СЭДЭВ: Залуус ухаалаг гар утаснаас татгалзаж, NOKIA барих болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 54 секунд

1990-ээд оныхон Nokia 3310 гар утсан дээр могой тоглож,товчлуурыг нь салж унатал мессеж бичилцдэг байв. 2017 оноос эхлээд товчлууртай утасны зах зээл хумигдаж, ухаалаг гар утсанд халаагаа өгсөн гэхэд буруудахгүй. Манай улсын хүн ам цөөн ч өнөөдрийн байдлаар гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрчээ. Тэдний 2.5 сая нь сошиал сүлжээнд идэвхтэй оролцдог. Техник технологийн хөгжил нь нэг талаараа дэвшил ч нөгөө талдаа амьд харилцааг үгүй болгож, технологи дагасан эмгэгүүд олшрох болов. Тухайлбал, хүн хоорондын амьд харилцаа алсарч цаашлаад сэтгэл гутрал, нойргүйдэлд хүргэж байгаа талаар сэтгэлзүйчид ярих болсон. СЭМҮТ-д гэхэд сард гар утас, цахим хэрэглээний улмаас 200-300 хүүхэд ханддагаас 20-50 нь хэвтэн эмчлүүлдэг аж.

Тэгвэл сүүлийн үед сошиал амьдралаасаа завсарлага авч, амьд харилцааг эрхэмлэх гэсэн залуус товчлууртай гар утсыг эрэлхийлэх болжээ.

"Тэди" худалдааны төвд Nokia гар утас зардаг хэдхэн лангуу бий. Тэдний нэг нь П.Мөнхцэцэг гуайн лангуу. Тэрбээр "Тэди" төвд ажиллаад 25 жил болж байгаа бөгөөд 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл Nokia гар утас зарж байна. Тус лангуун дээр Nokia гар утасны 4-5 загвар 150--400 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Тэрбээр Nokia гар утасны Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч учраас ОХУ-ын ориг утас зардаг гэдгийг онцлов.

ХУДАЛДАГЧ: Сүүлийн үед 25-35 насны залуус Nokia гар утас авах болсон

П.Мөнхцэцэг "Сүүлийн үед 25-35 насны залуус Nokia гар утас авах болсон. Багадаа Nokia гар утас хэрэглэж өссөн үеийнхэн голдуу сураглаад байх шиг байгаа юм. Тэд ихэвчлэн ухаалаг утас хэрэглээд ядарлаа, тархиа амраамаар байна гэцгээдэг. Зарим нэг нь ариун цэврийн өрөө орохдоо хүртэл утсаа барьж ортлоо донтоод байна гэдгээ ч нуудаггүй. Тэднийг анзаараад байхад 3310 загварыг их асуудаг. Яагаад гээд учирлаад асуухаар товчлуур нь их гоё урамтай дуугардаг, утсаа шаттал мессеж бичмээр байна гэдэг. Гэхдээ 3310 халахгүй л дээ. /Инээв/

Хүмүүсийнхээ эрэлтийг дагаад компани руу 3310 загварыг захисан. Удахгүй ирэх байх. Харин 40 насныхан гэр бүлээрээ ирж утас авах нь бий. Өөрсдөө ухаалаг утас барьдаг мөртлөө хүүхдэдээ товчлууртай утас бариулахаар хүүхэд нь "Та өөрөө ухаалаг утас барьдаг биз дээ" гээд барьцаад байгаа учраас ээж, аав нь адилхан Nokia авахаар ирдэг. Интернет ордоггүй Nokia гар утсанд чагнах төхөөрөмж ажилладаггүй учраас манайхаас харуул хамгаалалт, цэрэг, цагдаагийнхан их утас авдаг. Түүнчлэн ганц удаа цэнэглэхэд цэнэгээ 7 хоног барьдаг гэх мэт давуу талууд бий" гэв.

