024 оноос эхлэн энэ хязгаар ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байхаар заасан байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа өөрчлөлт оруулаад энэ хэмжээг дээш, доош нь хөдөлгөөнд оруулах боломж УИХ-ын гишүүдэд бий. Хяналт тавих эрх нь ч Өрийн удирдлагын тухай хуульд тусгагдсан байгаа.
Монгол Улсын өрийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Хэрэв санаж байгаа бол, 2016 онд "Монгол Улсын гадаад өр болохоо байлаа, нэг хүнд 16 сая төгрөгийн өр ногдож байна" гэж ярьж байсан. Гэтэл хоёр парламент өнгөрсний хойно түүнийгээ засах гэж байгаа царай нь энэ. Төсвийнхөө бүрэлдэхүүн хэсгийг салгана гэх тэнэглэл аль ч улсын төсөвт байхгүй. Арай л дэндэж, дураараа дургиж байна гэж дүгнэмээр байна.
-Гэтэл боловсруулалтын шатандаа яваа энэ хуулийн төслийг УИХ-ын 40 гишүүн дэмжээд гарын үсэг зурчихсан байна лээ?
-Венесуэлийн Мадуро гэж нэг нөхөр бий. Төсвийн талаар ямар ч мэдлэггүй таксины жолооч нөхөр хэдхэн жилийн дотор уул уурхайн асар их баялагтай улсыг дэлхийд эдийн засгаараа хамгийн сүүлд орохуйц улс болгосон байдаг.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын парламентад "40 МАДУРО" бий болох аюул, заналхийлэл үүсээд байна.
Монгол Улсын гадаад өр өнөөдрийн байдлаар 37 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох өр 40 сая төгрөгт хүрчихлээ. Энэ бол маш ноцтой асуудал. Гэтэл УИХ-ын гишүүд нь гадаад зээллэгийн асуудлыг төсвөөсөө гаргаж, тусад нь ярья гэж байгаа нь хоёр төсөвтэй болох агуулгыг хөндөж байна л гэсэн үг. Энэ бол эрүүл хүний ой ухаанд багтамгүй зүйл. Гадаад өр зээлтэй холбоотой бүх асуудал миний дурдсан гурван хуульд тусгагдсан байгаа. Гишүүд энэ хуулиудыг сайн уншвал гадаад өртэй холбоотой ямар ч асуудлыг шийдвэрлэх боломж өөрсдөд нь байгаа гэдгийг хэлмээр байна.
-2013 онд энэ шийдлээр нэг удаагийн хууль батлуулж, улмаар дэд бүтэц, төмөр зам зэрэг бүтээн байгуулалтууд руу хөрөнгө оруулалт хийж чадсан гэдэг зүйлийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлж байсан. Тухайн үед эдийн засагт ямар үр нөлөөг авчирсан байдаг юм бэ?
-Монгол Улсын эдийн засгийн сүүлийн гучин жилийг авч үзвэл, ийм нөхцөл байдал 2012-2016 онд бий болж байсан юм. МАН-ынхан 2012 оны гуравдугаар сард 600-аад сая ам.доллараар төсвөөс гадуур Евро бондыг босгож байсан. Үүний дараа 2012 оны зургаадугаар сард Ардчилсан нам ялалт байгуулж, 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгож байсан. Энэ хоёр бонд нь төсөвт оролгүйгээр явчихсан. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлын суурийг өнөөдрийнх шиг "Эх орноо хөгжүүлнэ, төсвөөс тусад нь гаргахгүй бол болохгүй байна" гэж яриад явж байсан гишүүд тавьсан. Өнөөдөр бид Евро бонд бүү хэл Чингис бондоо төлж чадаагүй. Харин ч 12,13 дахь бондоо гаргаад, нэрээ өөрчлөөд явж байна. Гэтэл дахиад энэ нөхцөл байдалд очъё гээд явж байна гэж ойлгож болно. Тэр яриад байгаа бүтээн байгуулалтууд руу мөнгө хийхгүй бол гацна, зогсоно гэж байгаа нь инээдэмтэй асуудал. Би өмнө хэлсэн шүү дээ. Төсвийн тогтвортой байдлын хуульд байгаа 60 хувьд нь гадаад өр байх ёстой гэх заалтыг өөрсдөө хэлэлцээд 70,80 ч болгочихож болно. Энэ эрх бүгдэд нь нээлттэй байгаа шүү дээ. Харамсалтай нь, үүнийгээ уншаагүй байна. Хоёрдугаарт, ямар их хор хохиролтой байдаг вэ гэдгийг өнгөрсөн арваад жилийн түүхээс харж байгаа мөртлөө ахиад тийш алхая гэж байгаа бол туйлын гутамшигтай явдал.
