АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын бараанд ногдуулсан тариф 145 хувьд хүрлээ. Энэ тоо нь өмнө нь фентанилтай холбоотойгоор нэмэгдүүлсэн 20 хувь дээр шинээр ногдуулсан 125 хувийн тарифыг нэмсэн дүн юм байна.
Хятад улс АНУ-ын хоёр дахь том импортлогч орон бөгөөд тус улсын гар утас, тоглоом, компьютер, хувцас зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний гол нийлүүлэгч билээ. Иймээс энэхүү өндөр тариф нь АНУ-ын эдийн засаг болон зах зээлд хүчтэй нөлөөлөх нь тодорхой болж байна. Гэхдээ Хятадын бүх бараа энэ шинэ татварт хамрагдахгүй. Ган, хөнгөнцагаан, автомашин зэрэг бүтээгдэхүүнд өмнө нь аль хэдийн тусдаа 25 хувийн тариф оноосон тул энэ удаагийн 145 хувийн тарифаас ангид байна хэмээв. Мөн зэс, эм, хагас дамжуулагч, мод, эрчим хүчний бүтээгдэхүүнүүд одоогоор шинэ тарифт хамрагдаагүй ч цаашид жагсаалтад орж болзошгүйг анхааруулжээ. Түүнчлэн 145 хувийн тариф нь дээд хэмжээ биш, харин суурь тарифт тооцогдож байгаа гэдгийг онцолсон байна. Эдгээр огцом өөрчлөлт нь Хятадын бараа бүтээгдэхүүнээс хамааралтай АНУ-ын импортлогчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд мэдэгдэхүйц хүндрэл учруулж эхэлжээ. Жишээлбэл, 125 болон 145 хувийн тарифын хоорондын 20 хувийн зөрүү л гэхэд нэг чингэлэг ачаанд хэдэн мянган долларын нэмэлт зардал авчирч болзошгүй аж. Хятадтай холбоотой зөрчил хурцдаж буй энэ үед уг шийдвэр нь гадаад худалдааны нөхцөл байдлыг улам бүр төвөгтэй, тогтворгүй болгож байгааг шинжээчид онцолжээ.
Америк болон Хятадын хоорон дахь худалдааны мөргөлдөөн хурцдаж байгаа энэ үед хоёр улс хоорондоо хэлэлцээр хийх эсэх нь улам тодорхойгүй болж байна. Цагаан ордны өндөр албан тушаалтнуудын мэдээлснээр АНУ Хятадтай хамгийн түрүүнд холбоо барихгүй гэж CNN-д мэдэгдэв. Учир нь худалдааны дайныг улам хурцатгах арга замыг Бээжин сонгосон гэж үзэж байгаа тул Хятад улс хамгийн түрүүнд алхам хийх ёстой гэж Доналд Трам багийнхандаа хэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!