СУРВАЛЖИЛГА: Арилжааны банкууд ам.доллар “түгжиж“ валют арилжааны төвүүдэд ханш чангарч, Монголбанкаас зөрж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 3 секунд

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тасралтгүй чангарч байна. Гэвч өнөөдрийг хүртэл гурван ханштай явсаар ирсэн нь бичигдээгүй хууль шиг болж дунд нь иргэд хохирч байна.

АРИЛЖААНЫ БАНКУУД 5 МЯНГААС ДЭЭШ АМ.ДОЛЛАР ЗАРАХГҮЙ ГЭВ

Монголбанкны зарласан албан ханшаар нэг ам.доллар 3406 төгрөг байхад арилжааны банкууд 3423 төгрөг бол найман шарга төв 3432 төгрөгөөр арилжиж байгаа юм. Иргэдийн хувьд аль болох хямд үнээр доллар солиулахаар арилжааны банк ороод хоосон хаалга мөргөж “найман шарга” төв орохоос өөр сонголтгүй болж байна. Учир нь арилжааны банкууд валют гаргахгүй, зарим нь лимит тогтоожээ. Учир нь нөөц байхгүй гэнэ. Ингээд зарим банкаар орлоо.

Хаанбанк /Тэнгис салбар/ 15:00 цагийн орчимд ороход оочир ихтэй байна. Энэ дунд бэлэн мөнгө барьсан хүн ч цөөнгүй харагдлаа. Харин банкны зүгээс 2500 ам.доллар хүртэл гаргаж байгаа бөгөөд 5000 ам.доллараас дээш арилжаа хийх боломжгүй. Учир нь нөөц байхгүй гэнэ. Ийм байдлаар хоёр долоо хоног болж байгааг банкны ажилтан хэлсэн юм.

Худалдаа хөгжлийн банк /Тэнгис салбар/ долларын арилжаа хийхгүй гэв. Гэхдээ 5000 ам.доллараас доош доллар гаргаж болно гэдгийг банкны ажилтан хэлсэн. Харин иргэдийн хувьд заасан лимит болох 5000 буюу түүнээс дээш ам.доллар авах хэрэгцээ байгаа ч энэ нь боломжгүй аж.

Голомт банк /найман шарга төвийн салбар/ 14:50 цагийн орчимд доллар гаргахгүй, өнөөдрийн нөөц дууссан гэв.

Төрийн банк: /найман шарга төвийн салбар/ 14:40 цагийн орчимд доллар гарахгүй гэв. Банкны зүгээс нөөц байхгүй гэх тайлбарыг өгөөд өчигдөр ч бас доллар гаргаагүй болохыг хэлсэн.

Валют арилжааны гол төв болох “Найман шарга”-д нэг ам.долларыг өнгөрсөн долоо хоногт 3432 төгрөгөөр авч 3440 төгрөгөөр зарж байсан бол өнөөдөр 3435 төгрөгөөр авч 3445 төгрөгөөр зарж байна. Мөн юань 480 төгрөгөөр авч 486 төгрөгөөр арилжиж байгаа юм.

ДОЛЛАР ХОВОРДСОН НЬ ХАНШ ЧАНГАРАХЫН ДОХИО!

Төв банкнаас зарласан ам.долларын албан ханш 3406 төгрөг байгаа бол валют арилжааны төвүүдэд бараг 40 төгрөгөөр илүү зөрүүтэй арилжиж байна. Харин “Найман шарга” төвийнхөн төв банкны зарласан ханшийг “хэзээ ч барьдаггүй” гэв. Харин доллар элбэг үед ханш унаж, төгрөг чангардаг бол эрэлт ихэсч, доллар ховордох үед үнэ нүд эрмэх зуур өсдөг болохыг тэд тайлбарлаж байлаа.

Цаашид ч доллар чангарах дохио энэ өдрүүдэд ажиглагдах болсныг тэдний төлөөлөл н.Саруул /нэрийг өөрчлөв/ хэллээ.

Тэрбээр “Арилжааны банкууд доллар гаргахгүй байна. Нөөц байхгүй гэх шалтгаанаар их хэмжээгээр доллар гаргахаа больсон. Бид банканд танилгүй л юм бол 10 мянган доллар авах боломжгүй. Харин банк доллар гаргахгүй барьж байгаа нь цаашид доллар өсөхийн л дохио. Одооноос л бага, багаар нэмэгдээд эхэлсэн байгааг та харж байна шүү дээ” гэв.

Ханш минут секундээр байнга савалж, өснө үү гэхээс буухгүй гэдгийг ченжүүд ярьж байна. Тэдний зүгээс “Долларын ханш нэг өдрөөр хэмжигдэхгүй. Зүрхний цахилгаан бичлэг шиг л минут секундээр хэлбэлзэж байнга савлаж байна.

Долларын үнэ өсөх бүрт бараа, бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлнө. Манайх үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон учраас долларын үнэ тогтвортой байсан түүх байхгүй.

Сүүлийн үед арилжааны банкууд доллар гаргахгүй байгаа. Энэ нь үнэ өсөхөд нөлөөлж байна. Мөн бэлэн мөнгөөр доллар солиулдаг хүн ховордсон” гэлээ.

Хүмүүс доллар үнэтэй байна”, “юань 500 төгрөг болох нь” зэргээр шагширцгааж, байгаа хэдэн төгрөгөө ихэнх нь юань, доллар болгож байгаа харагдсан. Арилжааны төвүүдийн орчимд доллар илүү хямд үнээр солиулахаар яваа хүмүүс ч цөөнгүй.

