Ургамал, ногоо ургахтай зэрэгцэн зун, намрыг дуустал хүмүүсийг зовоодог зүйл бол харшил. Хамар битүүрч, нүд загатнаж, шингэн нус гарах, хоолой сэрвэгэнэх зэрэг шинж тэмдэг тасралтгүй үргэлжлэн урин дулааны улирлын сайхныг мэдрэх боломж олгодоггүй гэж хэлж болно. Мэргэжлийн эмч нар харшлаа сэдрэхээс өмнө хаврын цагт эмнэлэгт хандаж, улирал угтсан эмчилгээг хийлгэхийг зөвлөдөг ч эхлэхээс нь өмнө эмнэлэг зорьдог хүн цөөхөн. Тиймээс бид "Эффект" харшлын эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлахтай ярилцлаа.
-Ургамлын харшлын улирал эхлэх гэж байна. Яг энэ цаг үед бид юун дээр анхаарах ёстой вэ. Харшил хөдлөхөөс нь өмнө урьтаж эмчлүүлэх нь ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өгөөч?
-Монгол оронд ургамлын тоосны харшил хамгийн түгээмэл тохиолддог. Энэ бол амьсгалын дээд замын буюу хамрын болон нүдний харшлын шинж тэмдгээр голчлон илэрдэг. Яг одоо бол модны тоосны харшил ид эхэлж байна. Өөрөөр хэлбэл, мод цэцэглэж, тоос хүртэх энэ цаг хугацаа явагдаж байгаа. Тун удахгүй хус модны тоосжилтын цаг үе эхэлнэ. Энэ үед бол бүр илүү их шинж тэмдэг илэрдэг. Түүний дараа модны цагаан хөвөн гарч эхэлдэг. Яг тэр үед өвсний буюу үет ургамлын тоосжилтын үе эхэлдэг. Энэ үед бас хүмүүсийн харшил их сэдэрдэг. Ингээд наадмаас хойш бол хөл газрын ургамал буюу шарилж, лууль, багваахай болон бусад ургамлуудын тоосны харшил хүчтэй хөдөлдөг. Тиймээс хаврын улиралд ургамлын тоосны харшил эхлэх энэ үеэс хүмүүс эмчилгээний аргуудыг судалж эхэлдэг. Тэгэхээр ургамлын тоосны харшлыг эмчилдэг дархлаа эмчилгээ гэж байдаг. Энэ эмчилгээний арга нь хоёр янз байгаа. Нэг нь улирал угтуулсан эмчилгээ нөгөөх нь жилийн турш үргэлжилдэг эмчилгээ гэж байдаг. Улирал угтуулсан дархлаа эмчилгээг хийлгэх тохиромжтой цаг үе нь яг өдийд эхэлдэг. Гэхдээ тухайн хүн ямар ургамлын харшилтай вэ гэдгээс хамаарна. Тухайлбал, үет ургамал буюу өвсний тоосны харшилтай хүмүүс эмчилгээг одоо эхлэхэд тохиромжтой байдаг. Харин шарилжны харшилтай хүмүүс тавдугаар сарын сүүлээр эхэлбэл илүү тохиромжтой байх жишээтэй.
Улирал угтуулсан эмчилгээ хийдэг арга нь өөр өөр байдаг. Зарим нь тарих эмчилгээгээр хийдэг. Ихэнх тохиолдолд хэлэн доорх дархлаа эмчилгээ гэж байдаг. Тухайн мэдрэгшсэн ургамлын тоосны экстрактаас нь бэлтгэсэн бэлдмэлийг хэлэн доор нь дусаах, цацах, шахмалаар хэлэн доор тавьж уусгах хэлбэрээр голдуу хэрэглэдэг.
-Улирал угтуулсан эмчилгээг хугацаанд нь хийлгэвэл тэр жилдээ харшил нь хөдлөхгүй гэж ойлгож болох уу. Ер нь харшил бүрэн эдгэрнэ гэж байдаг болов уу?
-Хавар улирал угтуулж хийж байгаа дархлаа эмчилгээ бол тухайн харшил төрүүлэгчтэй дархлааны урвал үзүүлэх нь суларна гэсэн үг. Энэ эмчилгээг тогтсон хугацаанд нь 3-5 жил үргэлжлүүлж хийлгэж байж харшлын шинж тэмдэг нь багадаа 10-15 жилээр намжилтад ордог.
-Хус модны тоосжилтын үеийн харшил эхлэх гэж байна гэлээ. Энэ үед ийм төрлийн харшилтай хүмүүс юун дээр анхаарах ёстой вэ. Идэж, ууж болохгүй зүйлүүд нь юу вэ?
