Хүмүүний амьдралд хөг нэмж, хүнд үед хүч өгдөг хамгийн нандин харилцаа бол найз нөхдийн харилцаа. Тэр дундаа он цагийн хэлхээнд эрчлэгдэж, нэг хүн шиг болтлоо ижилдсэн амьдралын найзтай байна гэдэг хүн бүрт тохиогоод байдаггүй онцгой хувь ерөөл. Тиймээс бид сайн, муу, сайхан, муухай бүхий л цаг мөчийг хамтдаа даван туулсан амь нэгтэй найзуудыг онцолдог "НАЙЗ" нэвтрүүлгийг эхлүүлсэн. Эхний дугаартаа бид МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА П.Жимсээ нарыг онцолсон.
Харин 2 дахь дугаарынхаа зочноор “МОНГОЛ КОММЕНТ”-ийн хөтлөгч М.Батбилэг, П.Пүрэвжаргал нарыг урьж ярилцлаа. Тэд бие биенээ түшиж, ургуулж, усалж, зарим үед хазаарлаж 20 жилийн түүхийг бүтээжээ.
-М.Батбилэг, П.Пүрэвжаргал хоёр “МОНГОЛ КОММЕНТ”-ийн тайзан дээр хамт зэрэгцээд суух болсон тэр цаг мөчийг эргэн дурсъя?
М.Батбилэг: 2011 оны 11 дүгээр сарын 11-нд Монгол коммент нэвтрүүлэг анхны эфирээ цацсан. 2011 онд хамт хөтөлж эхэлсэн миний анхны хамтрагч надтай ажиллаад 2 жил гаруй болоод зуурдаар таалал төгссөн. Хамтрагч маань өөд болсны дараа Монгол коммент нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаад жил орчмын дараа TV9 телевизийнхэн намайг буцааж дуудсан. "Ирээд ажлаа хий. Чамд ямар нэгэн нөхцөл тавихгүй ээ. Өөрөө хамтрагчаа сонгоод нэвтрүүлгээ хий. Үзэгчид асуугаад байна" гэж хэлсэн. Энэ яриа өрнөсний дараа би ямар эргэлзээгүйгээр Пүүжээгээ дуудаж уулзаад, хамтдаа нэвтрүүлэг хөтлөөч ээ" гээд гуйж байлаа. Найз маань 10 гаруй жил ажилласан хамт олноо орхих болж байгаа хэр нь ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрсөн. Тухайн үед найзыгаа ойлгож, мэдэрсэн юм шиг байгаа юм. Дараа нь хүмүүс яагаад ТV9-рүү орсныг асуухад ч "Билгээгээ бодсон юм аа. Хэрэгтэй болоод л намайг дуудаж байгаа. Энэ үед нь л хажууд нь байя гэж шийдвэр гаргасан юм аа" гээд хэлж байсан. Би тэрэнд нь одоо болтол баярладаг. Ажил, алба, амьдрал гээд өчнөөн л юм гарна. Ихэнхдээ Пүүжээгээ ганцааранг нь орхиод явна. Энэ амьдралын өнгөрсөн хугацаанд нэг ч удаа надад гомдол мэдүүлж үзээгүй. Арыг бол бат даана. Анх монгол комментыг хамт хөтлөх санал тавьж, хамтдаа эхэлснээс хойш дахиад 11 жил өнгөрсөн байна. Тэрнээс өмнө бид хоёрт Монгол комментгүйгээр нөхөрлөсөн 9 жилийн нөхөрлөл бий.