-Хууль санаачлагчдын нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий гурван төслийн хүрээнд ажлыг нь хурдасгаж, хүртэх үр өгөөжөө урагшлуулах нь чухал байгааг онцлоод байгаа. Харин таны зүгээс гурван том төслийг урагшлуулах шийдлийг зөвхөн нэг удаагийн хуулийн төсөл гэж харах нь өрөөсгөл гэдгийг хэлээд байна. Тэгвэл одоогийн нөхцөлд бидэнд ямар шийдэл байгаа юм бэ?
-Хуулийн төсөлд гарын үсгээ зурсан эдгээр 40 гишүүнийг хуулиа унш гэж хэлмээр байна. Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хүсээд байгаа бүх өөрчлөлтийг хийх эрх мэдэл, боломж чинь та нарт байгаа. Өөрсдөө уншаагүй учраас л ийм зүйл яриад явж байна.
Эсвэл Сангийн яамнаас зориуд бодлоготойгоор ийм хуулийн төслийг гишүүдэд өгөх буюу гишүүдийн ойлголт тааруухан байгаа байдлыг ашиглаж байна гэж би хардаж байгаа.
Түүнээс биш төсвөөс гадуурх гадаад зээллэгээр хэр хэмжээний авлигал, өрийг авч ирдгийг өнөөдрийн тоо баримт харуулж байна. Хамгийн гол нь, хэн ч бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Газрын тосны үйлдвэрийн нэг тэрбум ам.долларыг 2015 онд буюу арван жилийн өмнө АН засаглаж байх үедээ Энэтхэгийн Засгийн газартай яриад явж ирсэн. Яагаад арван жил энэ төсөл хөтөлбөр чинь явахгүй, зөвхөн орон сууц, барилга байшин зам болж хувираад үйлдвэр нь байхгүй байна вэ гэдэгт хариуцлага тооцох ёстой байтал шинэ хууль санаачлаад явж байгаа нь маш утгагүй асуудал. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл чинь хятадын зээлээр баригдаж байгаа. Энэ утгаараа ямар ч асуудалгүй явах боломжтой. Ямарваа нэгэн байдлаар шинэ хуулийн төсөл гаргаж ирэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, монголын парламент дээр машины дугуйг сольцгооё, ингэхдээ бенз машины дугуйг морин тэргэний модон дугуйгаар сольё гэж байгаагаас өөрцгүй.
-Ер нь энэ хууль УИХ-аар хэлэлцүүлэгдэж, батлагдвал эдийн засаг талаасаа ямар үр нөлөө биднийг угтаж байна вэ?
-Өмнө хэлсэнчлэн энэ нь хоёр төсөвтэй болно гэсэн үг л дээ. Өрийн дарамттай, тэлсэн төсөвтэй, экспорт нь ганц бүтээгдэхүүнээс хараат түүнийх нь зах зээлийн ханш уначихсан өнөө үед улсынхаа эдийн засгийнхаа “ам”-ыг нэгмөсөн барихаар шийдсэн хэрэг үү. Яагаад дэлхийн улс орнууд давхар төсөв хэрэгжүүлэхийг зөвшөөрдөггүй эсвэл хэрэгжүүлэхэд хэцүү байдаг шалтгааныг энгийнээр тайлбарлая.
Манай улсын төсвийн орлого (татвар, экспорт, бусад эх үүсвэр) хязгаарлагдмал. Нэг төсвийг тэнцвэржүүлэхэд аль хэдийнэ хэцүү байгаа. Гэтэл дахиад гадаад зээлтэй холбоотой бас нэгэн төсөв хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг босгохын тулд гаднаас зээл авах эсвэл татвар нэмэх хоёрхон арга бий. Аль, аль нь эдийн засагт дарамт болно.
Хоёр төсөв гэдэг нь тус бүрт тусдаа төлөвлөлт, хяналт, хуваарилалт шаардлагатай гэсэн үг. Энэ нь төрийн байгууллагуудын ачааллыг нэмэгдүүлж, зохицуулалтын алдаа, авлига, эсвэл үр ашиггүй зарцуулалтыг бий болгодог. Манайд ийм бодит кейс бий. Хөгжлийн банктай холбоотойгоор Монгол Улсад ИХ ӨРИЙН суурь тавигдаж, авилгал, үр ашиггүй зарцуулалт хэдэн их наядаар хэмжигдэх жишээ бэлэн байна. Хоёр төсөв хэрэгжүүлэхэд мөнгөний урсгал ихсэж, инфляц өснө. Мөн эдийн засагт мөнгө хэт их "хийвэл" бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэж, иргэдийн амьдралын өртөг өснө. Улсаараа нэн ядуу болох эрсдэлтэй гэж ойлгож болно.