-Хус модны тоосжилтын харшилтай хүмүүст хамар, нүдний шинж тэмдэг илэрнэ. Энэ цаг хугацаанд аль болох модонд ургадаг жимснүүдийг идэхгүй байх хэрэгтэй. Алим, лийр, чавга, тоор, киви зэрэг жимснүүдийг хэрэглэхээр шинж тэмдэг нь улам хүндэрдэг. Үүнээс гадна хүмүүс харшлаа намдаах зорилгоор хусны модны шүүс ууж, хусны чага мөөг ихээр хэрэглэдэг. Гэтэл энэ бүтээгдэхүүнүүд нь эсрэгээрээ хус модны тоосны харшлыг маш хүчтэй сэдрээдэг.
-Сүүлийн жилүүдэд жилдээ нэг удаа тариулдаг тариаг сонгож, эмчийн зааваргүйгээр хийлгэдэг болсон. Хаврын улиралд ургамлын тоосны харшлаас урьдчилан сэргийлээд нэг удаа тариулчихаар нэг жилдээ харшил хөдөлдөггүй ам дамжсан яриа олон хүнийг энэ тариаг сонгоход хүргэж байна. Гэтэл мэргэжлийн эмч нар энэ тариаг зөвлөдөггүй. Шалтгаан нь юу юм бол?
-Энэ бол удаан үйлчилгээтэй дааврын бэлдмэл эмчилгээ. Уг нь бол гормон эмчилгээ, дааврын бэлдмэл эмчилгээ маш сайн эмчилгээ байдаг. Гэхдээ ямар эмчилгээг хэзээ хийх вэ гэдгээсээ хамаардаг. Харшлын улирал эхлэхээр хүмүүсийн дунд нийтлэг яригддаг цагаан тарианы асуудал байдаг. Энэ бол удаан үйлчилгээтэй үрэвслийн эсрэг дааврын эмчилгээ. Энэ тариаг хийлгэхээр тухайн үедээ буюу сар хагасын дотор харшлын шинж тэмдэг маш сайн дарагдах ч хоёр сарын дараагаас маш хүчтэй гаж нөлөөнүүд гарч ирдэг. Нэгдүгээрт ус, эрдсийн солилцооны өөрчлөлтүүд гарч ирдэг. Ингэснээр яс сийрэгжилт нэмэгдэж бусад эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүд гарч ирнэ. Нүдний болор цайж, хуурамч таргалалт үүсэхээс эхлээд бэлгийн дааврын өөрчлөлт хүртэл явагддаг. Ингэснээр сарын тэмдэг 2-3 сараар саатна. Энэ өөрчлөлтүүд яг тариа хэрэглэсний дараа биш сараас 2 сарын илэрч эхэлдэг учраас хүмүүс анзаардаггүй. Энэ тариа харшлын тариа биш олон эртхэн тогтолцооны олон хүнд шинж тэмдэг илэрсэн үед эмчийн жорын дагуу л хэрэглэх ёстой.
-Эмч нар зөвлөдөггүй тариаг өөрсдөө дур мэдэж л хийлгэдэг юм байна тэ?
-Тийм. Олон нийтийн сүлжээнд хүмүүс нэгэндээ зөвлөж, дур мэдэн хийлгэдэг. Энэ бол байж боломгүй зүйл.
-Тарианаас гадна олон төрлийн эм бэлдмэлийг цахим орчинд нэгэндээ зөвлөж, эмчийн зааваргүйгээр ууж хэрэглэдэг. Үүнээс үүдэж гарах сөрөг нөлөө нь хэр их байдаг вэ?
-Харшилтай хүн заавал мэргэжлийн эмчид үзүүлсний дараа тохирсон эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Жил болгоны харшлын шинж тэмдэг өөр өөрөөр илэрч болно. Шинж тэмдгийн хүнд , хөнгөний зэрэг ч гэж байдаг. Тэр бүү хэл тэр өвчин өөр ямар өвчнүүдтэй хавсран тохиолдож байна гэдгээс шалтгаалаад эмчилгээнүүд нь өөр өөр байдаг. Гэтэл манайхан би эм уусан сайн байсан гээд өөр хүмүүст зөвлөөд байдаг. Иймэрхүү байдлаар өөрт тохирохгүй эмчилгээг өөртөө дур мэдэн хийх нь үр дүнгүйн дээр эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг. Зарим үйлчлүүлэгчид өнгөрсөн жил ийм эм хэрэглэж байсан. Энийгээ л хэрэглэн гээд байдаг. Гэтэл тухайн жилийн ургамлын тоосны харшлын хүндийн зэрэг, хөдлөх цаг хугацаа, хавсран тохиолдол эмгэгүүдээс эмчилгээний арга барил нь өөр өөр байдаг учраас жил бүр үзүүлээд яг өөрт тохиорох эмчилгээгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг.