П.Пүрэвжаргал: Тухайн үед би ТV8 телевизийн мэдээний албаны даргаар ажиллаж байсан. Зун чөлөө маягтай уртын амралтаа авчихсан байхад Билгээ залгаад "Коммент хэзээ эхлэх вэ. Хоёулаа хамт эхэлье. Одоо чи ирэх цаг нь болсон" гэж хэлсэн. Анх бид хоёр сургуулиа төгсөөд ТV8 телевизэд хамт ороод хамт ажилладаг байсан. Тухайн үед ТV9 телевиз бид хоёрыг хамт хүрээд ир гэж санал тавьж байсан юм. Тэр саналыг Билгээ хүлээж аваад би бууриа сахиад үлдсэн. Ингээд 2014 онд Билгээгээс коммент хөтлөх саналыг аваад эргэлзэх зүйлгүйгээр найзыгаа сонгоод очиж байлаа. Тэр цагаас хойш хамтдаа олон ч зүйлийг давж, туулаад өнөөдрийг хүрсэн байна. Хайртай хань нь хэцүү өвчин тусаж, ертөнцийг мөнх бусыг үзсэн гээд их олон зүйлийг бид хамтдаа туулаад, туучаад гарсан. Энэ бүх цаг хугацаанд ардаа ажилдаа санаа зовохгүйгээр явах боломж олгож, ар дааж үлдэнэ гэдэг анд нөхөрлөлийн бас нэгэн том шалгуур байдаг юм болов уу л гэж боддог. Найз нөхөд гэхээрээ өдөр шөнөгүй уулзаж, хундага юм уугаад орой үдэшгүй цаг бүртгээд байхаасаа илүү арыг нь даадаг байхад л найз нөхөрлөлийн үнэ цэнэ байдаг юм болов уу л гэж боддог.
-Найз тэр дундаа амьдралын найз гэж таны бодлоор яг хэн юм бэ?
П.Пүрэвжаргал: Амьдралын найз гэдэг итгэл, хүндлэл гэдэг хоёр багана дээр л тогтдог хүмүүсийг хэлнэ. Яг үнэндээ өнөөдөр таньдаг хүн болгон л найз болчихдог. Найзаа, андаа, хөгшөөн гээд л. Гэхдээ яг үнэндээ хэн миний найз юм бэ гээд бодохоор би нэг их олон найзтай хүн биш юм шиг байгаа юм.
М.Батбилэг: Сайн найзыг хайж олно гэж байхгүй. Эсвэл найзууд дундаас аль нь сайн юм бэ гэж шигшинэ гэж байхгүй. Зүгээр л мэдрэмж юм байна лээ. Бие биенээ мэдэрдэг бас итгэдэг. Орон зай болгон руугаа чөлөөтэй нэвтэрч, оньсон тоглоом шиг бат бөх холбоо үүсгэж байгаа тэр сэтгэлзүйн хэлхээсийг л би жинхэнэ нөхөр юм байна гэж ойлгодог. Харамсалтай нь тийм хүн тийм ч олон бас байхгүй л дээ. Амьдралд жинхэнэ тулаад босох нөхөр бол 1, 2 л байгаа шүү дээ.
-Та 2-ыг хүмүүс хамтрагчид гэдгээр нт илүү сайн мэднэ. Нөхөрлөлийн тухайд хэр удаан нөхөрлөсөн хэр сайн найзууд вэ?
-М.Батбилэг: Ажил мэргэжлийн хувьд бид 2 өдөр болгоны шууд эфирт хамт харагддаг учраас сайн хамтрагчид гэж хардаг юм шиг байгаа юм. Гэхдээ бид хоёрын хийж байгаа ажил нөхөрлөж байгаа амьдралын минь өчүүхэн хэсэг нь. Пүүжээгээс өөр хүнтэй хамтарсан бол би хэн болох вэ гэдгээ ч би бас боддог. Яаж сагаж, яаж хөөрч, ямар агаарын амьтан болчихсон байхаа ч төсөөлдөггүй. Бид нар шиг ийм сэтгэл онгорхой хүмүүс чинь дээшээ доошоо сэтгэлзүйн мэдрэмжид автах нь их амархан.
