Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-их ялалт”, “Дайны баатрууд” хоёр номын нээлт өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Номын нээлтийн ёслолд номыг бүтээгчдээс гадна Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын тэргүүн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа баатар, Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков болон Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй, нэрт орчуулагч, зохиолч Н.Пүрэвдагва нарын Монголын утга зохиолын шилдгүүд, соёл урлаг, хэвлэл мэдээллийнхэн, ОХУ-ын ЭСЯ болон Монголд үйл ажиллагаа явуулж буй Оросын байгууллагуудын төлөөлөл оролцов.
Хэдхэн хоногийн дараа тэмдэглэх ялалтын 80 жилийн ойг угтан Монгол Улс, ОХУ-д түүхэн үйл явдлын үнэ цэнийг эргэн дурсаж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн өвөг дээдсийн гавьяаг мөнхжүүлэх олон ажил зохион байгуулж буй юм. Тэдгээрийн нэг нь өнөөдөр болсон энэхүү номын баяр боллоо.
Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн түүвэр “Эх орон-их ялалт” номыг Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хүндэт профессор, ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны элч Ц.Саранцацралын санаачилгаар “Бадрангуй урлаг” төрийн бус байгууллага, “Улаанбаатарын сонин”-ы редакцийн баг хийжээ.
Орос, монгол хэл дээр гаргасан яруу найргийн шилдэг бүтээлийн түүвэр “Эх орон-их ялалт” номынхоо тухай доктор Ц.Саранцацрал “Юуны өмнө миний санаачилгыг бодит ажил болгохын төлөө ажилласан редакцийн багийнханд, дэмжиж тусласан яруу найрагчид, орчуулагчид, ОХУ-ын Элчин сайдын яамныханд гүн талархал илэрхийлье.
Энэ номондоо 61 яруу найрагчийн 70 шахам бүтээлийг сонгон оруулсан. Сонгосон бүтээлүүд маань хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Монгол, Оросын яруу найрагчдаар хязгаарласангүй. Белорус, казах, дагестан, якут, башкир зэрэг хуучин Зөвлөлтийн олон үндэстний утга зохиолын төлөөллийг багтаалаа. Зөвлөлтийн болон Оросын 29 найрагчийн 33 шүлэг, найраглалын дийлэнх нь эх орны дайны жилүүдэд бичсэн бүтээл байгаа.
Монголын яруу найрагчдын бүтээлүүд дунд эх орны дайны гал дүрэлзсэн тэр үед бичигдсэн нь цөөн ч дайны гамшгийг сэрэмжлүүлж, дайчин баатруудыг магтан дуулсан үе үеийн 31 найрагчийн бүтээлийг сонгон орос хэл рүү орчуулсан бөгөөд тэдгээрийн заримыг 1960, 1980, 2000-аад онд хэвлэгдсэн бүтээлүүдээс авсан бөгөөд ихэнх монгол шүлгийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр шинээр орчуулан орууллаа. Тухайлбал, Монголын нэрт яруу найрагч Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд”, Б.Лхагвасүрэнгийн “Эрчүүд эзгүй зун” шүлгийг Москвад амьдардаг Оросын яруу найрагч, орчуулагч Н.Звягинцев орчуулсан.
Эх орны дайны тухай гэхээр олон хүний хувьд “Катюша”-гаас эхлээд эрэмгий цоглог ялалтын дуунууд санаанд буудаг. Тиймээс бидний орос хэл дээр дуулж, сонсож байсан ялалтын олон дууг орчуулагч Н.Пүрэвдагва монгол хэл рүү хөрвүүлсэн. Сая сая хүний амь насны үнэтэй ялалтын цаана юугаар ч сольшгүй үнэтэй эх орон байсан учраас бид номоо “Эх орон-их ялалт” хэмээн нэрлэсэн” хэмээн танилцуулсан.
Уг номыг Элчин сайд А.Н.Евсиков Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн “Эх орон – Агуу ялалт” түүврийг манай хоёр орны ард түмний түүхэн ой санамж, сэтгэл зүрхний нэгдмэл байдлыг гэрчлэх бодит баримт хэмээн үнэлж буйгаа “Энэхүү бүтээл нь тэр үеийн Зөвлөлт болон Монголын ард түмний мөрөөдөл, тэмүүлэл хэрхэн адил байсан, мөн түүнчлэн өнөөгийн монголчууд болон оросуудын зүрх сэтгэлд өнгөрсөн түүхийн түгшүүрт боловч агуу, хувь заяаг тодорхойлсон үйл явдлууд хэрхэн ижил гүн гүнзгий өрнөж байсныг яруу найргийн хэлээр илэрхийлсэн” гэж тайлбарласан юм.
“Эх орон-их ялалт” яруу найргийн түүвэртэй хамт нээлтээ хийсэн “Дайны баатрууд” номыг Монгол дахь “Оросын эх орон нэгтнүүд” байгууллагаас эрхлэн гаргасан юм.
Номын баярын үеэр Монголын зэвсэгт хүчний генерал, офицеруудын төлөөлөл мөн уран бүтээлчдэд “Агуу эх орны дайны ялалт-80 жил” хүндэтгэлийн медалийг гардууллаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!