2024 онд олон улсад товчлууртай гар утасны борлуулалт 4 дахин ихэсжээ

Утсаар ярьж, мессеж бичих л зориулалттай товчлууртай гар утасны борлуулалт 2019 онд 400 сая байсан бол 2024 онд ойролцоогоор 4 дахин ихсэж нэг тэрбум 500 саяд хүрсэн байна. Эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг анзаарсан гар утас үйлдвэрлэгчид ч энгийн утсыг дахин үйлдвэрлэж байна. Тухайлбал, хүмүүсийн сайн мэдэх Nokia 3310 утас 2017 оноос дахин худалдаалагдаж эхэлсэн билээ.

Хэдийгээр Nokia нь функц, олон үйлдлээрээ хавьгүй дэвшилтэт Apple, Samsung-ийн утсуудтай өрсөлдөх боломжгүй ч баттерейны ашиглалт, бат бөх чанараараа хэрэглэгчдийг дахин татаж эхэлсэн байна.

Түүнчлэн өмнө нь хуучирсан, хэрэгцээнээс гарсан хэмээн тооцогдож байсан технологийн бүтээгдэхүүнүүд өнөөдөр эргээд трэнд болж эхэлжээ. Хуучны видео тоглоомын консол, суурин компьютер зэрэг нь дурсамжийг өдөөж, ретро технологийн зах зээлийг сэргэхэд нөлөөлжээ.

ЭМЧ: Хүүхдэдээ гар утас хэрэглүүл гэхдээ хязгаартай байх ёстой

Хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл дэлгэцийн хамааралтай болсон байна гэж ойлгох талаар СЭМҮТ-ийн их эмч Б.Гантулгаас тодрууллаа. Тэрбээр "Хүүхэд утаснаас хамааралтай болсон эсэхийг мэдэх их амархан. Хүүхэд маш чимээгүй болчихдог. Сав л хийвэл утсаа бариад, сиймхий л гарвал зурагт ширтээд, унтах нойроо хасаад л утсаар тоглоод байвал таны хүүхэд утаснаас хамааралтай болчихсон байна гэж ойлгож болно. Хүүхдийн амьдрал идэвхтэй байх ёстой. Утаснаас хамааралтай болчхоороо утас л өгчихвөл анир чимээгүй болчихдог. Энэ нь эцэг эхчүүдэд амар санагддаг. Энэ байдал даамжирсаар хамаарал гэдэг зүйл үүсчихдэг. Утас, дэлгэцээс сэтгэл ханамж, кайф авч байна. Үүнээс нь салгах гээд шаардлага тавихаар уурлаж эхэлдэг. Эндээс л асуудал үүсч эхэлнэ.

Өөрсдөө биеийнхээ амарыг харж хүүхдээ хамааралтай болгочихоод гэнэт ухаарсан юм шиг утсыг нь булааж аваад, шаардлага тавиад эхлэхээр хүүхэд уурлаж, орилж, гарт таарсан юм аа авч шидэх гэх мэт үйлдлүүд гарч эхэлдэг. Сүүлийн үеийн судалгаануудаас харахад бага насандаа дэлгэцийг хэтрүүлэн хэрэглэж байсан хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүсч эхэлж байна. Бага насны хүүхэд гэдэг нь 6 нас хүртэлх хүүхэд гэсэн үг. Тэгэхээр бид одоо л бодох хэрэгтэй. Хүүхдийнхээ гар утас, дэлгэцийн хэрэглээг хэрхэн яаж, зохицуулах вэ гэж. Ингэхдээ огт үзүүлэхгүй гэж болохгүй. Хэрхэн яаж зохистой хэрэглүүлэх вэ гэдэг дээр нь л анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэглүүл гэхдээ хязгаартай байх ёстой" гэлээ.

“Хувийн хүргэлтийн компани өдөртөө хүргэлтээ хийж байхад Монгол шуудан 48 цаг дотроо багтаж хүргэдэг учир өрсөлдөж чадахгүй байна“
“Хувийн хүргэлтийн компани өдөртөө хүргэлтээ хийж байхад Монгол шуудан 48 цаг дотроо багтаж хүргэдэг учир өрсөлдөж чадахгүй байна“
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!