П.Пүрэвжаргал: Хоёулаа ам булаалцалдаж ярьдаг бол бас хэцүү л дээ хоорондоо бараг хэрэлдэх байх л даа. Хоёулаа дуугүй хүн бүр хэцүү тэр нэвтрүүлэг амилахгүй байх. Нэг ярьдаг нөгөөдөх нь балансыг нь тааруулж байдаг гэж бид 2-ыг мэдэх хүмүүс үнэлж, дүгнэдэг юм. Тэгэхээр би Билгээгийн хазаар нь болдог зарим үед нь ташуур нь болдог тийм л найз нь байх гэж өөрийгөө боддог.
-Энэ хүн миний жинхэнэ найз юм байна гэсэн тэр нандин мэдрэмжийг хэзээ хамгийн гоёор мэдэрч байсан бэ?
М.Батбилэг: Амьдралд олон сайхан найзууд бий. Ажил бизнесийн, ахуй амьдралын гээд олон байдаг. Тэр дундаа тулчихсан сайн нөхөр амьдралд заяан гэдэг том хувь заяа. Энэ маань байхгүй байсан бол гэж бодохоор олон юман сөхрөөд уначихаар л юм байна лээ. Давж чадахааргүй байсан олон даваанд араас түлхэж өгч байдаг дэм хүч болдог. Энэ яг эргэлзээ байхгүй миний анд юм байна шүү дээ гэдгийг олон зүйл дээр харж байсан. Зовлонгийн хамгийн эхэнд нь байдаг. "Билгээ эвгүйтлээ нэг бөөр хэрэгтэй боллоо" гэхэд эргэлзээгүйгээр сугалаад өгөх хүн л дээ.
Пүрэвсүрэнгийн Пүрэвжаргал гэдэг залуугийн дотор бол хүний сэтгэлзүйн торгон нюансын олон дүр амьдарч байдаг. Хэзээ, хаана, алийг нь гаргаж ирэх вэ гэдгээ яг бүр онож мэднэ. М.Батбилэгт хэзээ ямар хүн нь хэрэгтэй байгаа юм бэ гэдэг тэр орон зайд бол урилгагүй орж ирдэг. Цөм өшиглөөд л ороод ирнэ шүү дээ.
П.Пүрэвжаргал: Бүх зүйл дээр мэдрэгддэг. Би ганцхан зүйлийг онцолж хэлмээр байна. Өнөөдрийн өдий зэрэгтээ явж байгаа Пүүжээг Билгээ бий болгосон. 2014 онд намайг Монгол коммент хамт хөтөлье гээд дуудсан. Энд ирээд би амьдралынхаа ханийг олж аваад өнөөдөр аз жаргалтай гэр бүл бий болгоод 4 хүүхдийн аав, ээж болсон байна. Өнөөдрийг хүртэл хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байгаагийн нэг том нөхцөл нь энэ болж байгаа юм.
-Та 2-ын нөхөрлөлийн үнэ цэнэ юунд байдаг гэж боддог вэ?
М.Батбилэг: Итгэл шүү дээ. Итгэдэг л байхгүй юу. Яг тулчихсан газар чи хэндээ итгэх вэ гэвэл би Пүүжээдээ л итгэнэ. Пүүжээ ч гэсэн адилхан байх. Голд урсаж байхад олон үндэсгүй мөчир байхад тэрний нэг нь Билгээ шүү гээд итгээд зуураад авах, алдаад тасалчихгүй байх тэр зүйлийг л би итгэл гэж ойлгодог. Өдий хүртэл явахад яаж надад хүч болоод байгаа юм бэ гээд бодохоор хүнд байх бүхнийг л орлочхож байгаа юм. Билгээгийн зүгээр нэг сайн найз нь л харагдаад байдаг хэр нь ааваар дутахаар аав болно. Ханиараа дутахаар хань болж өгнө. Жаахан зэмлэл сонсчихоор ах хэрэгтэй үед ах болно. Хүн дотор тийм том үнэт зүйл бий болчихоор өөр бусад зүйлүүд үнэндээ өчүүхэн санагдаж эхэлнэ.