Тэдний нэг болох залуу хос 100 доллар солиулахаар барагцаагаар 200 гаруй мянган төгрөгтэй найман шарга төвд ирсэн ч 343,200 төгрөг болжээ. Иргэн Г.Очир “Доллар үнэтэй байна. Ээж маань гадагшаа аялах гэж байгаа болохоор 100 доллар өгье гэж бодсон ч мөнгө дутаж байна. “Найман шарга”-д нэг ам.долларыг маш үнэтэй авч байгаа юм байна. Банк нь илүү хямд байх” гээд банк орохоор цааш явлаа.

Одоогоор арилжааны банкууд доллар гаргахгүй байгаа шалтгаан нь тодорхойгүй байгаа бололтой. Арилжааны банкуудын зүгээс нөөцгүй болсон нь гадаадаас доллар орж ирэхгүй байгаатай холбон тайлбарласан ч төвбанкны зүгээс гадаад валютын нөөц хангалттай тул доллар ховордох хэмжээнд хүрээгүй тухай тайлбар мэдээллийг өгсөн.

Тус банкны зүгээс “Гадаад валютын нөөц хангалттай байгаа бөгөөд ам.долларын өсөлтийг ажиглаж байна” гэх тайлбар өгсөн. Тус банкны өгсөн мэдээллээр ам.доллар өсч буй шалтгаан нь нэгт, олон жилийн дунджаар улирлын шалтгаантай буюу өвлийн бэлтгэл, худалдаа үйлчилгээ зэрэг арав, арваннэг, арванхоёрдугаар сард ханш өсдөг. Хоёрт, импортын хэрэглээнээс шалгаалж болзошгүй аж.

2024 ОНЫ ТӨСВИЙН ТЭЛЭЛТ ЦАЛИН ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛ ӨНӨӨДӨР ГАДААД ВАЛЮТ ЧАНГАРАХ БАЙДЛААР ЭДИЙН ЗАСАГТ МЭДРЭГДЭЖ БАЙНА

Нөгөөтэйгүүр, төрөөс цалин тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх байдлаар төсвийн зардлыг тэлэх нь эргээд ам.доллар чангарч, төгрөг сулрах эрсдэл болсныг Банк санхүүгийн академийн эдийн засагч Ч.Сосорбарам ярив. Түүний хэлснээр 2024 оны төсвийн тэлэлтийн үр нөлөө өнөөдөр ам.доллар чангарах байдлаар эдийн засагт мэдрэгдэж байгаа аж.

Тэрбээр "2023 онд эдийн засаг сэргэж, макро үзүүлэлтүүд тогтвортой байсан бол 2024 он гарч экспорт өссөн дүнтэй байлаа. Нөгөөталд, хоёр удаа том зарлага гаргалаа шүү дээ. Нэгт, УИХ-ын сонгууль боллоо. Хоёрт орон нутгийн сонгуультай холбоотойгоор төсөв их хэмжээгээр нэмэгдсэн. Төсвийг тэлж, суурь цалин нэмэгдсэнтэй холбоотой энэ оны гуравдугаар сарын байдлаар импорт 28 орчим хувиар өссөн. Гэтэл төсвийн тэлэлт импортын бараа бүтээгдэхүүний цөм нь болж байна.

2024 онд төсвийг тэлж, цалин тэтгэвэр нэмэгдүүлсний үр нөлөө нь одооноос эхэлж байна уу гэж харж байна. Төгрөг суларч байгаа нь төсөв тэлж, импортын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж валютад дарамт үзүүлж байна.

Нөгөөталаас, валютын өсөлтийг улирлын шинж чанартай байна уу гэж харж байна. Оны төгсгөл болж байгаа учраас шинэ жил болон өвлийн бэлтгэл зэргээр валютад дарамт үзүүлж байна уу гэсэн нөхцөл байдал харагдаж байна.

Эдийн засагч хүний хувьд харахад ирэх онд төсөв 16 орчим хувиар нэмэгдэхээр суурь цалин илүү өсөх юм байна. Тэгэхээр гадаад валют өсөх, улмаар төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэж, үнэ тогтворгүй болно.

Мөн ханшийн өсөлтийг дагаад тогтворжиж байсан инфляци нэмэгдэх эрсдлүүд бий. Тэгэхээр төсвийн тэлэлт болон улирлын шинж чанартай худалдан авалт нийлээд тодорхой хэмжээгээр төгрөгийн ханшийг сулруулж байгаа болов уу гэж харж байна гэлээ.

ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ НЭМЭГДСЭН Ч ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ АЛДАГДАЛТАЙ ГАРАВ

Монголбанкны албан мэдээллийг харвал гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар байна. Энэ бол аравдугаар сарын дүн бөгөөд өмнөх сараас 0.87 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин есдүгээр сард валютын нөөц буурч 4.66 тэрбум ам.доллар байв. Төвбанкны зүгээс гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 795.2 сая ам.долларыг арилжааны банкнуудад ялгаатай ханшаар нийлүүлснийг мэдээлжээ. Харин бид гадагшаа аялж зугаалах, бизнес, худалдаа үйлчилгээ, эмчилгээ хийлгэх зэрэг олон шалтгаанаар гадаад валют солиулж байна. Энэ мэт олон шалтгаанаар төгрөг валют болж гадагшаа урссаар байна. Эргээд энэ нь төлбөрийн тэнцэлд алдагдал болох ТОМ ДАРАМТ үүсгэж байгааг үгүйсгэхгүй. Статистик мэдээллээр, энэ оны найман сард төлбөрийн тэнцэл 186.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Цаашилбал төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах нь төсвийн алдагдал болох ДОХИО!

МАН-ын бүлэг: Шинэчилсэн дүрэм, дэгээ баталлаа
МАН-ын бүлэг: Шинэчилсэн дүрэм, дэгээ баталлаа
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!