Та одоогоор аль дүүргийн оршин суугч вэ. Үүнийг асууж буй учир нь сар хүрэхгүй хугацааны дараа буюу ирэх зургаадугаар сарын 1-нээс нийслэлчүүд бид хот дотроо хоттой болох нь. Болох болохдоо 14 хоттой болно. Үүнийг өнгөрөгч онд УИХ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тусган баталсан байдаг. Олны нүдийг орой дээр нь гаргаж байгаа эл хуулийн агуулгыг та бүхэнд танилцуулж байна.
-ХОТУУД өөрийн гэсэн ЗЭРЭГЛЭЛТЭЙ БАЙНА-
Энэхүү хуулиар бий болгох хотууддаа зэрэглэл тогтоож өгсөн. Ингэхдээ улсын болон бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, газар зүйн байршил, өөрийн болон засаг захиргааны чиг үүргийн онцлогийг нь харгалзан хотыг дараах гурван байдлаар ангилна. Үүнд:
-Нийслэл Улаанбаатар хот;
-Улсын зэрэглэлтэй хот;
-Орон нутгийн зэрэглэлтэй хот
Мөн түүнчлэн улсын зэрэглэлтэй хот дагуул хоттой байж болохоор заасан.
Тэгвэл эдгээр хотуудын гол "шалгуур" юу байх вэ
ТАНИЛЦ: УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ:
Хүн ам: 100000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн, тэдгээрийн дийлэнх хувь нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэцтэй, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий хот нь улсын зэрэглэлтэй байна.
Тэгвэл манай нийслэл Улаанбаатар хотод УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ дараах 2 хот байна.
Захирагч: Тухайн хоёр хотыг тус бүрийн хотын захирагч болон зөвлөл удирдана.
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ:
Хүн ам: 30000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь орон нутгийн зэрэглэлтэй байна
Тэгвэл манай нийслэл Улаанбаатар хотод ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ дараах 14 хот байна.
Захирагч: Тухайн хотуудыг тус бүрийнх нь хотын Захирагч болон зөвлөл удирдана. Гэвч зарим хотуудын хувьд нутаг дэвсгэрийн байршлаас хамаарч нэгдсэн нэг хотын захирагч болон зөвлөлөөр удирдуулах юм. Тухайлбал, Хан-Уул, Яармаг, Буянт-Ухаа хотыг Хан-Уул хотын Захирагч болон зөвлөл удирдана. Мөн Сонгинохайрхан, Толгойт, Баянхошуу, Өнөр хотыг Сонгинохайрхан хотын Захирагч болон зөвлөл удирдана. Харин Сүхбаатар, Сэлбэ хотыг Сүхбаатар хотын Захирагч удирдах бол Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хотыг Баянзүрх хотын Захирагч болон зөвлөл нэгтгэн удирдах юм.
ТАНИЛЦ: ДАГУУЛ ХОТ:
Хүн ам: Дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй байна
Тэгвэл манай нийслэл Улаанбаатар хотод ДАРААХ ГУРВАН ДАГУУЛ ХОТ байна.
Захирагчид: Агросити дагуул хот нь одоогийн СХД-ийн нутаг дэвсгэрт байрлана. Багахангай болон Шарга морьт нь тус тусдаа хотын ЗАХИРАГЧТАЙ байна.
-ХОТ ТУС БҮРИЙГ ЗАХИРАГЧ БОЛОН ЗӨВЛӨЛ УДИРДАНА. ЗАХИРАГЧ, ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН НЬ ТУХАЙН ХОТЫНХОО ОРШИН СУУГЧ БАЙНА-
Мэдээж хэрэг хот тус бүр Хотын Захирагчтай байна. Эдгээрээс гадна энэ хуулиар ЗӨВЛӨЛ гэх шинэ ойлголт орж ирж буй юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн хотын оршин суугчийн тооноос хамааран батлах бөгөөд бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх юм. Зөвлөлийн гишүүдийг тухайн хотын оршин суугчаас сонгох юм. Тухайлбал, орон нутгийн зэрэглэлтэй хотын оршин суугчийн тоо нь 50 мянга хүртэл бол зөвлөлийн гишүүний тоо 11 байх бол 50 001-ээс дээш бол 15 байхаар зохицуулна.
Зөвлөлийн гишүүд нь бүрэн эрхийн хүрээнд, хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах, хотын төсвийг хэлэлцэж батлах, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, оролцоог хангах үүднээс санал асуулга зохион байгуулах шийдвэр гаргах, Захирагчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэт цаас гаргах, зээл авах зөвшөөрөл олгох зэрэг эрхийг хэрэгжүүлэх боломжтой байх юм.
-УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ "Л.ОЮУН-ЭРДЭНЭ" БАТЛАМЖЛАХ БОЛ ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ "Х.НЯМБААТАР" БАТЛАМЖИЛНА-
Сонирхолтой нь, хот тус бүрийн Захирагч тухайн хотынхоо ОРШИН СУУГЧ байх ёстой юм. Хуульд зааснаар улсын зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, Ерөнхий сайд батламжилна. Харин орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл улсын зэрэглэлтэй хотын Захирагч батламжилна. Бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Мөн хотын Захирагч нь дэд Захирагчтай байж болно.
-ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ-
Энэхүү хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан байдаг. Харин гишүүдийн зүгээс энэхүү хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлага байгааг хэлж буй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батлутын зүгээс "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчих магадлалтай учраас хэрэгжилтийг хойшлуулах ёстой. Тухайлбал, аймгийг татан буулгахгүйгээр хотын эрх мэдлийг шилжүүлнэ гэж тооцоолоод төлөөллийн зарчим алдагдахаас авхуулаад олон асуудал хөндөгдөж гарна" гэв.
-БЭРХ СУМЫГ ХОТ БОЛГОНО ГЭВ-
Энэ хууль зөвхөн нийслэлийн Улаанбаатарын хэмжээнд хамаарах хууль биш юм. Орон нутгуудад ч хаматай. Учир нь хуулийн хүрээнд зарим аймгийн нэр бүхий сумдыг хотын зэрэглэлтэй болгох гэнэ. Тухайлбал, одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл, Өвөрхангай аймгийн Хархорин, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Хэнтий аймгийн Бор-Өндөр болон Бэрх сумыг ХОТ гэх нэршилтэйгээр явах нь.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!