Д.Батлут: Улаанбаатар хотыг 14 хот болгох, цаашлаад аймгуудыг хотын статустай болгох хууль одоо хэрэгжвэл Үндсэн хууль зөрчинө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 54 секунд

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 05-нд батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль ирэх сарын 01-нээс эхлэн хэрэгжихээр байгаа билээ. Тэгвэл хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хангагдаагүй, олон нийтэд мэдээлэл хангалтгүй хүрсэн зэрэг шалтгаанаар дээрх хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудал яригдаж эхлээд буй юм. Энэ талаар УИХ дээр байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Батлуттай ярилцлаа.

-УЛААНБААТАР ХОТЫГ 14 ХОТОД ХУВААХДАА ХИЛ ХЯЗГААРЫГ ХЭРХЭН ТОГТООХООС АВХУУЛААД ОЛОН ЗҮЙЛ ТОДОРХОЙГҮЙ БАЙГАА-

- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжих гараан дээрээ багагүй хэл ам дагуулж эхэллээ. Хуультай дэлгэрэнгүй танилцаж, санал, зөвлөмж өгөх үүрэгтэй ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд гол асуудал юунд байна гэж хэлэх вэ?

- Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор УИХ-ын даргын 82 дугаар захирамжаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх, цаашлаад санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг миний бие ахалж байна. Хуульд дутуу зүйлс маш их байна гэж судалсан. ЗГХЭГ болоод нийслэл, бусад албаны хүмүүс хороондоо мэдээллээ нэгтгэж чадаагүй байна. Тал талын өнцгөөс асуудалд хандаж байгаа нэгдмэл, нэг агуулгыг зангидаж чадахгүй байгаа нь илэрхий байна. Яг үнэндээ бэлтгэл ажлыг хангуулсан ямар нэгэн зүйл хийгдээгүй.

Жишээ нь, Улаанбаатар хотыг 14 хотод хуваахад аль аль хороод ямар дүүрэг рүү хэрхэн шилжихээс авхуулаад хил хязгаарыг нь яаж тогтоох, түүнд холбогдох эрх зүйн орчин нь хэрхэн өөрчлөгдөх зэрэг олон зүйлүүд тодорхой бус байна. Иргэд ч энэ талын мэдээллээр бүрэн хангагдаагүйгээс хэвлэлийн мэдээлэлтэй л байна шүү дээ. УИХ-ын гишүүд нь мэдээлэлгүй байхад иргэд мэдэхгүй байх нь аргагүй байх. Энэ асуудал явсаар Үндсэн хуулийн зөрчилтэй тулах магадлал маш өндөр.

-ХУУЛЬ ХЭРЭГЖВЭЛ ОДОО БАЙГАА ТӨЛӨӨЛЛИЙН ЗАРЧИМ АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ-

-Яагаад?

- Орхон аймгаар ганцхан жишээ авч үзье л дээ. Манай аймаг засаг, захиргааны анхан шатны 29 нэгжтэй. Хоёр сумтай аймаг. Энэ хуулиар бол хоёр сум, аймгийг татан буулгахгүйгээр хот болгоно. Ингэхдээ хотын зөвлөлд нийт эрхийн 99 хувь шилжихээр хуульд зохицуулсан байгаа юм. Үндсэндээ 2019 онд хийсэн ҮХНӨ-ийн 57.2-т "Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно" гэж тусгаж өгсөн байдаг хэдий ч дээрх хуулийг яг өнөөдөр хэрэгжүүлэх гэхэд бодит байдалтай зөрчилдөхөөр олон асуудлууд байна гэж үзсэн.

Орхон аймгийн ИТХ 41 мандаттай. Тэдгээр төлөөлөгчид бүрэн эрхийн дөрвөн жилээ сонгогчдоороо баталгаажуулаад ажиллаж байна. Орхон аймгийн Жаргалант сум 21 төлөөлөгчтэй. Баян-Өндөр сум маань 29 төлөөлөгчтэй. Аймаг, сумын нийлсэн нийт 91 төлөөлөгч Орхон аймагт сонгогдоод ажиллаж байна гэсэн үг. Гэтэл хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зургаадугаар сарын 01-нээс хэрэгжиж, 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хот албан ёсоор байгуулагдаад явах гэхээр хотын зөвлөлд энэ эрхийг шилжүүлэх болж байгаа. Хотын зөвлөл нь хуулийн зохицуулалтаар бол 200 мянгаас доошгүй хүн амтай бол 21 төлөөлөлтэй байхаар заачихсан. Тэгэхээр 91 төлөөлөлтэй Орхон аймаг 21 төлөөлөлтэй болж буурна гэсэн үг. Тэгвэл дөрвөн жилийн бүрэн эрх хэрэгжүүлэхээр сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчийг хэрхэх нь тодорхойгүй болчхож байгаа юм. Дээр нь 21 төлөөлөлтэй боллоо гэхэд хаана бүрэн эрх нь хэрэгжиж явах зохицуулалтыг тусгаагүй юм билээ. Тиймээс төлөөллийн хувьд асар том зөрчил бий болно. Энэ нь төлөөллийн зарчим алдагдах эрсдэлтэй. Энэ асуудал ҮХЦ дээр маргаан болж, зөрчил болох нөхцөл байдал байна гэж дүгнэж байгаа.

-ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХУВЬД ДЭМЖИЖ БАЙГАА-

-Улаанбаатар хотыг 14 хэсэгт жижиглэж, хотын захирагчаа иргэд өөрсдөө сонгодог болох, цаашлаад бие даасан төсөвтэй, эрх зүйн зохицуулалттай болох агуулга хуульд бий. Одоо байгаа эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах концепц гэж зарим нь тайлбарлаж байна. Та юу гэж харж байгаа вэ?

- Хамгийн наад захын асуудал нь 14 хот 14 бие даасан төсөвтэй болно. Төсвөө хэрхэн бүрдүүлж, хэрхэн захиран зарцуулах вэ гэдэг асуудал тодорхой судалгаатай, төлөвлөлттэй байх ёстой. Одоогийн хуулиар бол дүүрэг, сум төсвөө баталдаг. Гэтэл хот яах вэ гэдэг нь сонин. БЗД, ХУД-ээс төсвөө бүрдүүлэх юм уу гэх зэргээр эргэлзээтэй асуудлууд олон байна.

Орон нутгийн зэрэглэлтэй хотын асуудлыг авч үзье. Өмнөговь аймгийн Даланзадгад хот улсын биш орон нутгийн зэрэглэлтэй болох учраас нутгийн зөвлөл нь 15 төлөөлөгчтэй болно. Одоо байгаагаасаа бага. Энэ мэт шат шатандаа том зөрчлүүд дагуулахаар байгаа.

Хоёрдугаарт, иргэдэд хуулийн агуулгыг маш сайн ойлгуулах шаардлагатай байна. Үндсэн хуулийн хүрээнд биш, дагалдах органик хуулиудаар энэ асуудлыг шийдвэрлэхээр бол иргэд хэрхэн хүлээж авах, цаашлаад ямар хүндрэлүүд үүсэх вэ гэдгийг анхаарах ёстой болчхоод байгаа юм. Мэдээж нийслэл 14 хотод хуваагдах юм бол хотын иргэншил, дэд бүтэц, хаягжилт, улсын бүртгэлтэй холбоотой асар олон зүйлийг шинэчлэх шаардлага гарна. Үүнийг яаж зохицуулах вэ. Хэрэгжүүлэх төсөв санхүү өнөөдөр бидэнд бий юу.

Өнөөдөр улсын ирэх оны төсвийн төлөвлөлт аль хэдийн хийгдээд явж байна. Түүнд хотын статустай болохтой холбоотой ямар нэгэн саналууд орж ирээгүй л байна. Бодит нөхцөл ийм л байна. Түүнээс биш хот болохгүй байх тухай асуудал огт яриагүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Төрийн үйлчилгээг хялбарчилж, иргэдэд илүү ойртуулах гэсэн агуулгад санал нэг. Гэхдээ нөхцөл байдал нь өөрөө хуулийн зөрчилтэй, хоорондын уялдаа холбоог хангах зохицуулалт огт хийгдээгүй, төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлуудаа ч гэсэн нэг талд гаргаж шийдээгүй байгаа учраас ойрын хугацаанд хэрэгжихэд боломжгүй хууль гэж харж байгаа.

-Танай ажлын хэсэг энэ асуудлаар хуралдсан уу, хойшлуулах санал гаргахаар бол хэдий хугацаатай гэж ярилцаж байгаа вэ?

- Өчигдөр манай ажлын хэсэг хуралдсан. Гэхдээ хурлаар хойшлуулах тодорхой хугацааг бол яриагүй. Харин хойшлуулах нь зүйтэй гэдэгт гишүүд дэмжсэн байр суурьтай байсан. Хуульд байгаа зөрчилтэй гэгдэх олон асуудлыг тойрч хэлэлцсэн байгаа. Ирэх долоо хоногт бид дахин хуралдаж хойшлуулах асуудлаа шийдэхээр ярилцаж, ЗГХЭГ-т энэ мэдээллээ өгсөн байгаа. Харин ЗГ-ын ээлжит хуралдаанаар хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хойшлуулах саналаа оруулж ирэх гэж байгаа юм байна гэж ойлгосон. Харин сунгасан хугацаандаа ЗГ манлайлж, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажилд анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

-Хуулийн төслийг ерөнхий зургаар нь харахаар Улаанбаатар хотын төлөвлөлтийг гол болгоод орон нутгийн төлөвлөлтийг илээд өнгөрсөн байдлаар харагдаад байна л даа?

-Та их зөв анзаарсан байна. Хуулийг хийхдээ орон нутгийн асуудлуудыг нарийн судалж, ажиллахгүйгээр боловсруулсан гэдэгтэй санал нэг байгаа. Яг үнэндээ, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргахтай холбоотой асуудалд илүү ач холбогдол өгчихсөн. Тиймээс хуулийн зохицуулалтуудыг эргэж харахгүй бол орон нутгийн асуудал хуулийн зөрчил дунд маргаан үүсээд л хаягдахаар байгаа юм.

-УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БОЛБОЛ ЭМЧ, БАГШ ЗЭРЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ БАЙХГҮЙ БОЛНО-

- Мөрдөгдөж байгаа олон хуулиудыг үгүйсгэх магадлал ч харагдаж байна. Тухайлбал, орон нутагт ажиллаж байгаа багш, эмч нарын урамшууллыг яах вэ гэдэг наад захын асуудал үүснэ. Ялангуяа улсын зэрэглэлтэй хотын түвшинд энэ зохицуулалт үйлчлэхгүй байх нөхцөл бий болохоор байна шүү дээ. Та орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд асуудлыг олон талаас нь харж анхаарч байгаа байх. Төрийн албан хаагчийн цалин, нийгмийн баталгааны асуудал энд хөндөгдөх үү?

-Үндсэн хуульд Монгол Улс аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороодод хуваагдана гэснээс хот гэдэг нэршил байхгүй. Гэхдээ хотын эрх зүйн байдалтай холбоотой асуудлыг гаргаж ирж байгаа нөхцөл нь Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн эрх шилжүүлсэн хэлбэрүүдээр үйл ажиллагааг зохицуулна гээд хууль батлаад байгаа боловч нөгөө эмч, багш зэрэг төрийн албан хаагчидтай холбоотой асуудлыг орхигдуулчихсан. Тиймээс багш, эмч нар зэрэг төрийн албан хаагчдын нийгмийн асуудлууд хот гэдэг үгэнд харъяалагдахаар хохирох эрсдэлтэй болно. Хэрэгжүүлж байгаа өөр олон хуулиуд бий. Тэр бүгдтэй мөргөлдөж, зөрчилдөөд, цаашлаад үгүйсгээд байх нь улам л төвөгтэй байдал руу оруулна гэсэн үг.

-Хотууд зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэн эрх нь төсөв батлах, төлбөр, татвар, хураамжаа тогтоох гээд томоохон эрх мэдлийг эдлэхээр байгаа нь хэр оновчтой вэ? үүний ард бие даасан төсөв бүрдүүлэхийн тулд татвар, төлбөр, хураамжаа нэмэгдүүлж иргэдийг бүсээ чангалах нөхцөл рүү оруулах юм биш биз гэсэн болгоомжлол ч нийгэмд байна шүү дээ?

-Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөлийг харвал үнэхээр дагуул хотуудыг бий болгох, хэт төвлөрлийг задалж хөгжүүлэх цаг нь болсон. Тиймээс энэ концепцоор бол Зөвлөлийн чиг үүрэг нь боломжийн гэж харж байна. Хүмүүсийн амьдралд тулгамдаж байгаа өдөр тутмын асуудлыг шийдвэрлэж, төрийн үйлчилгээг ойртуулах шийдлийг гаргахаар ийм зохион байгуулалтыг хийсэн байх гэж харж байгаа.

Ер нь бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг нэг мөр хийчих ёстой байсан. Тухайлбал, Монгол Улс засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хоттой байх гэдгийг тусгачихсан байсан бол өнөөдөр аймаг орон нутагт хуулийн хэрэгжилтийг хангуулахад ямар нэгэн асуудал гарахгүй байх байсан.

-Яаруу, сандруу хийсэн эрэмдэг хуулиудыг засахыг тулд Үндсэн хуульд ойр ойрхон га дүрэх нь хэр зохимжтой вэ. Зүй нь Үндсэн хуульд нийцүүлсэн хууль тогтоомжийг гаргаж баталгаажуулах үүрэгтэй шүү дээ. Эсрэгээрээ гаргасан хуульдаа тааруулж эцэг хуульдаа өөрчлөлтүүд оруулаад байх нь буруу биш үү?

-Шинэ хот байгуулахтай холбоотой засаг захиргааны нэгж биш эрх шилжүүлсэн хэлбэрээр явах гэж бид оролдоод байна шүү дээ. Гэтэл энэ нь явсаар Үндсэн хуулийн зөрчил рүү орчих гээд, нөгөө талаас хэрэгжилт нь хөрсөн дээрээ буухгүй, санхүүгийн хувьд шийдэл нь бүрхэг байгаа нөхцөлд шаардлагатай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах л хэрэгтэй. Тэр нь өөрөө нийтлэг эрх ашиг, иргэн хүний тусын тулд л байх ёстой гэж боддог доо.

Ярилцсанд баярлалаа

Хуримтлалаа нэмээд Ази тивээр аялах эрхийн эзэн болоорой
Хуримтлалаа нэмээд Ази тивээр аялах эрхийн эзэн болоорой
 
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан эмэгтэй “Гомдолгүй” гэж мэдүүлсэн тохиолдолд ч шийтгэл оногдуулна
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан эмэгтэй “Гомдолгүй” гэж мэдүүлсэн тохиолдолд ч шийтгэл оногдуулна
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!