Төсөв нь улсын тэргүүлэх чиглэлийг тусгасан нэгдсэн төлөвлөгөө байх учиртай. Олон төсөв зэрэг хэрэгжвэл зорилго, чиглэл хоорондоо зөрчилдөж, нөөцийн хуваарилалт тэнцвэргүй болох эрсдэлтэй.
Авилга ханхалсан нэг төсвийнхөө учрыг нь олж чадахгүй байж бас дахин нэгийг нэмж яах нь вэ.
Олон улсад итгэлгүй нэгэн улс гарч ирнэ. Олон төсөв хэрэгжүүлэх нь улсын санхүүгийн бодлого нь тогтворгүй, популист нэгэн улс болж харагдана. Энэ нь хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудын итгэлийг алдагдуулж, зээлжих зэрэглэл буурахад хүргэнэ. Эцэст нь гадаад зээлийн дарамт ихэснэ. Өнөөдөр манай улс 37 тэрбум ам.доллар буюу нэг хүнд оногдох гадаад өр нэг иргэнд 40 сая төгрөг байна. Энэ хэмжээ огцом өсөж Монгол улс өрийн хавхандаа үүрд үлдэж, ирээдүйгүй улсын тоог нэгээр нэмнэ.
-Төсвийн бүрэлдэхүүн хэсийг салгана гэж ард түмний толгойг эргүүлэхийнхээ оронд баталж байгаа төсвөө ойлгож хараад, төсөвт байгаа хэрэггүй төсөл хөтөлбөрүүдээ танах нь зөв-
-Г.Тэмүүлэн гишүүний зүгээс Засгийн газраас төсвийн тодотголоо оруулж ирэх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа. Өөрөөр хэлбэл, төсөв дэх зардлаа танах байдлаар төслүүд рүүгээ санхүүжилт хуваарилж болно гэх агуулгыг хэлж байгаа шүү дээ?
-Г.Тэмүүлэн гишүүний маш зөв. Бидний баталсан 2025 оны төсөв бол гуравхан жилийн өмнөхөөс хоёр дахин данхайсан төсөв. Өөрөөр хэлбэл, энэ төсөв дотор хэчнээн усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх хэмжээний мөнгө сул явж байна гэдгийг харах хэрэгтэй. Үргүй олон зардлыг төсөвт суулгачихсан байна. Тиймээс төсвийн бүрэлдэхүүн хэсийг салгана гэж ард түмний тархи толгойг эргүүлэхийнхээ оронд баталж байгаа төсвөө ойлгож хараад, төсөвт байгаа хэрэггүй төсөл хөтөлбөрүүдээ танах нь зөв.
Хоёрдугаарт, төсвийн хөрөнгө оруулалт хэсэгт замбараагүй, хэрэггүй төсөл хөтөлбөрүүд олон байгаа. Түүнийг эрэмбэлэхэд л тэрбум ам.доллар гараад ирчихээр байна. Сангууд дээр л гэхэд 11 их наяд төгрөг буюу 2016 онтой харьцуулахад 5.5 дахин өссөн дүнтэй байгаа юм. Тэр олон сайд нарын зарцуулдаг сангууд дотор хэмнэлт хийчихвэл гаднаас зээл авалгүйгээр бүтээн байгуулалтаа хийчих хэмжээний боломж ч байна. Төрийн өмчит 126 компаниуд дээр маш их замбараагүй зарцуулалт явагдаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд ч зөндөө л ярих юм. Харамсалтай нь татвар төлөгчдийн мөнгийг замбараагүй, хайр найргүй зарцуулж байгаадаа дасчихсан, нэмээд дахин зээл тавья, монголын ард түмнийг хорлоё гэсэн хүмүүс байгаад туйлын их харамсаж байна.
-Гэхдээ төсвийн тодотголоор зардлаа таналаа гэхэд энэ томоохон төслүүд рүүгээ хангалттай хэмжээний төсөв хуваарилж чадах уу. Ийм чадамж манай төсөвт бий юу?
-Байлгүй яах вэ. Гуравхан жилийн дотор 18 их наядын төсвийг баталсан гэж үзвэл 6 тэрбум ам.доллар шүү дээ. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэр барьж чадаагүй мөртлөө өнөөдөр дахиад 500 сая ам.доллар хэрэглэе гээд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр төсөвт энэ хэмжээний мөнгө гаргаж ирэх боломж байгаа. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхийлөгч хориг тавихад нэг өдрийн дотор 2 их наяд төгрөгөөр төсвөө танаад оруулаад ирсэн шүү дээ. Гэтэл төсөв гэдэг бол бүтэн жилийн хугацаанд явдаг процесс. Аймаг, сум, багаас эхлүүлээд юу хэрэгтэй байна гэдэгт санал асуулгыг нь авдаг. Нийслэл дээр хороо, төрийн өмчит компаниудаас нь хүртэл санал аваад явдаг процесс. Бүтэн жилийн тооцоолол.
