Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-ийн ахмад эх баригч З.Цэрэнхандыг энэ удаагийн "Хөрөг" буландаа онцолж байна.
1991 он. Говь-Алтай аймгийн Тайшир сум. Уул ус, тал хээр хосолсон хангай говийн зааг дахь жижигхэн сумын амьдрал ажин түжин, амар амгалан. Хандаа /З.Цэрэнханд/ анагаахын сургуулиа төгсөөд удаагүй сумын эмнэлгийн залуухан эмч. Үзэсгэлэнтэй, дуу цөөтэй,турьхан хонгор 20 настай охин. Үсээ хоёр сүлжээд урагш нь унжуулчихсан, цэнхэр цэцэгтэй эрээн даашинзаар гоёдог. Энэ жижигхэн суурингийн чимэг болсон охин байлаа. Тэр энд өвөө эмээ дээрээ байдаг. Өлгийтэй нялхаас нь алгандаа бөмбөрүүлж өсгөсөн болохоор өвөө эмээ нь охиндоо амь. Аав ээж нь Улаанбаатарт суурьшсан. Уг нь түүнд жижигхэн сумын бага эмч байхын оронд Улаанбаатарт ажиллаж, их хотын гудамжаар цэцэгт цэнхэрээ дэрвүүлэн алхаж явах далдхан хүсэл байсан. “Охиноосоо холдоод хэцүүднэ. Дахиад л усан нүдлэх юм болно” хэмээн хошуу дэвсэх өвөө эмээгээ орхиод явах хүнийрхүү сэтгэл түүнд байсангүй. Тиймээс л тэр өвөө эмээгээ тойглонгоо сумын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байгаа нь энэ аж.
Хөдөөгийн сууринд Хандаа талын дунд дэлгэрсэн цор ганц содон цэцэг шиг л онцгой. Сумын залуус шохоорхон харж, үеийн охид нь жиг жуг гэлцэнэ. Энэ үед Эрдэнээ хүү сумандаа мотоцикл унадаг цөөхөн хүний нэг байв. Хөдөө рүү дуудлагаар явах үүрэг шинэхэн эмч Хандаад оногдоно. 1990-ээд оны сумын эмнэлэгт унаа унаш хомс. Дуудлагын эмч хөдөө явах унаа хайна гэж том даваа. Харин Эрдэнээ хүү Хандааг дуудлагаар явах бүрт “би яваад өгье” гээд л инээмсэглээд зогсож байна. Сэтгэлдээ нууцхан тээсэн үзэсгэлэнт бүсгүйгээ сундалсан залуу Завхан голын хөндийгөөр салхи татуулан хэдэн арван удаа давхисныг бүү мэд. Ингэж явсаар ижилдэн дасаж, өрх өсгөж сум сунгаж Эрдэнээгийнх гэдэг айл Тайшир суманд төвхнөснөөс хойш 33 жил өнгөрчээ. Одоо тэд 1 охин 2 хүүгийн аав ээж, 2 хүүхдийн өвөө эмээ болжээ. Амьдрал алгаа дэлгэхээрээ ийм л сайхан.
З.Цэрэнханд 1971 онд нягтлан Зинамядар, Монгол хэл бичгийн багш Цэендулам нарын анхны хүүхэд болж Говь-Алтай аймгийн Халиун суманд мэндэлжээ. Тэрбээр 5 эмэгтэй ганц эрэгтэй дүүтэй. 7 хүүхэдтэй айлын том охин. Аав ээж нь төрийн албан хаагчид. Айлын том учраас ачааны хүндийг тэр л үүрэлцэнэ. Дэрсхэн дүү нараа харна, хичээлийг нь хийлгэнэ. Ар гэрийн аар саархан ажил бүгд Цэрэнхандын нуруун дээр бууна. Түүнийг 7-р ангид байхад отгон дүү нь мэндэлжээ. Нэг өдөр төрөх дөхсөн ээждээ санаа нь зовоод хичээлийнхээ завсарлагаанаар гүйгээд иртэл ээж нь ус нь гарчихсан хариугүй төрөх гээд ёолон мөлхөж байх нь тэр. Аав нь хөдөө ажлаар яваад эзгүй. Тэр үед унаа унаш ч амархан олдохгүй. Сандарсан Хандаа хар хурдаараа гүйж хавь ойрын айлуудаас тусламж гуйж, ээжийгээ эмнэлэгт хүргэх унаа олоод ирж. Ингэж тэр 15 настайдаа анх удаа дүүгээ “эх барилцсан” байна.
Түүний ээж Цэендулам гэж тухайн үедээ улс аймгийн олимпиадуудын эхний байрыг гаргаадаггүй хэл бичгийн луухар багш байжээ. Ур чадвараараа цойлон гарч ирсэн сумын залуу багш тэр үеийн сэхээтнүүдийг өнгөлж байв. Удалгүй 30 гаруйхан насандаа Ардын их хурлын депутат болж, мандаж явсан бүсгүй байлаа. Бага дүү нь ой гарантай, тэнтэр тунтар алхаж байсан үе. Ээж нь Улаанбаатарт АИХ-ын депутатуудын чухал хуралд оролцох болж Хандаа дүүгийнхээ асрагчаар ээжийгээ дагаад анх удаа Улаанбаатарт ирэв. Тэд Улаанбаатар зочид буудалд бууж, хөдөөгийн сумын хүүхдэд тухайн үеийн Улаанбаатар зочид буудал ёстой л нүд орой дээрээ гарам сүрдэм сайхан газар байж. Хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамж хэмээн тэр энэ үеийг ярина. Удалгүй тэднийх Улаанбаатарын айл болов. Ээж нь төрийн ажил гээд завгүй ч амралтын өдөр бүрийг хүүхдүүддээ зарцуулж, музей, тоглолт концерт үзүүлдэг байж. "Гэр бүлээрээ үзвэр үзэхээр явж байсан олон арван өдрүүд одоо миний хамгийн нандин дурсамж болж үлдсэн" хэмээн тэр дурсана.
