Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэсний түгжрэл болж яаралтай тусламжийн тасагт ирсэн ч хүлээн авахын нэр бүхий эмч нар хүнлэг бус хандаж, яаралтай тусламж үзүүлээгүйгээс өвчтөний биеийн байдал хүндэрч, улмаар 5 хагалгааны дараа амь насаа алдсан гэх асуудлын талаар, мөн тухайн өвчтөний хөгжлийн бэрхшээлтэй байдлыг ашиглан үгсэн хуйвалдаж, зохиомол хомсдол үүсгэн өвчтөний ар гэрт эм тариа худалдан борлуулж байсан гэх асуудлын талаар бид нэхэн сурвалжиллаа.
Бат-Эрдэнийн Галмандах ДЭМБ-ын F-71 буюу хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдолтой гэсэн оноштой хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Тэрээр гэнэт муудаж, 2024.02.06-ны өдрийн шөнийн 01:00 цагт УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасагт иржээ. Хүлээн авах тасагт н.Сүхбат гэх эмч ажиллаж байж. Өвчтөний төрсөн дүүгийн хэлж буйгаар н.Сүхбат эмч Б.Галмандахыг илт үл тоож, хүнлэг бус хандлага гаргасаар, өвдөлтдөө шаналсан хөөрхий залуу хүлээн авах тасагт эмчийн тусламж хүлээсээр хоножээ. Дараагийн өдөр өвчтөний ар гэр шаардлага тавьсны үндсэн дээр бүдүүн, шулуун гэдэсний эмч Б.Галмандахад үзлэг хийж, бүдүүн гэдэсний түгжрэл гэх оношийг тавьсан байна. Ингээд амь насны заалттайгаар яаралтай хагалгаанд оруулахаар болсон аж. Б.Галмандах хагалгаанд орж азаар амь нас нь энэ удаад аврагдсан. Гэвч 6 сарын дараа бүдүүн гэдэс залгуулах мэс засалд орох шаардлагатай болохыг эмч зөвлөсөн учраас хагалгаанд орохоор 2025.08.25-ны өдөр дахин УНТЭ-т ирлээ. Эндээс л бүх асуудал эхэлсэн аж.
Талийгаач Б.Галмандахын төрсөн дүү Б.Жигдэн
Мэдээгүй байхад нь ахад нь унтуулга хийж, хагалгаа хийсэн гэв
Б.Галмандах 2024.08.28 бүдүүн гэдэс залгах хагалгаандаа оржээ. Гэвч биеийн байдал муудаж, огиулж бөөлжих шимж тэмдэг илрэхэд ар гэрийн зүгээс эмч нарт хэлсэн боловч “Зүгээр. Асуудалгүй” гээд ойшоогоогүй аж. Б.Галмандах бол хаана нь яаж, өвдөж байгааг илэрхийлэх чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Улмаар эмнэлгээс гаргахаар товлосон өдөр нь Б.Галмандахын оёдол нь задарч, тэрбээр 3 дахь хагалгаандаа орлоо. Ингээд хагалгаанаас хойш 7 хоногийн дараа буюу 09.13-ны өдөр түүнийг эмнэлгээс гаргажээ. Түүний төрсөн дүү Б.Жигдэнгийн хэлж буйгаар энэ үед түүний шарх нь ил, дотор гэдэс нь харагдаж байсан аж. Ингээд эмнэлгээс гараад 2 хоногийн дараа тэрээр ухаан алдаж, дахиал л УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэв. Гэтэл анх 6 сарын өмнө ирэхэд нь үл тоож, хүнлэг бус хандаж ийм байдалд хүргэсэн гэх өнөөх н.