ТЭЭВРИЙН ПРОКУРОР: Жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодсон хүмүүсийн ихэнх нь 30-39 насныхан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны эхний 4 сарын байдлаар судалсан байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 144 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өсжээ.

Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн нийт 144 хүнийг насны байдлаар нь авч үзвэл 49.3 хувь нь 30-39 насныхан бөгөөд 97.3 хувь нь эрэгтэй байна. Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт дээд болон бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.

Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 66.6 хувь нь өдрийн цагаар, 33.3 хувь нь шөнийн цагаар буюу 22-06 цагийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс 104 хүнд торгох ял, 15 хүнд 6 сараас 1 жилийн хугацаагаар хорих ял, 12 хүнд Зорчих эрхийг хязгаарлах ял, 7 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 6 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.

Дээрх 144 хүнд оногдуулсан Эрх хасах нэмэгдэл ялын хувьд 14 шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар, 1 шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар, 69 шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар, 1 шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар, 59 шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна.

Тээврийн прокурорын газраас “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн улмаас бусдад 4.5 сая төгрөгийн хохирол учирсныг шүүхийн өмнөх шатанд бүрэн нөхөн төлүүлжээ.

Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялгаварлан гадуурхалт дунд амьдарч байна
Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялгаварлан гадуурхалт дунд амьдарч байна
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!