Сумын эмнэлгийн залуу эмч Хандаа 1993 онд анхны хүүхдээ төрүүлэхээр аймгийн төвд ирлээ. Олон хүн амаржихыг үзэж, багагүй хүүхэд эх барьж авсан туршлагатай учраас "өөрийгөө бол мэднэ" гэж дотроо бодож байж. Тийм ч учраас арай болоогүй дээ гээд санаа амар байтал ирсэн шөнөө л дуншиж эхлэх нь тэр. Анхны төрөгч, дөнгөж 22 настай эмч бүсгүй эмчээр ажилласан багахан туршлагадаа үндэслэсэн таамаг нь зөрж, юу юугүй төрөх болоход айх самгардах зэрэгцэнэ. Тэсэж тэвчихийн аргагүй мушгиран зангирч, үг дуугарах ч тэнхэлгүй болсон бүсгүй айсандаа бас өвдсөндөө нулимс нь сул асгарна. Айж түгшиж, өвдөж, уйлж өнгөрүүлсэн олон цагийн дараа тэр жаахан охины ээж болсон юм. Олон жилийн дараа ингэж төрсөн охин нь ээж болж, Хандаа анхны зээгээ эх барьж авах хувь тохиол хүлээж байх юм гэж хэн санах билээ. “Төрөх гэж дуншин, уйлаад мөлхөж байгаа охидыг харахаар олон жилийн өмнөх өөрийгөө бодоод өр өмөрчихдөг юм” хэмээн эх баригч Цэрэнханд ярина.
2018 он. Одоо Хандаа олны хэлдгээр эх нялхас буюу ЭХЭМҮТ-ийн ахмад эх баригч. 25 жилийн өмнө ээжийгээ уйлуулан мэндэлсэн охин нь ээж болохоор ЭХЭМҮТ-д ирлээ. Ээж нь тэр шөнө ээлжтэй хоноод өглөө нь буух байв. Гэтэл охин үүрээр эмнэлэгт хүргэгдэж, ээжийгээ ээлжээс буухын өмнөхөн амаржив. Олон жилийн өмнө бяцхан сумын төвийн чимэг болсон эрээн даашинзтай хонгор Хандаа ингэж эмээ болов. “Олон зуун ээжийг, олон зуун анхны төрөгчийг эх барьж байсан мөртлөө өөрийнхөө охин дээр сандраад тархи хэсэг хоосорчихсон. Чаддаг юмаа чадахгүй юм шиг, мэддэг юмаа мэдэхгүй болчихсон юм шиг санагдаад. Тэр үед би яг анх удаа хүүхэд эх барих гэж байгаа юм шиг, анх удаа хүн төрөхийг харж байгаа дадлагын хүүхэд шиг учраа олохгүй самгардчихсан. Магадгүй амьдралын минь давах ёстой том даваануудын нэг энэ байсан болов уу гэж боддог” гэж тэр ярина. Төрнө гэдэг үхэл амьдралын уулзвар гэдэг. Амь шигээ нандигнаж өсгөсөн охин нь үхэл амьдралын заагт ёолон гаслаж байгааг харсан ямар ч ээж барьц алдан сандрах нь арга ч үгүй биз.
Залуухан эмчид айж сандрах тохиолдол бишгүй олон. Бүр сүүлд ЭХЭМҮТ-ийн туршлагатай эх баригч болсон хойноо ч түүнд ийм үе олон байсан гэнэ. Эх нялхаст 21 аймаг 9 дүүргийн эрсдэлтэй заалттай ээжүүд ихэвчлэн төрнө. Төрөлт хүндрэх явцад “Одоо л больё. Үүнийг дуусгаад л өргөдлөө өгье” гэж тэр олон удаа шийдэж байсан. Гэвч даваагаа давж эх хүүхэд эсэн амаржиж, ээжид нь хүүхдийг нь тэврүүлэх мөчдөө л өнөөх шийдэмгий бодлоо ор тас гээж орхино. Ингэж явсаар тэг нэг л мэдэхэд энэ салбарт 34 жил ажиллажээ. Эх баригч гэдэг магадгүй эрүүл мэндийн салбар дундаа хамгийн эрсдэлтэй, хамгийн хариуцлагатай алба байх. Тэд нэг биш, хоёр хүний, ихэр бол 3, 4 хүний амь насны төлөөх “тулаанд” цаг наргүй ордог. "Өнгөрсөн шөнө 7 хүүхэд эх барилаа" гэсээр тэр бидэнтэй уулзсан.
Эгч нь аавдаа зориулж энэ боломжийг ашиглаад үг дайх гэсэн юм гээд "Амралтын өдрөөрөө очиж чадаагүйд уучлаарай. Үргэлж биднийхээ түшиг болж, одоо ч хөдөлмөрлөсөөр яваа танаараа маш их бахархдаг шүү. Урт удаан, эрүүл саруул насалж байгаад баярлалаа. Тандаа охин нь маш их хайртай шүү" хэмээн хоолой зангируулан хэлснээр бидний яриа өндөрлөв.
1990-ээд оны эрээн даашинзтай 20 настай хонгор зүстэй Хандаа одоо олон мянган хүүхдийн хүйн ээж болжээ. Яг одоо ч тэр хэн нэгнийг эх барьж, аль нэг айлд аз жаргалыг нь тэврүүлж байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!