“Би энэ хоёр нохойд зодуулсаар байгаад үнэхээр залхаж байна. Аавын уух юманд нойрны эм хийж унтуулаад, ээжийг түгжээд энэ гэр бүлийг танихгүй юм шиг, хэзээ ч эргэж ирэхгүйгээр зугтья. Аав, ээжээр яадаг юм” энэ бол youtube сувгаар бага насны хүүхдүүдийн хамгийн их үздэг “Schoolboy runaway” гэх тоглоомын stream дээр хэлэгдэж байгаа үг хэллэг. Энэ бичлэгийг youtube сувгаар 495 мянган хүн үзжээ.
Тоглоомын агуулга нь найзуудтайгаа гарч тоглох гэсэн хүүхдээ гаргахгүй хичээлээ хий гэж шаардлага тавьсан учраас хүү тоглоомын өгөгдсөн даалгаваруудыг биелүүлж, гэрээсээ оргох оролдлого хийдэг. Даалгаваруудыг амжилттай биелүүлж гэрээсээ оргож чадвал гадаа гарч найзуудтайгаа тоглох боломжтой болно гэсэн үг.
Энэ тоглоомыг сүүлийн үед live stream, vlog хийдэг залуучууд тоглож, youtube хуудсанд бичлэгүүдээ байршуулж байгаа. Товчхондоо бол 5-10 насны хүүхдүүдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг тоглоом. Утсаараа тоглохоос гадна стриймүүдийг нь их үздэг.
Өнөө цагт хүүхдүүд дижитал төхөөрөмжийн хэрэглээнд илүү цагийг зарцуулж, олон төрлийн мэдээллийг ямарч шүүлтүүргүйгээр хүлээн авч байгааг бид мэддэг ч халаглаад өнгөрөхөөс хэтэрдэггүй.
Тэр бүү хэл таван үгний гурав нь хараалын үгнээс бүрдсэн стриймүүдийг youtube сувгаар үзэж, “Энэ гэрээс зугтана. Ээж ааваар яадаг юм” гэх утга агуулгатай бичлэгийг гэрийнхээ зурагтаар үзээд хажууд нь үзээд сууж байхад ч анзаарч сонсдоггүй.
Өнгөц харахад хүүхдэд зориулсан мэт хүүхэлдэйн киноны дүрслэлтэй учраас ач холбогдол өгдөггүй гэсэн үг. Гэтэл та бидний нүдэнд хүүхэлдэйн кино мэт харагдаж байгаа youtube-ийн контентуудад ёс бус үг хэллэг, насанд хүрэгчдэд зориулсан агуулга гээд олон зүйл нуугдаж байдаг.
АНУ-ын судлаачдын үзэж буйгаар ёс бус үг хэллэг агуусан бичлэгүүд хүүхдийн сэтгэхүйн хөгжил, зан төлөвт сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ төрлийн бичлэг үздэг хүүхдүүд уур уцаартай болох, хүчирхийллийг энгийн мэт хүлээж авах шинж тэмдгүүд илэрсэн байна. Цаашлаад нийгмийн хэм хэмжээ, эрүүл зөв харилцаа, зохистой зан төлөвийн талаар тэдэнд буруу, гаж ойлголт өгөх боломжтой гэж үзжээ.
Тийм ч учраас өндөр хөгжилтэй улс орнууд хүүхдэд зориулсан контентод өндөр шалгуур тавих болж, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэх, ёс бус үг хэллэгтэй хүүхэлдэйн кино болон бусад хүүхдэд зориулсан контентуудыг гаргахыг хориглоод удаж байна. Гэтэл тэдгээр кино манай телевизүүдээр ямар ч хяналтгүй цацагдаж байгаа нь харамсалтай. Жишээлбэл, “Sponge bob”. Энэ кино бидний хүүхдийн өдөр тутамдаа үздэг IPTV-гийн хүүхэлдэйн киноны багцад байж л байдаг. Гэтэл хэдийнэ АНУ, Орос, Австрали гээд дэлхийн 100 гаруй оронд гаргахыг хориглосон байдаг аж.
Харамсалтай нь манайд үүнд хяналт тавьж зохицуулах газар байхгүй. Тиймээс та бид өөрөө л хүүхдийнхээ үзэж, сонсож байгаа зүйлд чухал ач холбогдол өгч, хатуу хараа хяналт тавих шаардлагатай болж буй юм.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!