П.Пүрэвжаргал: Бид 2 найзалж, нөхөрлөөд 20 жил болж байгаа ч маргалдаад заамдалцаж байснаа санадаггүй. Тийм тохиолдолд байхгүй гэсэн үг. Энэ бол нэг талаараа хүндлэл. Итгэл, хүндлэл, хамтдаа өнгөрүүлсэн 20 жил, хамтдаа бүтээсэн дурсамжид л үнэ цэнэ оршиж байгаа болов уу. Амьдрал дээр найз гэдэг нэрэнд холбогдчихсон хүмүүс бол зөндөө л байдаг. Бизнесийн танилууд, ажил үйлс эхлэх болохоороо ярьдаг эсвэл өдөр бүр утсаар ярьдаг. Өдөр бүр уулздаг гээд олон төрлийн найзууд байдаг. Бид хоёрын нөхөрлөлийн онцлог нь юу вэ гэхээр бид хоёр хамтрагчид. Өдөр болгон уулзаад комментын тайзан дээр суудаг. Амралтын өдрүүдээрээ салхинд гарч, хаа нэг найзуудтайгаа уулзаад хөзөр тоглочихно. Зуны 3 сараар бусад бүх цаг үед өдөр бүр шахуу хамт байдаг байсан бол одоо зуны саруудад ч салахаа байсан. Билгээ зун болохоор нутагтаа очиж зусахаар явчихдаг. Сүүлийн 3 жил би араас нь очоод найзынхаа нутагт хамт зусаж байна.
-Ховд аймгийн Чандмань сумыг зорьж байсан түүхүүдээс сонсож байсан юм байна. Их сонин тохиолдлоор очиж байсан юм байна лээ?
П.Пүрэвжаргал:Сүүлийн 3 жил би найзынхаа суманд очиж зусаж байна. Нэг удаа би Говь-Алтай аймгийн Хантайширын ой дээр оччихсон байхад нь Говь-Алтай аймгийн автобусанд сууж очоод хамт суманд очиж зусаж байлаа.
М.Батбилэг: Олон удаа манайх руу сонин сонин тохиолдлоор очиж байсан. Тонжоо наадам дээр байхад юу ч хэлэлгүйгээр хүрээд ирсэн. Ганцаараа машинаа унаад наадам дээр шууд яваад оччихсон. Скайтелын сүлжээ барьдаггүй болохоор надтай холбоо барьж чадахгүй. Наадмын талбайг машинтайгаа 3 тойрч намайг хайгаад, хүмүүсээс асууж явсаар байгаад хүмүүстэй хөзөр тоглоод нэг гэрт сууж байсан чинь "За сайн байцгаана уу" гээд л ороод ирсэн. Би гайхаад "Чи юу хийж яваа юм бэ" гээд асуусан чинь "Өвгөн нь хүрээд ирлээ. Хайсаар байгаад олоод ирлээ" гээд хүрээд ирсэн. Иймэрхүү байдлаар зун болгон манай суманд ирдэг.
-Өвөл, хавар, намар гээд 3 улирал дамнаад өдөр бүр шахуу хамт байдаг юм байж зун 3 сар холдохдоо яагаад дагаж очоод байдаг юм бэ. Санаад байдаг юм уу?
П.Пүрэвжаргал: Очихоор эрхлүүлдэг байхгүй юу. Хөл газар хүргэхгүй гэдэг шиг нутаг усаа үзүүлээд дайлж цайлдаг. За өвгөн нь буцлаа гэхээр замдаа хоол идээрэй гээд мөнгө өгч байгаа юм чинь. Машинтай очсон бол бензин хийгээрэй гээд мөнгө өгнө. Мал гаргаад махыг нь боогоод өгнө гээд жинхэнэ утгаар нь эрхлүүлнэ шүү дээ. Ингэж эрхлэн гэдэг их гоё л доо.
