Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил энэ онд тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард "Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт" гэж онцолсон байдаг. Гэвч хамгийн эмгэнэлтэй нь хүүхдийн төв номын сан өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй, аль 37 жилийн өмнө баригдсан Соёлын төв ордны хоёр давхрын баруун жигүүрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. 2013 онд төв номын сангийн шинэ барилгын сураг дуулдсан ч тэр үеэс хойш 12 жил өнгөрсөн атал барилгын шав нь ч тавигдсангүй.
Өнөөдөр төр, засгийн эрхмүүд, холбогдох байгууллагынхан хүүхдийн ирээдүйн төлөө халаасаа хоослоход ч бэлэн мэтээр цэцэрхэж, дуу нэгтэйгээр “за” гэж хэлдэг. Ам нээх болгондоо тэд хүүхдийн аюулгүй, ая тухтай орчинг бүрдүүлнэ гэж цээжээ дэлдэж суудаг. Гэтэл бодит байдал дээр хүүхдийн төлөө амаа л сайн хөдөлгөж, “За” гэж хэлчхээд, гараа хөдөлгөхөө мартчихдаг гэмтэй бас зантай.
Үүний тод жишээ нь хүүхдийн төв номын сангийн өнөөдрийн дүр төрх. 37 жилийн өмнө баригдсан Соёлын төв ордны инженерийн шугам сүлжээ нь элэгдэж муудаж барилгаар нэг эвгүй үнэр, шулуухан хэлэхэд өтгөн, шингэн үнэртэнэ. Үүн дээр нь нэмээд пускатель нь хэзэээ мөдгүй буудаж гал авалцахад бэлэн аюулын харанга дэлдсэн нөхцөлд ажилчид ажиллаж, хүүхдүүд үйлчлүүлж байна. Жилд тус номын сангаар 30 мянган хүүхэд үйлчлүүлж, 3000-4000 хүүхэд шинээр үнэмлэх нээлгэдэг.
Номын сангийн ажилчид "Өнөөдөр харин ч гайгүй үнэртэж байна" гэж хоорондоо шивэр авир хийх аж. Үүнээс харахад ажилчид нь энэ байдалдаа бүр дасжээ. Магадгүй тэд энэ байдал өөрчлөгдөнө гэх итгэл найдвараа алдсан гэлтэй.
Уг нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-н гэхэд улсын төсвийг баталдаг. Ингэхдээ Төв номын санд төсөвлөхдөө урсгал зардал дээр огт мөнгө тавилгүй өдийг хүрчээ. Тиймдээ ч ажилчид нь гэрээсээ хүүхдийнхээ тоглоомыг хүртэл энд хандивлаж, Нарантуул захаас бараа материалаа зээлээр авдаг гэдгээ ч нуусангүй.
Хүүхдийн төв номын сан өнөөдөр ямар орчинд ажиллаж байгааг дарга нар ирж хараасай
Хүүхдийн төв номын сангийн захирал С.Хүрэлбаатар "Тавдугаар сарын 9-нд Монгол Улсад хүүхдийн номын сан байгуулагдсаны 22 жилийн ой тохиосон. Энэ өдөр манай номын сангийн сан хөмрөгийн пускатель буудсан. Галыг бид богино хугацаанд унтраасан. Өнөөдөр хүүхдийн төв номын сан цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, хүүхдүүдтэй ажилладаг байгууллага мөртлөө маш эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Бидэнд урсгал засварын зардал гэж байдаггүй. Соёлын төв ордонд соёлын найман байгууллага түрээсээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилээс түрээсийн төлбөрийг нэмсэн боловч түрээслэгч байгууллагуудын аюулгүй байдлыг хангахгүй байна. Энэ жил түрээсэнд 248 сая 400 мянган төгрөг төлөхөөр байгаа.
Засварын талаар Соёлын төв ордны шинээр томилогдсон даргатай нь удаа дараа яриад 3-4 сар өнгөрлөө. Өөрчлөлт алга.
Соёлын төв ордон баригдсан цагаасаа хойш урсгал засвар хийгдээгүй учраас карантны усны цоргоос хүртэл өмхий үнэртдэг. Хүүхдийн төв номын сан өнөөдөр ямар орчинд ажиллаж байгааг дарга нар ирж хараасай.