-Харшил хүнийг маш их стресстүүлж, хямраадаг учраас хүмүүс сайн гэсэн болгоныг л туршиж үздэг. Сүүлийн жилүүдэд голионы бөгс сорж, царцааны бэлдмэл уухыг их зөвлөдөг болсон. Энэ аюулгүй, үр дүнтэй арга байж чадах уу?
-Хүмүүс голионы бөгс сорж, царцааны бэлдмэл хэрэглээд миний харшил зүгээр болсон гэж яриад байдаг. Гэтэл харшил гэдэг нь хүний дархлаа системд орсон маш том, хүчтэй өөрчлөлт. Тухайн хүний дархлаа тэр харшил төрүүлэгчийн эсрэг хэт хүчтэй хариу урвал үзүүлж тэр нь үрэвслийн шинжээр илрээд байгаа хэлбэр. Тэр өөрчлөлт бол голионы бөгс, царцааны бэлдмэлээр засагддаг зүйл биш. Энэ бол ташаа ойлголт.
-Тэгэхээр голионы бөгс сорж, царцааны бэлдмэл хэрэглээд миний харшил зүгээр болсон гэж яриад байгаа хүмүүс худлаа яриад байна гэсэн үг үү?
-Ургамлын тоосны харшил жил бүр өөр өөрөөр илэрдэг. Зарим жил зарим хүмүүсийн шинж тэмдэг их хүнд илэрдэг. Зарим жилд нь бараг илэрдэггүй. Энэ нь тухайн үеийн цаг уурын онцлог, ургамлын цэцэглэлт, ургалтын байдалтай холбоотой байж болно. Тухайлбал, таны харшлыг сэдрээдэг ургамлын ургалт тухайн жил бага байвал харшлын шинж тэмдэг нь бага илэрч зарим тохиолдолд бүр хөдлөхгүй ч байж болно. Тэгэхээр яг тэр шинж тэмдэг нь хөнгөн илэрч байгаа үеийг нь тааруулж голионы бөгс сорж, царцааны бэлдмэл хэрэглээд миний харшил зүгээр болсон гэж яриад хүмүүсийг төөрүүлээд байгаа болов уу гэж бодож байна. Энэ бол шинжлэх ухаанаар бүрэн нотлогдоогүй эмчилгээ. Хөгжингүй орнуудад ийм эмчилгээг хүлээн зөвшөөрдөггүй. Манайхан л цахим орчинд нэгнээ уриалаад, өөр дээрээ туршиж үзээд яваад байдаг.
Голионы бөгс сорох нь өөртөө янз бүрийн шимэгчийн халдвар авах эрсдэлийг дагуулдаг учраас тийм зүйлд битгий итгээрэй гэж онцгойлон анхааруулмаар байна.
-Харшил удамшдаг гэж сонссон юм байна?
-Тийм. Харшлын өвчний 60-70 хувь нь удамшлын байдаг. Эцэг эх нь харшилтай бол хүүхэд нь харшлын суурьтай төрдөг учраас хүүхдүүдэд харшил эрт тохиолддог. Харшилтай нийт хүн амын дийлэнх нь хүүхэд, залуучууд байдаг.
-Харшил хөдлөхөөр хүмүүс эмнэлгийг бус эмийн санг зорьж, резин, хлорфенамин гэх мэт түгээмэл хэрэглэгддэг эмүүдийг аваад уучихдаг. Энэ байдал олон жил үргэлжилбэл ямар эрсдэлийг дагуулдаг вэ?
-Харшлын өвчин шинж тэмдэг нь хөнгөн юм шиг санагддаг учраас хүмүүс хүссэн эмийн сангаасаа дурын эмээ өөрсдөө сонголт хийж аваад хэрэглээд байгаа нь буруу. Харшил хөнгөн юм шиг боловч хүндэрсэн тохиолдолд амь насанд аюултай байдалд хүргэдэг өвчин. Тийм учраас өөрсдөө дур мэдэж эмчилгээ битгий хийгээрэй гэж хэлмээр байна.
-Бидний урилгыг хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!