М.Батбилэг: Энэ жил манай сум 100 жилийн ойтой. Яг л өөрийнх нь сумын ой болох гэж байгаа юм шиг догдлоод, өдөр болгон надтай манай сумын ой яриад л сууж байна. Билгээгийн гэсэн бүх юманд л өөриймсөг ханддаг, сэтгэлээ тулгадаг. Энэ миний найзынх гэж бодвол сэтгэлээ тулгадаг тийм агуулгатай. би ч гэсэн найздаа тийм хэмжээнд байх юмсан гэж хичээгээд бие биенээ мөрлөж түшээд л 20 гаруй жил явж байна даа.
-Найзын тань ямар зан чанар таны бахархлыг төрүүлдэг вэ. Миний найз чинь ийм хүн шүү дээ гээд бахархаад ярьдаг зүйл олон байдаг байх?
М.Батбилэг: Миний найз чинь бахархах зүйл олонтой ч дэндүү даруухан амьдардаг хүн. Манай ахмадууд мэднэ дээ. Пүрэвжавын Пүрэвсүрэн гэж МУСГЗ, Төрийн шагналтай яруу найрагч, зохиолч хүн байсан. Олон гоё дууны үгтэй хүн бий. Тэр хүний ген удам шүү дээ. Тэр хүний ганц хүү нь. Тийм том потенциалыг тээж төрсөн хүн. Даанч даруухан би ийм хүний хүүхэд шүү дээ гэж хаана ч бардамнадаггүй. Би л өмнөөс нь бардамнаж ярих дуртай. Б.Сарантуяа гавьяатын Шинэ жилийн шөнө, Д.Отгонжаргалын дуулсан Миний ээж тэмээчин гээд ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуу уран бүтээлтэй. Алган дээрээ бөмбөрүүлсэн гээд айлын найр болгон дээр дуулагддаг дуу бий. Пүрэвжавын Пүрэвсүрэн гэдэг хүн тийм гоё дуунуудыг бичиж байсан. Өөр зөндөө. Өөрөө ч тийм даруухан амьдарсан хүн юм билээ. Одоо энэ хүүхэд нь яг тийм. Үнэхээр даруухан. Хүмүүс мэддэггүй ч орчин цагийн хип хоп хамтлагуудын хит болсон олон дууг манай Пүүжээ бичсэн. Нэгэн дээр нь ч нэрээ гаргаагүй. Хоёр П үсэг л тавьдаг.
П.Пүрэвжаргал: Би бол Билгээг сайн хамтрагч, сайн андаас гадна сайн аав гэж боддог, үнэлдэг. Коммент дуусгаад хамгийн түрүүнд хүү рүүгээ залгадаг. "За миний хүү хаана байна. Дулаахан газар байж байгаарай аав нь очоод авъя" гээд л ярьдаг. Бас нэг зүйл байгаа маш сайн ах. Он дараалан төрсөн 6 дүүтэй. Билгээг нэг үг хэлэхэд дүү нар "За ахаа" л гэдэг. Энэ бол тэр олон дүүг өдий зэрэгт хүргэсэн ахын зангараг гэх юм уу. Та нар Билгээг яг энэ амьдралыг өөрөө л босгосон гээд бод. Би хотод төрж өссөн. Билгээ оюутан болоод ирэхдээ Яармагт айлын хашаанд, зуны амбаарт амьдардаг байсан. Тэр амьдралаас өнөөдрийн олны танил М.Батбилэг босож ирсэн. 2 дугаар курст байхад нь хамгийн бага дүү нь Хөгжим бүжгийн коллежид сурагч болоод ирж байсан. Тэр хүүхдийг чирсээр байгаад өнөөдөр Монгол Улсын морин хуурын чуулгын их хуурч болгочихсон эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаад явж байна. М.Саруултөгс гээд дүү нь Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын хөөмийч. Энэ мэтчилэн бүгд өөр өөрийн салбартаа түүчээлээд явж байгаа. Энэ бол манай билгээгийн гавьяа. Найзын минь сэтгэл гэж би боддог. Тийм ч учраас би найзынхаа сайн аав, сайн ахын дүрийг нь хайрлаж, бахархаж явдаг.