Уншигч хүүхдүүдийн зүгээс ч гэсэн "Танайх өмхий байна" гэх гомдол их ирдэг. Бид өөрсдийн боломжоороо номын санг өөд нь татахын тулд нуулгүй хэлэхэд нэг хэсэг халтуур хийсэн. Төрийн албанд байж боломгүй зүйл мэт боловч орчин нөхцөлөө дээрдүүлэхийн тулд циркийн 2-3 багтай хамтарч тасалбар таслаад цирк тоглуулж байсан удаатай. Мөнгө биш хандив цуглуулах замаар өв соёлын үзэсгэлэнтэй болсон. Хувийн хэвшил, төрийн зүгээс хүүхдийн эрх гэж ярьдаг мөртлөө ямар ч оролцоо байдаггүй. Хүүхдийн төв номын сан зүгээр ном уншуулаад суудаг газар биш. 2024 онд гэхэд 236 соёлын ажил, сургалтыг хийсэн байна.
Бид номын сангийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх ёстой. Алслагдсан бүс нутагт хүрч ажиллах үүрэгтэй. Гэтэл алслагдсан бүсэд номтой авдар гэх төсөл эхлүүлээд айл өрхөөр явах гэхээр төсөв хүрдэггүй. Сарын 50 мянган төгрөгийн төсвөөр алслагдсан бүсийн дүүргүүдэд яаж хүрч ажиллах вэ дээ.
2024 оны нийт төсөв 1 тэрбум 188 сая төгрөг. Энэ жил төсөв 6 хувиар нэмэгдсэн. Мэдээлэл технологийн зардал, шатахууны зардал, бичиг хэргийн зардал, цэвэрлэгээний зардал зэрэг нь жижиг зардлуудад ордог. Ийм л дагавар хэдэн жижиг төсөвтэй. Манай номын сан 2300 метр квадрат, цэвэрлэгээгээ хийх гэхээр сарын эцсээр төсөв нь дуусчихдаг. Ихэнх нь ажилчдын цалинд зарцуулагддаг. Номын төсөв гэж байдаг ч сүүлийн хоёр улирлынх хасагдсан сурагтай байна.
Урсгал зардлыг төсөвт суулгах талаар харьяа яамруугаа төвсөө нэгтгээд өгдөг ч танагдаад л байдаг. Жил бүр сангийн яам нь хасаад л байдаг.
Энэ жил төсөв 6 хувиар нэмэгдсэн нь манайх хавсарсан 8 орон тоотой байсан. Няравын орон тоо байгаагүй. Няравын ажлыг манай номын санч хавсарч хийдэг байсан. Хавсарсан орон тоог багасгахын тулд харуул хамгаалалтын албатай гэрээлсэн. Тэдгээр хүмүүсийн цалинг төсөвт тавьсан нь энэ" гэв.
Хүүхдийн Төв номын сангийн шинэ барилга дөрвөн Засгийн газар дамнан яригдаж байна
Хүүхдийн Төв номын сангийн шинэ барилга дөрвөн Засгийн газар дамнан яригдаж байна. 2021 оны нэгдүгээр сарын 7-нд "Шинэ барилгын ажил энэ онд эхэлнэ" гэх Соёлын яамны мэдээнээс өөр илэрц алга. Тэрхүү мэдээнд "Тасганы овооны налуу байдал болон газрын нөхцөл байдал уялдуулан төслийн зургийг боловсруулсан. Хүүхдийн төв номын сан зургаан давхар, номын санд сургуулийн өмнөх насныхан болон бага, дунд ангийнханд зориулсан танхимыг тусгайлан шийдэж, өрнө, дорно хэлний 6-7 танхимтай байлгахаар төлөвлөcөн. Мөн хүүхдийн амрах, тоглох орон зай, хичээл хийх орчинг бий болгож, кафе хурлын танхимтай орчин үеийн номын сан байгуулна" гэжээ.
Хүүхдүүдийн тоглох орчинг нь томчууд булаагаад авчихдаг, мөрөөдлийг нь мөнгөтэй хүмүүс няц гишгэдэг Монголын нийгэмд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт сүндэрлэнэ гэдэг ч "Мянгуужингийн үлгэр" юм биш үү гэж халаглах иргэд ч олон байна.
"Хүүхдийн төлөө фонд"-д 25 тэрбум төгрөг цуглажээ. Энэ мөнгийг Төв номын сангийн шинэ барилга руу шингээж болохгүй хэрэг үү
2021 оны босгон дээр бүх л урлаг соёлын одод хамтран "Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагад хандив өгөхийг ард иргэдээс гуйсан байдаг. “Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагыг Соёлын дэд сайд асан М.Батбаяр, “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа, "Sound of Mongolia" продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд "Хүүхдийн төлөө фонд"-д 25 тэрбум төгрөг цугласан бөгөөд цугларсан орлогыг хэрхэн яаж, ямар бүтээн байгуулалтад зарцуулах талаар иргэд, олон нийтээс санал авч шийдвэрлэнэ гэж салбарын сайд нь мэдээлсэн байдаг.
Хуульд зааснаар "Хүүхдийн төлөө сангийн төсвийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ" гэж заасан байдаг.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!