Өөрөөр хэлбэл, нэг өдрийн дотор 2 их наяд төгрөгийг төсвөөсөө хасчих хэмжээний сул мөнгө тэр дотор явж байсан гэсэн үг.
Би 2025 оны төсвийг өргөн барих үед зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт дотроос 145 арга хэмжээг танаад, царцаахад нэг орчим их наяд төгрөг гарч ирнэ гэдэг тооцооллыг хийж байв. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийгээд, бүсээ чангалъя. Зөв зүйтэй, ашигтай зүйлд хөрөнгө оруулъя. Төсвийн тансаглалд цэг тавья. Тэгэхгүй бол татвар төлөгчид хүндрэлд орлоо шүү гэж байгаа Г.Тэмүүлэн гишүүний байр суурь маш зөв. Ийм боломж монголын төсөвт хангалттай байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Ийм дураараа дургисан хуулийн төслийг УИХ дээр явуулахгүй байх гэдэгт итгэлтэй байгаа-
-Нэг талд Засгийн газар төсвөө тодотгохгүй гэж "гүрийгээд" байгаа боловч Сангийн яамнаас гишүүдээр дамжуулан төсвийн тодотголын шинжтэй хуулийн төслийг оруулж ирж байна гэх агуулгыг зарим гишүүд хөндөж байна шүү дээ. Магадгүй эл хуулийн төсөл дээр энэ чигийн лобби явж байх магадлал бий юу?
-Хэн нь лоббидож байгааг хэлэхэд хэцүү. Гэхдээ гарын үсэг зурсан 40 гишүүн төсвийнхөө хуулийг мэддэггүй, өөрийн батлах гэж буй хуулийн талаар А ч үгүй улсууд байна гэдэгт итгэлтэй байна.
Энэ хуулийн төслийг Сангийн яам гишүүдээр дамжуулан оруулж ирэх гээд явж байгаа гэх хардлага бий. Би ч үүнийг үндэслэлтэй байх гэж харж байгаа. Түүнээс биш төсвийнхөө зарлага талаас зөвхөн зээллэгтэй холбоотой хэсгийг нь салгаж аваад бусад үлдсэнийг нь төсөв байдлаар авч явна гэдэг бол энгийн үгээр хэлэхэд санаанд багтамгүй явдал.
Улсын төсөв гэдэг чинь өрхийн төсөвтэй маш ижилхэн шүү дээ. Өрхийнхөө төсвөө ярихдаа банкнаас авсан зээлээ зээл биш гэж бодъё, Дорж, Дондогоос авсан зээлээ л зээл гэж тооцъё гэж байгаагаас өөрцгүй.
Ийм байдалтай байж болохгүй. Ялангуяа 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд явж байгаа энэ нөхцөлд манай гишүүд асуудалд жаахан ул суурьтай хандмаар байна. Юм уншмаар байна. Төсвөө судалмаар байна. Уншихаас залхуураад байгаа бол ядахдаа төсөв чиглэл дэх судлаачидтай уулзаж, ярилцах хэрэгтэй. Түүнээс биш нэг жил их хуралд суучхаад надаас илүү төсөв мэддэг хүн байхгүй гэсэн янзтайгаар асуудалд хандаж улс орныг өрөнд оруулах маш том гамшгийн эхлэлийг тавьж байна гэж дүгнэж болохоор байна.
-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөлд "...нийт төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нэмэгдсэнээр тухайн жилийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтэрч болно" гэх заалт нь Төсвийн тогтвортой байдлын хуулиа зөрчсөн гэх талаар шүүмжлэл байгаа шүү дээ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталсан. Үүнийг ОУВС-гаас Дэлхийн банк тэргүүтэй дэлхийн санхүүгийн байгууллагууд эдийн засаг нь түүхий эдээс хараат улсад заавал байх ёстой хууль шүү гэж оруулж ирсэн. Хуульд үндсэн дөрвөн зарчим бий. Өнгөрсөн жилийн парламент дээр Сангийн яамнаас холион бантан хийж хаяад энэ дөрвөн чухал заалт маань байхгүй болчихсон учраас таны хэлж байгаачлан дураараа хуулийн өөрчлөлт хийгээд яваа юм. 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын хуулийн суурь дөрвөн зарчмыг өнгөрсөн төсвөөр өөрчлөөд хаячихсан учраас ийм үл ойлгогдох байдал үүссэн. Үүнд Г.Тэмүүлэн гишүүнтэй адил шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа. Би Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг хүлээж байна. Ямар ч байсан ийм дураараа дургисан хуулийн төслийг УИХ дээр явуулахгүй байх гэдэгт итгэлтэй байгаа.
Ярилцсанд баярлалаа
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!