-Монгол коммент нэвтрүүлгийн үеэр сэтгэгдэл уншиж байхад ярьж байгаа сэдэвтэй биш та 2-той холбоотой хамгийн ирдэг сэтгэгдэл юу вэ?
П.Пүрэвжаргал: Сэтгэгдлээ уншаач ээ /ИНЭЭВ/.
М.Батбилэг: Билгээ оо болиоч ээ. Пүүжээг яриулаач ээ гэдэг сэтгэгдэл их ирдэг /ИНЭЭВ/.
-"Пүүжээг яриулаач ээ" гэдэг сэтгэгдлийг олон харж байсан юм байна. Яагаад яриулдаггүй юм бэ?
-М.Батбилэг: Өөрөө ярьдаггүй шүү дээ. Ярь гээд байхад ярихгүй байгаа юмыг би яах вэ дээ /ИНЭЭВ/.
-Ахмадуудын гремикс гэдэг үгийг бас их сонсож байсан юм байна. Ахмадуудаас ирэх дэмжлэг хэр их байдаг вэ?
-М.Батбилэг: Хийж байгаа ажилтай холбоотой нийгмээс ирэх reaction гэдэг янз янзын түвшнээс өөр өөрөөр ирдэг. Мөнхийн зөвтгөл, мөнхийн дэмжлэг, сагсан бөмбөгийн баг гэж үзэх юм бол галзуу улаан панат гэдэг шиг хүмүүс бол манай нэвтрүүлгийн үзэгчдийн ахмад настныхан. Ямар ч цаг үед бид 2-ын талд зогсож, бүх зүйлийг минь зөвтгөдөг. Хөдөөгүүр явж байхад ахмадуудтай уулзах уулзалт хамгийн гоё нь байдаг. Баян хүмүүс гэж мэдрүүлдэг хүмүүс бол бид 2-ыг дэмждэг ахмадууд. Хэзээ ч бид 2-ыг Билгээ, Пүүжээ гэж дууддаггүй. Миний хүүхдүүд ирлээ л гэдэг. Огт танихгүй, уулзаж байгаагүй эмээ ааруул, цагаан идээ явуулна. Намар идэшнээр сайхан хуваагаад аваарай гээд хонины гулууз хүртэл явуулчихсан байсан. Тэгэхээр энэ чинь хайр биз дээ.
-Ярилцлагын төгсгөлд найздаа хандаж үг хэлээч гэвэл та юуг онцолж хэлэх вэ?
М.Батбилэг: Тулсан үед нурахгүй багана байж дутуу болгоныг минь нөхөж, хальсан болгоныг дундалж, хазааргүй хөвж явахад цулбуур болж, унтарч унаж явж байхад ташуур өгч урам нэмдэг найзтай байна гэдэг их том хувь заяа. Анддаа байдаг бүх зан чанараас найз нь аль чадах чинээгээрээ суралцах гэж хичээж явдаг. Олон зүйлийг сурч байгаа. Найздаа баярлалаа гэж хэлье даа.
П.Пүрэвжаргал: Өнөөдөр би өнөр өтгөн гэр бүл зохиож, өдий зэрэгтээ яваа минь найзтай минь салшгүй холбоотой. Бүх зүйл дээр чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Өмнө хэлсэнчлэн зарим үед найзынхаа хазаар, зарим үед ташуур нь болоод хараагүй зүйлийг нь харж, харсан зүйлээс нь суралцаад явж байна. Илүү олон зүйлийг хамтдаа бүтээж, хамт туулах байх гэж бодож байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та хоёрынхоо цаашдын ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!