Сүхбат эмч байж таарав. Эмч тэднийг таньж, өнөөх л үл тоосон, хүнлэг бус хандлагаа гаргаж, ухаан алдаад очсон, онгорхой гэдэстэй Б.Галмандахыг “зүв зүгээр байна” гэжээ. Ухаан алдсан юм бол мэдрэлийн эмч н.Энхзоригт ханд гэсэн аж. Харин н.Энхзориг эмч мөн л “Зүгээр байна. Хүсвэл та нар амбулаториор цагаа аваад тархины зураг авахуулаарай” гэжээ. Ингээд н.Сүхбат эмч “Одоо наад хүнээ аваад яв. Манайх ороо суллаж авмаар байна” гээд хөгжлийн бэрхшээлтэй ахыгаа дагуулаад хөдөөнөөс ирсэн хөөрхий охиныг ахтай нь цуг эмнэлгээс хөөсөн байна. Гэртээ очуут дахин унаж, татаад 23:00 цагийн үед эргээд хүлээн авах дээр ирлээ. Хөөсөн эмч Сүхбат “Тэгвэл та хоёр гэдэсний эмчээ хүлээ” гээд хөдөлсөнгүй. Ингээд маргааш нь 10 цагт Бүдүүн шулуун гэдэсний эмч үзлэг хийж, тасагтаа авъя гэснээр өдрийн 12:00 цагт тасагт хэтщвтсэн ч харамсалтай нь удалгүй сэхээн амьдруулах буюу эрчимт эмчилгээний тасагт шилжсэн аж. Ингээд Б.Галмандах дахиж ухаан оролгүй, эрчимт эмчилгээний тасагт 38 хоноод бурхан болсон байна. Түүнийг эрчимт эмчилгээний тасагт байх үед наалданг үүссэн байна гээд 2025.09.24-ний өдөр дахиад л хагалгаа хийжээ. Хамгийн ноцтой нь энэ хагалгааны талаар ар гэрт нь мэдэгдээгүйгээр барахгүй хэлэлгүйгээр өвчтөнд унтуулга хийж, хагалгааг үйлдсэн хэмээн талийгаачийн төрсөн дүү Б.Жигдэн ярилаа. Дүүд нь энэ тухай дараа нь мэдэгдсэн аж.
/Хүлээн авахын эмч Н.Сүхбат/
Эмч, эмзүйч нар үгсэн хуйвалдаж өвчтөний ар гэрт тариа худалдаж байгаад баригджээ
Б.Галмандахыг эрчимт эмчилгээний тасагт байх үед үрэвсэл өндөр байгаа тул меропенем хэмээх тариа тарих шаардлагатай бөгөөд эмнэлэгт энэ тарианы нөөц дууссан тул гаднаас худалдаж аваарай гэж эмчлэгч эмч нь хэлсэн байна. Тодруулбал, Эрчимт эмчилгээний тасгийн резидент эмч Бямбасүрэн гэгч эмийн жорон дээрээ утасны дугаар бичиж өгөн, энэ дугаараас тариагаа авахыг зөвлөсөн аж. Эмчийн зөвлөсний дагуу тухайн дугаарт холбогдон тариаг авч байсан бөгөөд, тариа худалдаж байсан хүн нь УНТЭ-ийн Эрчим эмчилгээний тасгийн Эмзүйч С.Буянжаргал гэх хүн болохыг мэдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндийг ашиг хонжоо олох завшаан болгож байсан этгээдүүд баригджээ.
Б.Жигдэнгийн хардлагаар тариа үгсэн хуйвалдаж зарсан этгээдүүд тухайн тариаг ахад нь хийсэн хэмээн худал хэлж, нэг зарсан тариагаа маргааш нь дахиад авчирч өгч байсан байж болзошгүй гэж хардаж байгаа аж. Учир нь хамгийн хүчтэй антибиотик гэх уг тариаг удаан хугацаанд хийлгэсэн атал ахынх нь шинжилгээгээр үрэвслийн хэмжээ нь огт өөрчлөгдөхгүй байсан нь ингэж хардах шалтгаан болсон хэмээн тэрбээр ярилаа.
/УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмзүйч С.Буянжаргал/
Хүнлэг бус эмч, эмнэлгийн ажилтан одоо ч ажлаа хийгээд, инээж хөхөрч явна
Ингээд нэгэнт үйлдэл нь ил болсон С.Буянжаргал Б.Жигдэнд хандан “Эгчийгээ уучлаарай. Би 3-хан сар ажиллаад л тэтгэвэртээ гарчих юм. Би мөнгийг чинь буцаагаад өгье” хэмээн удаа дараа залгаж, чат бичиж байжээ. Гэвч ахынхаа өвчнийг, амь насыг нь хүн чанаргүй хүмүүсийн даажин болгосон Б.Жигдэн түүний уучлалыг хүлээж аваагүй бөгөөд, УНТЭ-ийн Чанарын албанаас эхлээд, ЭМЯ, Эрүүл мэндийн сайдад хүртэл хандсан байна. Гэвч асуудлаас хойш 30 хоногийн дотор шийднэ гэсэн боловч хэн нь ч гомдлынх нь хариуг өгөөгүй учраас хөөрхий бүсгүй хариултыг нь сонсохоор Улаанбаатарт дахиад иржээ. Ингээд ахынх нь өвчнийг ашиг хонжоо болгон ашиглаж, үгсэн хуйвалдаж дотроосоо тариа зарж байсан Б.Буянжаргалыг ажиллах хугацааг нь гүйцээгээд тэтгэвэрт нь гаргасан байжээ. Харин эмнэлгийн Санхүүгийн албанаас холбогдож тариа авсан 1.023.000 төгрөгийг Б.Жигдэнгийн дансанд хийжээ. Уг нь эмнэлгийн зүгээс Б.Жигдэнгийн гомдлын дагуу холбогдох эмч нарт хариуцлага тооцсон гэсэн боловч, цалингийн тодорхой хувиар торгуулаад л өнгөрсөн аж. Хүлээн авахын хүнлэг бус эмч Сүхбат ч, Мэдрэлийн тасгийн Энхзориг ч аль аль нь одоо ажлаа хийгээд, инээж хөхрөөд явж буй. Үгсэн хуйвалдаж дотроосоо тариа зарсан эм зүйч С.Буянжаргал гавьяаны амралтдаа гарч, эмчлэгч эмч н.Бямбасүрэн яасан тухай мэдээлэл алга.
УНТЭ: Бид хэвлэлд мэдээлэл өгөх шаардлагагүй
Бид энэ асуудлын талаар бид УНТЭ-ээс тодруулахаар 2025.04.28-ны өдөр тус эмнэлэгт хандсан юм. Гэвч дарга бүрийн хаалга татаж, үүд сахиж өнжисний эцэст “Эмнэлгийн дарга гадаадаас ирэхээс нааш мэдээлэл өгөх боломжгүй. Ирэх 7 хоногт ирээрэй” гэсэн хариултыг хэвлэлийн ажилтан өгснөөр буцав. Тохиролцсон ёсоор 7 хоног хүлээгээд эргээд холбогдоход “Дарга дөнгөж өнөөдөр ажилдаа ирлээ. Даргын туслахад танилцуулсан. Туслах даргадаа танилцуулсны дараа , хэрэв дарга зөвшөөрвөл мэдээлэл өгөх байх. Маргааш холбогдоорой” гэв. Маргааш нь холбодоход “Манайх тухайн гомдол гаргасан иргэнтэй уулзсан учраас хэвлэлд мэдээлэл өгөх шаардлагагүй” хэмээн дарга дамжуулсныг хэвлэлийн ажилтан утсаар уламжлав.
Г.Номин: Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, тарианы мөнгийг буцаан төлүүлсэн
/Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Улсын ахлах байцаагч/
Харин ЭМЯ асуудлыг шалгаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газарт холбогдох материалын хамт өгсөн аж. Энэ дагуу шалгалтыг хийж, холбогдох баримт материалд үндэслэн хууль бус үйлдлийг нь тогтоосон аж. Чухам ямар арга хэмжээ авсан тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Улсын ахлах байцаагч Г.Номингоос тодруулахад “ Зөрчлийн хуулийн 6.6.3-ын дагуу торгуулийн арга хэмжээ авч, тариа борлуулж олсон орлогыг гомдол гаргагч талд буцаан төлүүлсэн. Манай дээр бол зөвхөн эм, тариа зарсан асуудалд арга хэмжээ авна. Харин эмч, эмнэлгийн ажилтны ёсзүйн асуудлыг тухайн эмнэлгийн дотоод журмаараа шийдэх ёстой” гэв.
Хүнлэг бус эмч, эмнэлгийн ажилтан сарын цалингаасаа багахан хувийг өгөөд өнгөрч байхад элэг бүтэн нэгэн айл цэл залуу хүүгийнхээ, ахынхаа амийг алдчихаад байгаа асуудалд хэн хариуцлага тооцож, хэн анхаарах вэ? Хүний амь нас цалингийн 20 хувьтай дүйдэг болчихсон хэрэг үү?
Сэтгэгдэл (44)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!